| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00391/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2018-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 391
| 2018 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 104/ШШ2018/00391 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,*******,******* компанийн байранд оршин байгаа, “ТК” ХХК /РД: *******/-ийн
Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух, Өргөмж Ч.О /РД: **********/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, хохирол 16.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Ч.Огийн гэрээнээс татгалзсаны үр дагавар урьдчилгаа хөлс 5.000.000 төгрөг, хохирол 25.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “ТК” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Иргэн Ч.О тус компанитай 2013 оны 11 сарын 10-ны өдөр “Шинэ Налайх” хорооллын 3 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын 09,10 тоот 83.05 м.кв орон сууцыг 82.219.500 төгрөгөөр захиалж 0040Т тоот гэрээ байгуулсан. Манай компани гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэн өгсөн. Гэтэл Ч.О нь гэрээнд заасан орон сууцны төлбөрөөс 5.000.000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх тоосго нийлүүлсэн ба өөр ямар нэгэн төлбөр хийгээгүй. Мөн үлдэгдэл төлбөр 52.219.500 төгрөгийг сард 1 хувийн хүүтэй төлөхөөр 0040Т тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч биелүүлээгүй. Манай зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж мэдэгдэл өгсөн. Иймд Ч.Отэй байгуулсан гэрээг цуцалж орон сууцаа буцаан авах хүсэлтэй. Мөн Ч.О 3 жил 7 сар уг орон сууцанд амьдарсан учраас бусад иргэдэд түрээслэсэн үнийн дүнгээр жишиж хохирол 16.000.000 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ТК” ХХК, түүний захирлуудтай ярилцаад баригдах гэж байгаа барилгаас нь авахаар болсон. Төлбөрийг бартераар тоосго нийлүүлэе гэж тохирсон. 30.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлснөөр тохироод 52.219.500 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр гэрээнд өөрчлөлт оруулсан. 2016 онд би тоосго нийлүүлсэн. Би тоосгоны үйлдвэртэй гэрээ хийсэн боловч 2017 онд барилгын үйл ажиллагаа явагдаагүй тул тоосго өгч чадаагүй. Эдний барилгын ажил хэвийн явагдаж байсан бол би одоо төлбөрөө хийгээд дууссан байх боломжтой байсан. Би “ТК” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай уулзаад ярилцахад намайг үлдэгдэл 47.219.500 төгрөгийг яг тодорхой баримттай өгнө гэдэг зүйлээ гаргаад ирвэл бусад нь хамаагүй гэж ярьсан. Энэ хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөх гэж үзлээ. Банкнаас зээл авах гэхээр ажилгүй болохоор болохгүй байна. Иймд байрыг нь буцааж өгөхийг зөвшөөрч байна. Харин гэхдээ би хохирлоо авч байж байрнаас нүүж гарна. Хохирол 16.000.000 төгрөгийг төлөхгүй. Надад энэ компанийг хохироосон асуудал байхгүй. Байртай холбоотой зардлуудыг сар бүр төлж байсан болохоор нэхэмжлэгчийг хохирсон гэж үзэхгүй байгаа гэв.
Хариуцагч Ч.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд болон шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдаа: Гэрээг цуцалж байгаатай холбогдуулан байрны төлбөрт төлсөн 5.000.000 төгрөгөө авна. Мөн энэ байранд ороод бүх өрөөнд дүүжин тааз хийсэн, том өрөөний шалыг паркетаар сольсон, бүх өрөөний ханын обойг сольж засан сайжруулсан. Үүний материалын болон ажлын хөлсөнд 25.000.000 төгрөг зарцуулсан. Үүнийг банкнаас зээл авч хийсэн учраас 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч “ТК” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байраа буцааж авч байгаа юм чинь 5.000.000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрнө. Байрыг засахад зарцуулсан 25.000.000 төгрөгийг манайх төлөх үндэслэлгүй. Манайхаас зөвшөөрөл аваагүй, засаж сайжруулсан асуудал нь өөрийнх нь хүсэл зориг байсан байх. Түүнээс бид дотор засал хийсэн байрыг хүлээлгэж өгсөн учраас хариуцах үндэслэлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч “ТК” ХХК нь хариуцагч Ч.Од холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 0040Т дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нээс татгалзаж хохирол 16.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч гэрээнээс татгалзах шаардлагыг зөвшөөрч хохирол 16.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, хөлс 5.000.000 төгрөгийг, орон сууцанд хийсэн засварын зардал 25.000.000 төгрөгийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0040Т дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч “ТК” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 0040Т дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулаад Налайх дүүргийн************** 3А байрны 1 дүгээр орц, 4 дүгээр давхар, 09,10 тоот 83.05 мкв талбай бүхий орон сууцыг 82.219.500 төгрөгөөр тооцон, орон сууцны барилгыг 2015 оны 1-2 дугаар улиралд багтаан ашиглалтан оруулж захилгачид хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна. Дээрх гэрээгээр нэг тал нь орон сууцыг захиалгын дагуу гүйцэтгэн, тодорхой хугацаанд үр дүнг хүлээгэн өгөх, нөгөө тал төлбөрийг үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 343.1.-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуулиар тогтоосон хэлцэлд тавигдах шаардлагыг хангасан, талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг нь хууль тогтоомжийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшлахгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүхий хүчин төгөлдөр хэлцэл байна.
“ТК” ХХК гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр актаар захиалагчид хүлээлгэн өгсөн /хх-34/, захиалагч ажлын үлдэгдэл хөлс 52.219.500 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй сар бүр 1.170.000 төгрөг төлөхөөр тохиролцож 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах 0040Т дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримтад зохигч маргаагүй.
Хариуцагч Ч.О орон сууцны төлбөрийг бартераар буюу тоосго нийлүүлэхээр тохиролцсон гэж тайлбарласан боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3.-т зааснаар нотлох баримтаар нотлоогүй.
Тэрээр орон сууцны 82.219.500 төгрөгөөс 5.000.000 төгрөгт тооцож тоосго нийлүүлсэн үлдэх 77.219.500 төгрөгийг гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжгүй тухайгаа мэдүүлж орон сууцыг буцаах шаардлагад маргаагүй.
Хариуцагч Ч.О нь нэмэлт гэрээ байгуулснаас хойш орон сууцны үлдэгдэл төлбөрөөс 5.000.000 төгрөгийн тоосго нийлүүлснээс өөр төлбөр төлөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу “ТК” ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчид хууль буюу гэрээнд зааснаар Ч.Отэй байгуулсан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл бүрдсэн нь хэрэгт авагдсан баримт/хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0040Т тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.3, хавтаст хэргийн 15, 17 дугаар хуудсанд авагдсан мэдэгдлүүд/ зохигчдын тайлбар, хариуцагчийн зөвшөөрлөөр тогтоогдсон.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гүйцэтгэгч тал “ТК” ХХК гэрээнээс татгалзсантай холбогдуулан захиалагч тал Ч.О нь 0040Т тоот гэрээний дагуу хүлээн авсан орон сууц болох Налайх дүүргийн “Шинэ Налайх” хорооллын 3А байрны 1 дүгээр орцны 4 давхарын 09,10 тоот 83.05 м.кв орон сууцыг гүйцэтгэгчид буцааж, захиалагчийн орон сууцны төлбөрт төлсөн 5.000.000 төгрөгийг гүйцэтгэгчээс гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч “ТК” ХХК нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан орон сууцыг 3 жил 7 сарын хугацаанд захиалагчид ашиглуулж хохирсон үндэслэлээр олох ёстой байсан орлого гэж үзэж 16.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгч олох байсан орлогыг бусадтай байгуулсан түрээсийн гэрээгээр жишиж хохиролд тооцсоныг шүүх зайлшгүй орох байсан орлого гэж үзэхэд учир дутагдалтай. Иймд хохирол 16.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “ТК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 951.800 төгрөгөөс илүү төлсөн 144.803 төгрөгийг буцааж үлдэх 806.997 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Огээс нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 806.997 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Сөрөг нэхэмжлэлийн тухай:
Хариуцагч Ч.О нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгч “ТК” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт төлсөн 5.000.000 төгрөгийг, засварын зардал 25.000.000 төгрөгийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэнэ” гэж заасан.
Хариуцагч Ч.Огийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байгаа учраас шүүх хамтад нь шийдвэрлэсэн.
Хариуцагч Ч.О гэрээнээс татгалзаж байгаатай холбогдуулан гэрээний гүйцэтгэлд төлсөн 5.000.000 төгрөгийг мөн хүлээж авсан ажлыг засан сайжруулсны зардал 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг шаардсан.
Үүнд бүх өрөөний тааз, зочины өрөөний шал, бүх өрөөний ханын обойг сольж материалын болон ажлын хөлс нийлээд 25.000.000 төгрөгийн зардал гарсан гэж тодорхойлсон.
Хариуцагч энэ шаардлагатай холбогдуулан фото зураг, зардлыг гаргасан эх үүсвэрийг нотлох зорилгоор банктай байгуулсан зээлийн гэрээг ирүүлсэн.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1.-д зааснаар талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хуулийн энэ заалтаар хариуцагчид нэхэмжлэгчээс хохирол шаардах эрх үүсэхгүй байна. Мөн гэрээнд захиалагч ажлын үр дүнг хүлээж авсаны дараа засан сайжруулахтай холбогдуулан гаргасан зардлыг гэрээнээс татгалзах, цуцлах үед шаардах эрхтэй талаар тохиролцоогүй байгаа учраас мөн гэрээгээр шаардах эрх үүсэхгүй байна. Иймд гэрээнээс татгалзсантай холбогдуулан ажлын хөлсөнд төлсөн 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох, харин хохирол 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэл тогтоогдоогүй учраас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байгаатай холбогдуулан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг улсын орлого болгож, хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар хариуцагч Ч.Ог Налайх дүүргийн******* “Шинэ Налайх” хороолол ЗА байрны 09, 10 тоот орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч “ТК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар нэхэмжлэгч “ТК” ХХК-иас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 25.000.000 /хорин таван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “ТК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 951.800 /есөн зуун тавин нэгэн мянга найман зуу/ төгрөгөөс 806.997 /найман зуун зургаан мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 144.803 /нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуун гурав/ төгрөгийг, хариуцагч Ч.Огээс 806.997 /найман зуун зургаан мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж “ТК” ХХК-д олгох, хариуцагч Ч.Огийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 307.950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож нэхэмжлэгч “ТК” ХХК-иас 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Од олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ