Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
Хэргийн индекс | 174/2022/0136/Э |
Дугаар | 2022/ШЦТ/132 |
Огноо | 2022-07-07 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
Улсын яллагч | Х.Насанжаргал |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч Х.Насанжаргал,
Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******эд холбогдох 2230001500228 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... оны .... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газар оршин суух, урьд
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1, 123.3, 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ял,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, Х.Ү овогт Б-ийн Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 03 цагийн орчим ******* ******* улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), ”, мөн дүрмийн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эхэн хашаат" гэх газарт байх Ш.*******ийн гэрийг дайрч гэр дотор байсан Ш.*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2230001500228 дугаартай хэргээс:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, Далт гэх газар оршин суух хуурай дүү *******ын гэрт эхнэр *******гийн хамт очсон. Тэгээд *******, ******* нартай хамт 0.75 литрийн 2 шил архи, 0.5 литрийн 1 шил архийг хувааж уугаад, нэлээн согтсон. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. *******ын гэрээс *******ийн гэр лүү очсоноо санаж байна. Нэг мэдэхэд хүмүүс шуугиад хүн алчихлаа гээд явчихсан яг юу болсныг санахгүй байна. *******ийг машин доороос гаргаж ирсэн. Тэгээд түргэн дуудсан. Тухайн үед манай эхнэр *******, *******ын эхнэр , *******ийн эхнэр , түүний дүү нар хамт байсан. Согтолтой байсан учраас тасарсан. Юу болсныг санахгүй байна. Хохирлыг барагдуулна...” гэх /хх 107-108 дугаар хуудас/
Хохирогч Ш.*******ийн “...Манайх Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг "Эхэн хашаат” гэх газарт нутагладаг юм. 2022 оны 05 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед гэх хүн айлд халамцуу таарсан. Тэгээд манайд 23 цагийн үед , эхнэр болон манай хүргэн *******, *******ын эхнэр , хүү нарынхаа хамт ирсэн. Ирээд манайд цай хоол идэж уугаад би нэг шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи задлаад , ******* бид гурав хувааж ууж байсан. Архи талдаа орж байсан чинь ах гэнэтхэн гараад явсан. Би гэрийнхээ хойно сууж байсан чинь гадаа машин асах шиг болсон. Тэгээд ухаан алдсан нэг сэрсэн эмнэлэгт сэрсэн. ... нь хэн нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй” гэх /хх- 15-16 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ын “...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай хуурай ах манай гэрт ирээд бид нар хамт сууж байсан чинь хадам ах ******* айлаас буцаж яваа гээд манай гэрээр ирэхээр нь бид хамт ******* ахынд очиж хууч хөөрнө гээд хамт явцгаасан тэгээд ******* ах 1 шил архи гаргаад тэнд байсан хүмүүс хоорондоо юм яриад сууж байхаар нь би баруун орон дээр нь унтаад өгсөн. Тэр үед миний машиныг ах хөдөлгөөд айлын гэр дайрчихсан тэгээд миний машины хойд тал нь бага зэрэг хонхойсон. Надад эд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хх 19-20 дугаар хуудас/
Гэрч Д.*******гийн “...Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “Далт” гэх газарт байх хуурай дүү *******ынд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 16-цагийн үед очсон. Тэгээд хоол цай идээд *******, , бид нар 3 шил Хараа нэртэй архи уусан. 21 цагийн үед *******, Эрдэнэрагчаа, Эрдэнэчулуун нар *******ынд ирсэн. Тэгээд бид бөөндөө *******ийн гэр рүү нь явсан. Тэднийд очоод хоол унд идэж уугаад ******* нэг шил архи гаргасан. Тэрийг уугаад талд нь орж байхад *******, Эрдэнэчулуун нар унтаад өгсөн. Харин ******* гэрийнхээ хойд талд сууж байсан. Би баруун орны хөл дээр сууж байсан. Эрдэнэрагчаа, нар гэрийн зүүн урд талд аяга угаагаад сууж байсан. Харин гэрийн зүүн хойно сууж байгаад гараад явахаар нь буцаад ороод ирэх байлгүй гэж бодсон чинь гэнэт машин асаж хүүе, хаая гэхийн завгүй хөдлөөд *******ийн гэрийн хойд талаас нь араараа ухраад орж ирээд мөргөчихсөн. Тэгээд тэр хавиар юу болоод байгааг үнэндээ ухаанаа олохгүй самгардсан” гэх / хх 22-23 дугаар хуудас /
Гэрч Б.Эрдэнэчулууны “...Би 02 цагийн үед унтаад өгсөн. Гэнэт түжигнэх чимээ гараад сандраад сэрсэн. *******ын машиныг барьчихсан гэрийн хойноос ухраад дайраад ороод ирсэн байсан. Би сандарч босоод тэнд байсан хүмүүст тусалсан чинь ******* ах машины арын дугуйны доор орчихсон байсныг ******* машинаа хөдөлгөөд гаргаж авсан. Тэгээд эвдэрчихсэн гэр нь урд зүг рүү нураад уначихсан байсан. Би *******ын хамт сүлжээтэй газарт очиж түргэн дуудаад *******ийг эмнэлэгт хүргэсэн. *******, , *******, *******, , Эрдэнэрагчаа, Дуламсүрэн бид нар байсан. Би огт архи уугаагүй, ах архи уусан байсан хэр согтсон эсэхийг нь сайн мэдэхгүй байна. ******* ахын хавирга сүүж нь гэмтсэн, өөр гэмтсэн хүн байхгүй. ах хэн нэгэнтэй нь муудаж маргалдсан зүйл огт байхгүй” гэх / хх 26-27 дугаар хуудас/
Гэрч Ш.гийн “...Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг Далт гэх газар байх манай гэрт хуурай ах, эгч , ******* нар манай гэрт ирсэн. Тэгээд хоол идчихээд бид дөрөв 3 шил архи хувааж уугаад байж байсан чинь ******* ах, Эрдэнэрагчаа, Эрдэнэчулуун нарын хамт манай гэрт ирж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад бүгдээрээ хамт явсан. ******* ахын гэрт очоод мөн хоол, цай идэж уугаад ******* Хараа нэртэй 0.75 гр нэг шил архи гаргаж өгсөн. Тэрнээс архинаас бараг уугаагүй задлаад байж байхад Эрдэнэчулуун, *******, ******* нар унтаад өгсөн. ******* гэрийн хойморт сууж байсан. Би Эрдэнэрагчаа, манай хүүхэд бид нар гэрийн зүүн урд талд аяга угаагаад сууж байтал ах гараад явсан. Тэр үед нь манай машин асах шиг болохоор нь араас нь гарч харъя даа гээд хоорондоо ярьж байтал гэрийн араас ухраад ороод ирсэн. Тэр үед Эрдэнэчулуун, ******* нар босож ирээд бид нарыг аварч гэрийн нурангаас гаргасан. Харин ******* ах машиных нь арын дугуйн доор нь байсныг ******* машинаа хөдөлгөөд гаргаж аваад эмнэлэг дуудаж өгсөн. ах манай гэрт байхаас л их согтсон байсан. ... ах гэрийн зүүн хойно сууж байгаад гараад явсан. Хэн нэгэнтэй нь муудаж маргалдсан зүйл огт байхгүй. Урьд нь ч муудаж маргалдаж байгаагүй” гэх /хх 30-31 дүгээр хуудас/
Гэрч гийн “...Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг Далт гэх газар ру *******, Эрдэнэчулуун бид 3 хамтдаа гэрээс баруун урд зүгт байх айл руу нохой буулгаж өгөөд буцахдаа *******ын гэрээр орсон чинь эхнэр ******* нар ирчихсэн байсан. Тэгээд тэнд 2 шил Хараа нэртэй 0.75 гр хоёр ширхэг архи хувааж ууцгаагаад манай гэр рүү ирсэн. Тэр үед манай нөхөр ******* нэг шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи талдаа орж байсан. Би гэрийнхээ зуухны зүүн талд сууж байсан чинь миний араар нь гараад явахаар нь бие засах гээд явж байгаа юм байх гэж бодсон. Гэнэт машин асах чимээ гарахаар нь өө машин аслаа гээд хэлээд дуустал түжигнээд явчихсан. Тэгээд гэрийн хойд талаас машин мөргөөд гэрийн голд ороод ирсэн байсан. Манай нөхөр *******ийг машин дороос гаргаж авсан. ... ах архи уусан согтуу байсан. ах хэн нэгэнтэй нь муудаж маргалдсан зүйл огт байхгүй. Гараад явахаар нь бие засах гэж байгаа юм байх гэсэн чинь л яах ийхийн зуургүй машин гэр мөргөөд түжигнээд явчихсан” гэх /хх 37-38 дугаар хуудас / мэдүүлгүүд,
-Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч А.Болор-Эрдэнийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 324 дугаартай “...1. Хохирогч Ш.*******ийн биед зүүн талын 10.11.12 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн хөлний дунд чөмөг ясны дээд 1/3 хэсгийн цууралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хх 45-46 дугаар хуудас /
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 4-9 дүгээр хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 5371 дүгээр хуудас/
- Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 114 дүгээр хуудас/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 111 дүгээр хуудас/
- Хохирогч Ш.*******ийн “гомдол саналгүй ” гэх хүсэлт /хх 129 дүгээр хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Б.*******ын “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэх хүсэлт /хх 130 дугаар хуудас/
- Шүүгдэгч *******ийн болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 134 дүгээр хуудас/
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 03 цагийн орчим ******* ******* улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), ”, мөн дүрмийн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эхэн хашаат" гэх газарт байх Ш.*******ийн гэрийг дайрч гэр дотор байсан Ш.*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь хохирогч Ш.*******, иргэний нэхэмжлэгч Б.*******, гэрч Д.*******, Б.Эрдэнэчулуун, Ш., нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч А.Болор-Эрдэнийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 324 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүндэвтэр гэмтэл гэдэгт: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар “амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан байхыг, "Зам тээврийн осол" гэдэгт зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгөнд хохирол учруулахыг тус тус ойлгоно.
Прокуророос шүүгдэгч *******ийг зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ш.*******ийн гэрийг дайрч гэр дотор байсан Ш.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд прокуророос *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд... хохирол учруулсан байхыг гэм хэргийн хохирол, хор уршигт ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Ш.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг тэмдэглэж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Ү овогт Б-гийн Г-ийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******эд дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******эд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ