Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 394

 

    2018 оны 10 сарын 31 өдөр

           Дугаар 104/ШШ2018/00394

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******,*******, ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, ******* Ц.А  /РД:**********/-гийн

Хариуцагч: *******,*******, *******од оршин суух, Нарванчин Ч.М /РД:**********/-д холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.Мтэй 2007 онд танилцан, 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон. Бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин М.А төрсөн. Би 2012 он хүртэл охиноо харж гэртээ байсан. Энэ хугацаандаа сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багшийн ангид суралцсан. Би суралцаж байхдаа хичээлийнхээ хүрээнд онлайн даалгаварыг интернэттэй газар хийж багш руугаа явуулдаг байснаас болж оройтох үе байсан. Мөн бид хамт амьдарч байхдаа хадам ахаараа малчны зээл авахуулж машин авсан. Энэ зээлнээс болж гэр бүлийнхээ хүнтэйгээ болон хадмуудтайгаа их маргалдах болсон. Үүнээс болж охин маань их айдастай, айж цочдог болчихоор нь охиноо аав, ээж рүүгээ явуулаад, өөрөө гэртээ үлдэж туслах багшаар ажиллаж эхэлсэн. Би 2015 онд сургуулиа төгсөөд багшаар ажилладаг болсоны дараахан манай нөхөр хөдөө аав, ээж рүүгээ явснаас хойш хамт амьдрахаа больсон. Би 2015 оны сүүлээр хамтран амьдрагчтай болж, 2016 оны 11 дүгээр сард хүүтэй болсон учраас гэрлэлтээ  цуцлуулж охин М.Аг өөрийнхөө  асрамжид   үлдээх хүсэлтэй байна  гэв.

Хариуцагч Ч.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Атай 2007 онд танилцан гэр бүл болсон. 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин М.А төрсөн. Миний эхнэр жирэмсэн байхдаа туслах багшаар ажиллаж, харин би барилга дээр ажиллаж хамтдаа сайхан амьдарч байсан. Гэхдээ түүнээс хэдэн жилийн дараагаар хоёр талын хамаатнуудын хэл амнаас болж бид хоорондоо маргалдах болсон. Би эхнэртээ машин авч өгсөн боловч зан ааш нь өөрчлөгдөн машинаа унаж гараад гэртээ оройтож ирдэгээс болж бид хоорондоо их маргадаг байсан. Тухайн үед миний ээжийн бие муудаж 2014 онд нас барсан. Би ээжийгээ асарч байснаас болж дахин эхнэр, хүүхэдтэйгээ уулзаагүй. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, аавыгаа асраад Тэрэлжид байгаа. Миний охин өдий болтол ээж дээрээ байсан, мөн Ц.А нь өөр гэр бүлтэй болсон учраас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээхэд маргах зүйл байхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А хариуцагч Ч.Мгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Ч.М нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Ч.М нар 2007 онд танилцаж, 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж,  2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин М.А төрсөн байна. Одоо эх Ц.Агийн асрамжид байгаа болох нь гэрлэгчдийн 0076864-13 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, М.Агийн 0000756457-24 дугаарын төрсний гэрчилгээний хуулбар, “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн “М.А 2018-2019 оны жилд тус сургуулийн хичээлийн 3 байрны 213 бүлэгт суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт зэргээр  тогтоогдож байна. /хх-4-6/

Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцолоос шалтгаалан тусдаа амьдраад 4 жил болсон. Энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдраагүй, нэхэмжлэгч өөр бусадтай хамтын амьдралтай болсон байна. Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон /хх-7-10/, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ аваад ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 Гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд  2011  оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин М.А нь эх Ц.Агийн  асрамжид байсан, хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй, хүүхдийн амьдрах орчин, түүнд тавих анхаарал халамж зэргийг харгалзан охин М.Аг эх Ц.Агийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Ц.А хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар шаардлага гаргаагүй болно.

Шүүх  нэхэмжлэлийн   шаардлагыг  хангаж  шийдвэрлэсэнтэй  холбогдуулан нэхэмжлэгч Ц.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Мгээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Ц.А, хариуцагч Нарванчин Ч.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин М.Аг эх Ц.Агийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Мгээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

8.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

       ДАРГАЛАГЧ                                         Н.БАЯРСҮРЭН