| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00404/И |
| Дугаар | 404 |
| Огноо | 2018-11-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 404
| 2018 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 104/ШШ2018/00404 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 04 тоотод оршин суух Боржигин Т.Б /РД: **********/-ын
Хариуцагч: *******,*******,*******, 04 тоотод оршин суух Бор хул Ш.О /РД: **********/-ээс
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш.Отэй 2006 онд танилцаж, 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б.М, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.М нар төрсөн. 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажил хийхээр явсан. Би Солонгос улсаас 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирж эхнэртэйгээ хурим хийсэн. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч Монголд ирээд 6 сарын хугацаанд дахин шалгалт өгч тэнцээд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эргээд Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Миний ээж 1 удаа надруу утсаар ярьж хэлэхдээ танай эхнэр хүнд мөнгө зээлсэн байна. Тэр хүмүүс өр төлбөрөө авъя гэж манай гэр рүү дайрч орж ирээд эцэг, эх 2-ыг харааж байгаад гарсан гэж хэлсэн. Би энэ талаар эхнэрээсээ асуухад миний өр, зээл биш н.Дариа гэж найзынх нь өр зээл гэж худлаа хэлсэн. Мөн эхнэр маань өрөнд орсон гээд автомашинаа авто ломбарданд тавьсан байсныг манай эцэг, эх 2 надад мэдэгдэхгүйгээр авч өгсөн. Би 2015 онд Монгол улсад 30.000.000 төгрөгтэй ирээд мөнгөө хэрэгцээтэй зүйлдээ хэрэглэж, автомашин авсан. 20.000.000 гаруй төгрөгийг Ш.О өөрийн нэр дээр данс нээгээд хийгээд өгчих гэхээр нь би өгөөд явуулсан боловч намайг Монголд байх үед тэр мөнгийг бүгдийг нь аваад өр зээлээ дарсан уу, юунд хэрэглэснийг би мэдэхгүй дуусгасан. ...Эхнэр алхам бүртээ худлаа ярьдаг тул би эхнэртээ итгэхгүй байна. Бид тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрээгүй.
Иймд гэрлэлтээ цуцлуулж хүү Б.М, Б.М нарыг эх Ш.Оийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг нэхвэл төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бага хүү Т.Б Солонгос улсад гэрээт ажилчинаар ажиллаж амьдарч байгаа. Энэ шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй. Хүү бэр 2 маань өнгөрсөн 3 сарын хуагцаанд эвлэрч амьдарсангүй. Хүү маань хүний нутагт ажил хийж эхнэр хүүхдээ орох оронтой болгосон. Гэтэл бэр маань тэр гэр орныг ах, дүү нартайгаа нийлж банкны барьцаанд тавьж зээлээ төлж чадахгүй орон гэрээ хураалгах дээрээ тулж байхад нь хүүгээсээ нууцаар зээлийг нь төлж өгсөн. Хүү маань ч гэсэн нилээд мөнгө явуулсныг үрэн таран хийсэн, худлаа их ярьдаг, итгэл алдарсан, эргэж амьдрах боломжгүй гээд байгаа. Миний хувьд хүүхдүүд маань эвлэрээд амьдарвал 2 ач хүүд минь л хэрэгтэй юм даа. Хөгшин бид хоёр 2 хүүгээ өглөөд очиж аваад оройд гэрт нь хүргэж өгдөг. Бэрийгээ энэ хуралд ирээд надтай уулзах байх гэж бодсон ирсэнгүй. Хүүгээ төлөөлж оролцож байгаагийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь дэмжиж байна гэв.
Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан тайлбартаа: Би нөхөр Т.Баас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Миний 2 хүү болох Б.М, Б.М нарыг өөрийн асрамжинд үлдээнэ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Т.Б, Ш.О нар нь 2007 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсноо 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0314 дүгээрт бүртгүүлж, 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б.М, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б.М нарыг төрүүлжээ.
Тэд амьдралын нөхцөл байдал, хувийн таарамжгүй байдлаас тусдаа амьдраад 8 жил болж байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтийг үргэлжлүүлэх сонирхолгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү Б.М, Б.М нарыг эх Ш.Оийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ш.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас шүүх шаардаагүй зүйлийг шийдвэрлэх боломжгүйг, шүүх хариуцагч Ш.От шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хэрэг хэлэлцэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэрэг хэлэлцэх ажиллагаа явуулахыг хүссэн болохыг, мөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 140.400 төгрөг төлсөн бөгөөд үүнийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5., 100 дугаар зүйлийн 100.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар Боржигин Т.Б, Борхул Ш.О нарыг гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.М, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.М нарыг эх Ш.Оийн асрамжид үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг
улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, хариуцагчид шүүхийн шийдвэрийг хүргүүлснээс хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч Ш.От энэ хуулийн 119.4.-т заасан хугацаад шүүхийн шийдвэрийг гардуулах, гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрсөнөөс хойш 7 хоногийн дотор түүний оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын хаягаар баталгаат шуудангаар эсхүл бичиг хүргэгчээр хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Одгэрэлд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ