| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00387/И |
| Дугаар | 387 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 387
| 2018 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 104/ШШ2018/00387 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******од байрлах “К” ХХК /РД:*******/-ийн
Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух Сартуул Д.Г /РД: **********/-аас
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.250.000 төгрөг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 347.950 төгрөг, нийт 5.597.950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, түүний өмгөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “К” ХХК, түүний захирал Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани автомашины сэлбэгийн худалдаа эрхэлдэг. Д.Г зарын дагуу утсаар “Прадо-95” маркийн автомашины мотор худалдаж авах хүсэлтэй байгаагаа надад илэрхийлээд таг алга болчихсон. Зун наадмын үеэр ажилчдаа амраагаад бүх юмаа цоожлоод эхнэр бид 2 хөдөө явсан. Тэр үеэр Д.Г утасдаад мотор авна гээд байхаар нь хүргэнээ явуулаад моторыг хүлээлгэж өгсөн. Би амарчихсан байсан учраас моторыг зөвхөн худалдсан. Харин суулгаж өгөх үүргийг хүлээгээгүй. Бид хоёр моторын үнийг 4.500.000 төгрөг гэж тохироод урьдчилгаа 1.000.000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Үлдэгдэл 3.500.000 төгрөгийг сарын дотор өгнө гээд өгөөгүй. Д.Ггаас олон удаа мөнгөө нэхэхэд янз бүрийн шалтгаан тоочиж эвдэрсэн тухай хэлсэн. Би аваад ир үзий гэж хэлсэн боловч өөрөө ирээгүй. Тухайн үед засварчид маань амарсан байсан учраас өөрийнх нь хүсэлтээр Д.Тыг гуйгаад моторын галыг тохируулж өгсөн. Мотор суурьлуулах асуудлыг манай компанийн ажилтан гүйцэтгээгүй учраас эвдрэлээс болж гарсан зардлыг хариуцахгүй. Моторын үнийг хасч тооцно гээд байгаа бол хуучин мотороо буцааж аваад манай моторыг буцаагаад өг гэж хэлсэн. Гэтэл энэ 2 моторыг машинтайгаа хамт зарсан байна. Иймд моторын үлдэгдэл үнэ 3.500.000 төгрөгийг хугацаандаа өгөөгүй алданги 1.750.000 төгрөг, шүүхэд удаа дараа тэмдэгтийн хураамж төлж нэхэмжлэл гаргасаны үнэ 100.150 төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөлгөө авсаны хөлс 50.000 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсний төлбөр 37.800 төгрөг, эхнэр маань энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж олон удаа Налайхад ирсэн түүний хоол, унаа, утасны зардал 160.000 төгрөг, нийт 5.597.950 төгрөгийг Д.Ггаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүн бөгөөд хүү, алданги тооцон нэхэмжилсэн нь ямарч үндэслэлгүй байна. Мотортой холбоотой хохирлыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний нөхөр Д.Ггийн аав нэг найзынхаа “Прадо-95” маркийн автомашиныг моторыг нь сольж тавиад хэрэглэ гээд Дархан-Уул аймгаас авчирч өгсөн юм. Түүнийг нь бид хоёр асааж унах санаатай 2017 оны 07 дугаар сард Баянзүрх дүүрэгт байрлах автомашины сэлбэг зардаг “К” ХХК-иас 4.500.000 төгрөгөөр авахаар болж, 1.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч үлдэх мөнгийг сарын дотор өгнө гэж тохиролцон худалдаж авсан. Энэ компанийн ажилтан моторыг суурьлуулж тавьсан. Моторыг тавих явцдаа компьютер, цээж утсыг шатаасан. Түүнийг оношлуулж засварлуулахад 800.000 төгрөгийн зардал гарсан. Машинаа асаагаад Баянхонгор аймаг руу сэлбэг хүргэж өгөхөөр нөхөр маань яваад замдаа машины мотор эвдэрсэн. Энэ тухай Г.А захиралд тухайн үед нь хэлж мэдэгдсэн. Буцааж машинаа чирч авчрах, эргээд эднийд машиныг аваачиж өгөхөд зардал чирэгдэл ихтэй байсан учраас Налайхад Д.Дамдинсүрэн гэж засварчнаар 1.000.000 төгрөг өгч засуулсан. Энэ бүх зардлыг моторын үнээс хасуулаад 2.500.000 төгрөгийг энэ оны 11 дүгээр сард төлнө. Харин алданги, хохирол 3.097.950 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Машиныг зарсан учраас моторыг буцаах боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Д.Ггаас 5.597.950 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг, алданги 1.750.000 төгрөг
2. Гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 347.950 төгрөг гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2017 оны 08 дугаар сард амаар байгуулсан худалдах худалдан авах гэрээ гэж тодорхойлсон.
Хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсэгт маргасан.
Тэрээр 2017 оны 08 дугаар сард “К” ХХК-иас “Прадо-95” маркийн автомашины моторыг 4.500.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 1.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 3.500.000 төгрөгийг сарын дараа өгөхөөр тохирч моторыг өөрийн өмчлөлд авсан, үнэ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримтад маргаагүй.
Зохигчдын тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж худалдагч “К” ХХК нь худалдан авагч Д.Ггийн өмчлөлд гэрээний зүйл болох “Прадо-95” маркийн автомашины моторыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн учраас худалдан авагч Д.Ггаас моторын үнэ 3.500.000 төгрөгийг шаардах эрхтэй.
Хариуцагч Д.Г гэрээнд заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй нь зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон учраас энэ хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар моторын үнэ 3.500.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй.
Хариуцагч Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “моторыг суурьлуулах явцдаа эрэг боолтыг дутуу боосноос эвдрэл гэмтэл гарч түүнийг сэргээн засварлахад гарсан зардлын хэмжээгээр моторын үнийг бууруулах агуулгатай хариу тайлбарыг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч няцаасан нь гэрч Г.Баасанжавын худалдсан эд зүйлийн талаар нэмэлт үүрэг хүлээгээгүй. Д.Т моторын галыг тохируулж өгсөн. Д.Тын дүү н.Отгонбаатар өөр нэг залуутай моторыг байрлуулж боож өгсөн. Д.Тт ажлын хөлсөнд 50.000 төгрөг өгсөн. Моторын галыг моторыг суурьлуулж боож тавихаас өмнө хийгддэг ажиллагаа” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Т “Г.А ахын хүргэн Г.Баасанжав нэг моторын гал тохируулаад өгөөч гэж гуйхаар нь 50.000 төгрөгөөр галыг нь тохируулж өгсөн. Гал тохируулах ажиллагаа мотор машинд суурьлуулаагүй байхад хийгддэг ажиллагаа. Мотор суурьлуулах ажилд бид оролцоогүй” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг О.О худалдаж авсан моторыг ашиглах явцад эвдрэл гарч түүнийг сэргээн засварлахад 1.000.000 төгрөгийн зардал гарсан үйл баримтыг гэрч Д.Дамдинсүрэнгийн мэдүүлгээр нотлож мэтгэлцсэн хэдий ч худалдаж авсан зүйлийн үнийг бууруулах үндэслэл нь уг зүйлийн доголдлыг арилгах шаардлагатай хамааралгүй, моторыг боож суурьлуулах ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой доголдлоос учирсан хохирол байх тул үүнийг нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй нь түүний тайлбар гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Учир нь худалдагч “К” ХХК нь моторыг худалдахдаа чанар байдлын талаар худалдан авагчид мэдээлэл өгсөн, худалдан авагч уг моторыг Япон улсаас орж ирсэн, урьд өмнө хэрэглэглэж байсан гэдгийг мэдсэн, өөрөө ч моторын чанар байдлыг “сайн, доголдолгүй” гэж тодорхойлсон, мөн эд зүйлийг худалдахдаа худалдагч нэмэлт үүрэг хүлээсэн нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн үнийг бууруулахаас татгалзаж буй тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Д.Ггаас гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр алданги 1.750.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Д.Ггаас алданги 1.750.000 төгрөг шаардах эрхгүй юм.
Нэхэмжлэгч, хариуцагчаас гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол 347.950 төгрөг гаргуулахыг мөн шаардсан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч хохирол 347.950 төгрөгийг шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамж 100.150 төгрөг, өмгөөлөгчөөс хуулийн зөвлөлгөө авсан хөлс 50.000 төгрөг, шүүхэд гаргасан нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсний хөлс 37.800 төгрөг, хоол, унаа, утасны зардал 160.000 төгрөг гэж тодорхойлжээ.
Энэ шаардлагаас нотариатаар баримт гэрчлүүлсний хөлс 34.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-наас 2018 оны 10 дугаар сарын 29-ний хооронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зорилгоор Улаанбаатар хотоос тус шүүхэд хүрэлцэн ирсэн унааны зардал 55.000 төгрөг нь баримтаар тогтоогдсон учраас шүүх хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Харин нэхэмжлэгчийн шүүхийн зардал гэж тодорхойлсон 100.150 төгрөг нь гэрч Г.Баасанжав тус шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Д.Ггаас зээлийн гэрээний үүрэгт 5.325.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж байх бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3.-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учраас шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 100.150 төгрөгийг улсын орлого болгосон. Үүнд хариуцагчийн гэм буруу байхгүй учраас 100.150 төгрөгийг төлөх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч өмгөөлөгчөөс зөвлөлгөө авсны хөлс 50.000 төгрөг, утасны зардал гэж нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ч гаргаагүй ч хоол идэх учраас 7.200 төгрөгийн хоолны зардлыг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй, өөрөөр хэлбэл хохиролд тооцох үндэслэлгүй, мөн унааны зарим зардал нь цаг хугацааны хувьд энэ нэхэмжлэлийг гаргасан цаг хугацаанаас өмнө гаргасан зардал байгаа учраас нийт 105.000 төгрөгт холбогдох хохирлыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, баримтаар
нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.518 төгрөгийг улсын орлого болгож, хангасан 3.589.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 72.374 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О моторыг худалдаж аваад суурьлуулах явцад компьютер, цээж утсыг гэмтээж түүнийг оношлуулах, сэргээн засварлахад 800.000 төгрөгийн зардал гарсан талаар мэдүүлсэн хэдий ч моторын үнээс хасч тооцоогүй учраас энэ үйл баримттай холбогдуулан шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн Д.Баасандоржийн мэдүүлгийг шүүх үнэлж, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч Сартуул Д.Ггаас 3.589.000 /гурван сая таван зуун наян есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.3., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 2.008.950 /хоёр сая найман мянга есөн зуун тавь/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.518 /нэг зуун дөрвөн мянга таван зуун арван найм/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Ггаас 72.374 /далан хоёр мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ