Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
Хэргийн индекс | 174/2022/0139/Э |
Дугаар | 2022/ШЦТ/144 |
Огноо | 2022-07-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Насанжаргал |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Х.Насанжаргал,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох 2230000000222 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,....... оны ...... дүгээр сарын ......-ны өдөр Сүхбаатар аймгийн ..... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, малчин, ам бүл ......, э...... хамт Сүхбаатар аймгийн ........ сумын .......... дугаар баг “.........” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-ийн Ж,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газарт *******ын толгой, цээж хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн талын 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, толгойн үстэй хэсгийн няцрал, дух, 2 хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай жил болгон дахидаг овооны тахилга болсон. Жил бүр шүдлэн насны морь уралддаг. Миний ах дүү нар бүгд зохион байгуулдаг. Тухайн үед манай хүүхэд эмээлийн дөрөөнөөс хөл мултарлаа гэхээр хөлийг нь дөрөөнд хийгээд буцаад төхөөрөмжид оруулах гэхэд ******* морийг нь бариад тавихгүй байсан. Морьд 500-600 метр явсан байсан. Тэгээд “ахаа морьд явчихлаа тавилдаа” гэхэд тавихгүй болохоор нь хүзүү хэсэг рүү нь цохиход бариад зогсоод байсан. Тэгэхээр нь шанаанд нь цохисон. Намайг цохих гээд дайрахаар нь цохиж унагаагаад өшиглөсөн...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр миний хүү морь унаж байсан учир уралдаан үзэх гэж очсон. Морь барианы газар очиход дүүгийн морь ороогүй. Би “өөрсдөө наадам зохион байгуулж байж” гээд “ганц морио оруулъя” гээд цулбуураас барихад намайг цохиж унагаасан. Ах дүү хоёр нийлж намайг цохиж өшиглөсөн. Дараа нь цагдаагийн машин ирээд “суух уу” гэхэд би “суухгүй манай дүү ирж байна” гэж хэлсэн. Морь барианы газар ирэхэд ах дүү хоёр нийлж “намайг ална” гээд дайрахад хамаатнууд хорьсон. Намайг “наадам зохиож үзсэн юм уу, дахиж манай дошин дээр битгий уралдаарай” гэж хэл, амаар доромжилсон...” гэв.
2230000000222 дугаартай эрүүгийн хэргээс:
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газарт *******ын толгой, цээж хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн талын 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, толгойн үстэй хэсгийн няцрал, дух, 2 хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хөнгөн гэмтэл гэдэгт: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр (5-15%) тогтонги байдлаар алдагдсан байхыг ойлгоно.
Тодруулбал, шүүгдэгч *******ийн хохирогч *******ыг зодож, цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан бусдын биед халдан цохиж зодон, эрүүл мэндэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “...шүүгдэгч О.Жамъандорж нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэнэтийн тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас уг хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй байх учир түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл болж байна. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн О.Жамъяандоржийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа, гэм буруугийн хувьд маргахгүй байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг гаргасан.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн зан төлөв байдлыг харгалзан “800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний хувиараа мал аж ахуй эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал болон бусад зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд энэ тогтоолоор *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ийн Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний төлбөр бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ