Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/766

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,

Хохирогч: *******,

Иргэний нэхэмжлэгч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203003570390 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын Иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуульд хөгжмийн багшаар ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг гэх, ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух /РД:.../, урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт, Х-ын гудамж, 13 дугаар сургуулийн хойд замд *******-ын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас *******-ын жолоодон явсан “Keeway” маркийн “Superlight 200” загварын ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч 32 настай, эрэгтэй *******-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, *******-ын эзэмшлийн мотоциклийн эвдрэлд нийт 740,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-ын “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр энэ хэрэг болсон. Өмнөх өдөр нь би охинтойгоо эмнэлгээс гараад ажил дээрээ очиж гэрээ хийгээд ... ороод буцаж явах замдаа *******-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осолд орсон. Би осолд ороод түргэний машин иртэл 1 цаг гаруй хугацаанд хэвтсэн. Энэ хүн машинаасаа бууж ирээд жолооны тээврийн хэрэгсэл чинь бүрэн бүтэн юм уу? Бичиг баримт нь байгаа юу? Машин хардаггүй юм уу гэх зэргээр намайг загнасан. Эмнэлэгт хэвтэж байхад нэг удаа ирж уулзсан. Ирж уулзахдаа тээврийн хэрэгслээ авмаар байна. Манай эхнэрийн нэр дээр байдаг гэж гуйгаад явсан. Наадмын өмнө байцаагчаас гуйж байгаад тээврийн хэрэгслээ авсан. Тээврийн хэрэгслээ авснаас хойш утсаа салгаад алга болсон. Журмын хашаанаас авах төлбөрийг би өөрөө төлсөн. Үнэлгээний төлбөр, эмнэлэг, эм тарианы зардлыг бүгдийг нь би төлсөн. Үнэлгээний дүгнэлт гарсан байна. Чи очиж мөнгийг нь төлөх ёстой гэж хэлэхэд “Чи очоод авчих. Би завгүй байна” гэж хэлсэн. Эмнэлгийн зардлаа төлчих, тэгээд салъя гэж хэлсэн. Гэтэл надад нэг ч төгрөг өгөөгүй. Энэ тухай байцаагчдаа зөндөө хэлсэн. Тухайн манай эхнэр хүнд хагалгаанд ороод маш хэцүү байдалтай байсан. Би бүтэн 1 сар гаруй хугацаанд ажлаа хийж чадаагүй. Намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: “...Энэ хоёр хоорондоо зохицсон бол шүүхээр орохгүйгээр дуусах байсан. Нэг талаас нь бага мөнгө яриад байна. Үнэлгээгээр тогтоогдсон байхад нөгөө хүн нь тохиролцоод салчихгүй заавал шүүхээр орох шаардлага байхгүй байсан. ...Үнэлгээгээр тогтоогдсон 740.000 төгрөг, үнэлгээний хөлсөнд өгсөн 52.000 төгрөг, оношилгооны 38.000 төгрөг, 75.000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Манай дүү эдгээр мөнгийг төлсөн...” гэв.

Эрүүгийн 2203003570390 дугаартай хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8, 9-10, 13-15 дахь тал),

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...Prius-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан А овогт А-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0,00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...мотоцикл маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Ө овогт А-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0,00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 20-30 км цагийн хурдтай явж байсан. Тэр жолооч дохио ч өгөлгүй урдуур дараад ороод ирсэн. Би 2 дугаар эгнээгээр явж байсан. Миний эрүүл мэндэд одоогоор 700,000 төгрөгийн хохирол гарсан байна. Мөн мотоциклын эвдрэл 700,000 гаруй төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлыг жолооч төлөөгүй байгаа. Хэрэв жолооч дээрх хохирлоо бүрэн төлж барагдуулах, мөн миний ажилгүй байсан өдрийн зардал 3,000,000 орчим төгрөг болж байгаа, энэ хохирлыг төлж барагдуулах юм бол гомдол санал алга...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

5. Иргэний нэхэмжлэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Keeway маркийн мотоциклыг 2019 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Осол болох өдрийн өмнөх өдөр нь надаас зөвшөөрөл аваад мотоцикл жолоодоод явсан. Мотоциклд учирсан эвдрэлийг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

6. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байдаг. Би 2021 оны 5 дугаар сард худалдаж авсан. Надад приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний зүгээс бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 28 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8883 дугаартай: “...*******-ын биед зүүн талын 7, 8-р хавирганы хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

8. “Арвижих-Эстимейт” ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 365,000 төгрөг...” гэх тайлан (хавтаст хэргийн 62 дахь тал),

9. “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 740,000 төгрөг...” гэх тайлан (хавтаст хэргийн 68-70 дахь тал),

10. Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 793 дугаартай “...Т.Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ... улсын дугаартай Keeway маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 105-106 дахь тал),

11. Хохирогч *******-ын ажлын газрын тодорхойлолт, хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 86, 90-93 дахь тал),

12. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Цаашид хохирогчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг төлж барагдуулна. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотойгоор ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 30 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэлүүд, хохирогч *******-ын “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ...*******-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осолд орсон. ...Би 20-30 км цагийн хурдтай явж байсан. Тэр жолооч дохио ч өгөлгүй урдуур дараад ороод ирсэн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******-ын “...Би Keeway маркийн мотоциклыг 2019 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Осол болох өдрийн өмнөх өдөр нь надаас зөвшөөрөл аваад мотоцикл жолоодоод явсан. Мотоциклд учирсан эвдрэлийг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8883 дугаартай: “...*******-ын биед зүүн талын 7, 8-р хавирганы хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “мотоциклийн обуд цохигдсон, арааны дөрөө гулзайсан, хянах самбар хагарсан, руль гулзайж, далийсан, хөлийн гишгүүр гулзайсан, гинжний хаалт хагарсан, банк зурагдсан байв. ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 740,000 төгрөг...” гэх тайлан, Арвижих эстимейт ХХК ийн автомашин техникийн үнэлгээний “...машины урд буфер хагарч зурагдсан, урд улсын дугаар хунирч нугарсан, баруун урд их гэрэл хагарсан байв. ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 365.000 төгрөг...” гэх тайлан, мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын сарын 07-ны өдрийн 793 дугаартай “...Т.Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...Энэ нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх магадлагаа болон шүүгдэгч *******-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Х-ын гудамж, 13 дугаар сургуулийн хойд замд *******-ын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн, үүний хохирогч *******-ын жолоодон явсан “Keeway” маркийн “Superlight 200” загварын ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, хохирогч *******-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасан байх ба шүүгдэгч *******-ын уулзвараас бусад газарт зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх гэж байсан Keeway маркийн мотоциклд зам тавьж өгөлгүй мөргөсөн үйлдэл нь хууль бус буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн талын 7, 8-р хавирганы хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан бөгөөд хохирогч *******-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 8883 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2203003570390 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч *******-ын 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Х-ын гудамж, 13 дугаар сургуулийн хойд замд *******-ын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, хохирогч *******-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 30 настай, Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуульд дуу хөгжмийн багшаар 3 жил ажиллаж байгаа, сард 1,005,130 төгрөгийн цалин авдаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогджээ.

Иймээс шүүгдэгч *******-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч *******-ын хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан торгох 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******-т мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч *******-ын тээврийн хэрэгсэлд 740,000 төгрөгийн шууд хохирол, 165,000 төгрөгийн шууд бус хохирол, иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******-ын тээврийн хэрэгсэлд 365,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээ, үйлчилгээний зардалд 701,200 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгсөн (хавтаст хэргийн 90-93 дахь тал) байх бөгөөд энэхүү хохирлоос шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 300,000 төгрөгийг нөхөн төлсөн, 401,200 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч *******-ын эзэмшлийн Keeway ... дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирол болох оношилгоо хийлгэсэн 38,000 төгрөг, мотоциклийг журмын хашаанаас гаргаж авсан төлбөр 75,000 төгрөг, үнэлгээний төлбөр 52,000 төгрөг, эвдэрсэн эд ангийг засуулах үнэлгээгээр тогтоогдсон 740,000 төгрөг, нийт 905,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******-ын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирол 365,000 төгрөг тус тус нөхөн төлөгдөөгүй байна.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* нь шүүгдэгчийн эхнэр байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд хөрөнгийн хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мэдүүлжээ.

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-аас нийт 1,306,200 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ад 401,200 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******-од 905,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, үйл баримтыг дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т сануулсугай.

5. Шүүгдэгч *******-аас хохирогч *******ад 300,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас нийт 1,306,200 (нэг сая гурван зуун зургаан мянга хоёр зуу)-н төгрөг гаргуулж, хохирогч *******ад 401,200 (дөрвөн зуун нэг мянга хоёр зуу)-н төгрөг, иргэний нэхэмжлэгч *******-од 905,000 (есөн зуун таван мянга)-н төгрөг тус тус олгосугай.  

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА