Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 433

 

  2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2018/00433

                Улаанбаатар хот

                                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******“У” ХХК /РД:2*******/-ийн

            Хариуцагч: *******,*******,*******ШШГЕГШГА,

            Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо,*******Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГ

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.З, Д.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, Б.Н, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч “У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар Дүүргийн иргэний хэргийн шүүхийн 24/381 дугаар шийдвэрийн дагуу Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 36/02 дугаартай..... Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн барилга, түүний тоног төхөөрөмж, 2 га газрыг  504,284,651 төгрөгийн төлбөрт тооцож авсан. Энэ өдрөөс хойш “У” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшил, хамгаалалтад байлгаж байгаа. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн Ерөнхий газрын Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 07 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ тогтоолд “Тухайн ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт нийцээгүй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 4.207.106.282 төгрөгийн хөрөнгийг 504.284.651 төгрөгийн төлбөрт тооцож өгсөн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн.  Энэхүү тогтоолын үндэслэлийг тодруулвал 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно” гэсэн байна. Гэтэл Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэхүү зохицуулалтаас аль хэсгийг нь яаж зөрчсөн талаар тогтоолдоо дурдаагүй. Төлбөрт тооцож авсан хөрөнгө нь 1994 оноос ашиглалтад орсноос хойш зориулалтаараа төдийлөн ашиглагдаагүй, чанар байдлын хувьд илэрхий доройтсон буюу 4.207.106.282 төгрөгийн үнэ цэнэд хүрэхгүйгээс гадна уг хөрөнгө болон газар нь албан ёсны гэрчилгээгүй, өнөөг хүртэл уг хөрөнгийг хэн ч 504.284.651 төгрөгөөр худалдан авахыг сонирхоогүй байгаа. Мөн төлбөр төлөгчийн эрх ашиг хохирсон зүйл байхгүй байгаа. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, болон уг заалтыг хэрэгжүүлдэг тухайн үеийн практикаас харахад дуудлага худалдаанд орж буй хөрөнгө нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй бол борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгон, төлбөр авагч уг саналыг зөвшөөрсөн тохиолдолд тус хөрөнгийг төлбөрт шилжүүлэн авдаг байсан. Төлбөрт тооцон авсны дараагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, тус хөрөнгийг “У” ХХК-ийн өмчлөл, эзэмшилээс гаргах байдлаар эд хөрөнгийн хохирол учруулж, илэрхий хэт өндөр ханшаар санал болгох ажиллагааг дахин хийх гэж байгаа нь “У” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.  

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоол гарах болсон шалтгаан нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг рүү “Уг хөрөнгөтэй холбоотой асуудлыг хөндөж, ажиллагааг дахин хянаж үзнэ үү” гэсэн агуулгатай албан бичиг явуулсан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуульд Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс ямар нэгэн байдлаар Нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах, тэрхүү хөрөнгийг захиран зарцуулах эрхийн талаар тусгаагүй буюу эрхгүй байхад албан бичиг явуулсан байдаг. Үүний дараа Нийслэлийн Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан 7 хоногийн зайтай 2 удаа “Чиглэл хүсэх тухай” гэсэн ижил утга бүхий албан бичиг явуулсан. Гэтэл энэхүү албан бичгийн хариуд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хариу тайлбар гараагүй мөртлөө шууд 07 дугаар тогтоол гарсан. Бидний хувьд энэ ажиллагааг хууль дээдлэх зарчим болон хуулийнхаа хүрээнд явагдаагүй харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан бичигт байгаа хүсэл сонирхлын дагуу хийгдсэн гэж  үзэж байна.

Мөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсоноос хойш хэдэн арван жилийн дараагаар эрх бүхий этгээд, эсвэл ямар нэгэн сэтгүүлчийн зүгээс тавьсан санал, гомдлыг үндэслэн уг ажиллагааг хянаад хүчингүй болгох эрх байхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн хэм хэмжээ болон агуулгын хувьд хэрэв талуудын хэн нэг нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвал ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандах гэсэн зарчимтай байхад шууд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч өөрийн эрх хэмжээний хүрээнд ажиллагааг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн энэ хөрөнгийг дараагийн дуудлага худалдаанд оруулах гэхэд олон жилийн элэгдэлд орчихсон, энэ үйлдвэрийг дахин зориулалтаар нь ашиглах боломжгүй, угтаа бол энэхүү объект нь хүнсний үйлдвэрлэлийн хувьд онцгой байх ёстой байтал энэ үнэ цэнэ нь алдагдсан байхад хөрөнгийг үнэлэхдээ тухайн бодит нөхцөл байдалд нь нийцээгүй арга хэрэгсэл хэрэглэж 4.200.000.000 төгрөг гэж үнэлсэн. “У” ХХК-ийн зүгээс тус хөрөнгийг 4.200.000.000 төгрөгийн төлбөрт аваад зөрүүг буцаан өгөх боломж байхгүй тул уг хөрөнгөөс татгалзах, үүний улмаас 4.200.000.000 төгрөгийн барьцаагүй үлдэх гэсэн үр дагаварууд үүснэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”., 44 дүгээр зүйлийн 44.4.-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж заасан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш 1 жил 6 сарын дараагаар хүсэлт гаргаж, түүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон явдал нь хууль дээдлэх зарчмийг баримтлаагүйгээс гадна тус хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ШШГЕГШГА, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэрээр “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГазраас 504.284.651 төгрөгийг гаргуулан Уинд олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус хэсэгт ирүүлснийг үндэслэн 430.518.965 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлтэй, төлбөр төлөгч “Багахангай мах боловсруулах  үйлдвэр” НӨҮГазрын эзэмшиж байсан мах боловсруулах үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, 2 га газрыг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 300/01, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 388/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 388/03 дугаар тогтоолоор хурааж, “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГазрын үйлдвэрийн захирал Ц.Нэргүйгийн хадгалалт хамгаалалтад хадгалуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-т заасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар дээрх хөрөнгийг 4.207.106.282 төгрөгөөр үнэлүүлсэнийг төлбөр авагч У хүлээн зөвшөөрч анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д /Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно/ гэж заасны дагуу төлбөр авагч “У” ХХК-д санал болгоход хүлээн авах хүсэлтээ тус хэсэгт ирүүлснээр 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлбөр авагч “У” ХХК-д 4.207.106.282 төгрөгөөр тооцож шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг “У” ХХК-д хүлээлгэн өгсөн.

“У” ХХК нь эд хөрөнгийн эрх шилжээгүй, шилжүүлэхийг даалгах шаардлагыг шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хянаад  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр  “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГазрын үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга, 2 га газрыг төлбөр авагч “У” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасан.

Дээрх шийдвэрийн дагуу Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Багахангай дүүргийн газрын албанд хандан Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГазрын үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга, 2 га газрын хамтаар төлбөр авагч Уны нэр дээр шилжүүлж, гэрчилгээг гаргаж өгөх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн.

Гэтэл төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГазар манай хэсэгтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 765 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хянаад  Улсын Дээд шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хуульд заасан дэс дарааллын дагуу явуулахыг хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай” гэсэн өөрчлөлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. …худалдан борлогдоогүй хөрөнгийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Уинд 431.018.965 төгрөгийн төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэж, төлбөр авагч хөрөнгийг шилжүүлсэн тухай тогтоол гаргаж, “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГазар, “У” ХХК, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2016 оны 08 дугаар сарын 12-ны албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэлийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГазрын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, газрыг төлбөр авагч “У” ХХК-ийн төлбөрт тооцсон ажиллагааг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг үүрэг болгосон.

Иймд “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэрээр “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГазраас 504.284.651 төгрөгийг гаргуулан “У” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус хэсэгт ирүүлснийг үндэслэн 430.518.965 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж эхлээд “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГазрын тоног төхөөрөмж болон түүний эд хөрөнгө, газрын хамт битүүмжилж хураагаад үнэлгээ хийлгэсэн. Төлбөр төлөгч нь Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар учраас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6/120 дугаар бүхий албан бичгээр холбогдох үнэлгээний газраар үнэлгээ хийлгэж, дээрх хөрөнгийг 4.207.106.282 төгрөгөөр үнэлсэн. Тус үнэлгээг төлбөр авагч “У” ХХК болон талуудад мэдэгдэхэд Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт төлбөр авагч үнэлгээг хүлээн зөвшөөрч дараагийн ажиллагааг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу “У” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч анхны болон 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлий 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч талд уг хөрөнгийг санал болгосон. Түүний дараагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга н.Отгонбаярын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гаргасан гомдол болон Нийслэлийн Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн “Чиглэл хүсэх тухай” албан бичгүүдийг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг татаж хянаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.2 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 271.3 дахь хэсэгт зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, ажиллагааг зөвтгөн явуулахыг даалгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн.

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч ШШГЕГШГА, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох гомдлын шаардлагыг 2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д зааснаар иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд энэ ажиллагаанд ямар байр суурьтай байгаагаа шүүхэд бичгээр болон амаар илэрхийлээгүй.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэрээр “Багахангай мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-аас зээлийн гэрээний үүрэгт 504.2582.651 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад энэ хэргийн хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгчийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгө буюу үйлдвэрлэлийн зориулалттай барилга, тоног төхөөрөмж, 2 га газрыг 431.018.965 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр авагч  “У” ХХК-д шилжүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 4.207.106.282 төгрөгийн үнэтэй  “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГ-ийн хөрөнгийг 504.284.651 төгрөгийн зээлийн өрөнд шилжүүлсэн үйлдлийг хууль бус гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Д.Дамдинцэрэн нарт “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журам дэс дарааллын дагуу явуулах, Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нийслэлд хохирол учирч байгаа агуулга бүхий хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/903, мөн оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/1116 тоот албан бичгээр хүргүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/5627 тоот албан бичиг, 2018 оны 04 дүгээр  сарын 06-ны өдрийн 006121 тоот  “Чиглэл хүсэх” тухай албан бичгийг  үндэслэн  Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн төлбөр төлөгч “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГ-ын барилга, тоног төхөөрөмж, газрыг төлбөр авагч “У” ХХК-ийн төлбөрт тооцсон ажиллагааг хүчингүйд тооцсон байна.

2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1.-д зааснаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй субъект юм.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 07 тоот тогтоол нь ойлгомжтой, уг тогтоолыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заасан байна.

Шийдвэр гүйцэтгэгч хуулийн заалтыг зөрчиж ажиллагаа явуулсныг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж залруулсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. 2017  оны  Шийдвэр  гүйцэтгэлийн  тухай   хуулийн   271   дүгээр   зүйлийн

271.3.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн ШШГЕГШГА, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1., 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч “У” ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлснийг улсын орлого болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ