| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/03246/И |
| Дугаар | 102/ШШ2018/03258 |
| Огноо | 2018-10-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2018/03258
| 2018 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2018/03258
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч : Б.Г-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт сэргээлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхболор, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г, Л.Ннар сэтгэл нийлж, албан ёсоор гэр бүл болсон. Тэдний дундаас гарсан хүүхэд одоо 5 дугаар ангийн сурагч. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, зодоон цохион байгаагүй, бие биедээ туниж 2 тийшээ болж байсан. Л.Н, Б.Г 2-ыг муудалцахад нь би асуудлаа өөрсдөө шийд, сал эсвэл тулга тойрсон хэрүүл хийхгүйгээр хамт амьдар гэж хэлж байсан. Б.Г гэрээсээ явсан, Л.Нгэртээ хүүхэдтэйгээ үлдсэн. Удалгүй албан ёсоор салцгаасан байсан. Л.Н, Б.Г нар 2-лаа төрийн албанд ажилладаг байсан. Б.Г сүүлд Австрали руу нэг жилийн хугацаатай явсан. 2-лаа холбоотой байсан учраас Б.Г эргэж ирээд Л.Нтэй эвлэрч, зунаас хамт амьдрах болсон. Л.Ннь гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, надад итгэмжлэл олгосон. Би түүний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Нбид хоёр 2005 онд танилцаж, 2006 онд гэр бүл болж, 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү Г.Сүмбэр төрсөн. 2006 оноос 2011 оны хооронд би ОХУ-д хуулийн чиглэлээр сурч байсан. 2013 онд бид 2 маргалдаж, Л.Ннадад чамтай амьдармааргүй байна гэхээр нь би шаралхаад юмаа авч гэрээсээ явсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байсан. 2017 онд Л.Н2-лаа гэрлэлтээ цуцлуулъя гэж хэлсэн. Би түүнээс чи өөр хүнтэй болсон юм уу гэж асуухад чамд миний амьдрал хамаагүй гэсэн. Би ч зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Би тухайн үед цагдаад ажиллаж байсан. Цалин бага амьдралд хүрэлцэхгүй болохоор Австрали руу жилийн хугацаатай явж ажил хийсэн. Тухайн үед Л.Нбид 2 холбоотой байсан. Би эргэж ирээд хэн хэн маань өөр амьдралтай болоогүй учраас эвлэрч, хамт амьдарсан. Иймд бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ннь хариуцагч Б.Год холбогдуулан гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, гэрлэлтээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ сэргээлгэхийг хүссэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Б.Г нар нь 2005 онд гэр бүл болж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1056 дугаартай шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэжээ.
Зохигч хоорондоо харилцан эвлэрч, 2018 оны 7 дугаар сараас хамтран амьдарсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, гэрч С.Лувсаншаравын “2017 онд гэрлэлтээ цуцлуулсан. Энэ зун 7 сард ирээд нэг мэдсэн эргээд нийлчихсэн хамт амьдарч байсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлт цуцалсны бүртгэлийн 193 дугаарт бүртгэж, гэрчилгээг олгожээ.
Л.Н, Б.Г нар нь гэрлэлт цуцалснаас хойш өөр гэрлэлт бүртгүүлээгүй болох нь гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар нотлогдлоо.
Иймд Л.Н, Б.Г нар нь эвлэрч, 2018 оны 7 дугаар сараас хойш хамтран амьдарч, хэн аль нь эвлэрснээ хамтран илэрхийлж гэрлэлтийг сэргээхийг хүссэн тул нэхэмжлэлийг хангаж тэдний гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг”-ийн тэмдэгтийн хураамж хураахаар заасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.Н, Б.Гнарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ