Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Х.Насанжаргал,

Хохирогч Г.Шинэтулга /цахимаар/

Шүүгдэгч Б.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батхуягт холбогдох эрүүгийн 2230000000224 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн ............ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл .............. хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .........дүгээр “...........” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б-ын Б  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.Батхуяг нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг оршин суух иргэн Цэвээндоржийн гэрт хохирогч Г.Шинэтулгын зүүн гарын чигчий болон ядам хуруу хэсгийг хутгаар зүсэж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батхуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.     

Хохирогч Г.Шинэтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би хоёр хүн муудаж байхад нь болиулах гээд голоор нь ороход миний гарыг зүссэн. Би нэг сар гаруй хугацаанд эмнэлгээр явсан. Б.Батхуяг надад 500,000 төгрөг өгсөн. Одоо 2,500,000 төгрөгийн хохирол барагдуулбал гомдолгүй...” гэв.

Эрүүгийн 2230000000224 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Б.Батхуяг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Түмээ гэх залуу гаднаас нэлээн согтуу орж ирээд Цэнд-Аюушийн хутгыг булааж аваад газар шидэхээр нь би тухайн хутгыг аваад зугтахад миний ардаас тухайн хутгыг надаас булааж авах гэхээр нь “би чамд энэ хутгыг өгөхгүй” гээд гараа хүчтэй татахад тухайн хүний гарыг зүссэн. Тэгэхэд Г.Шинэтулга “чи миний гарыг зүслээ” гэхээр нь би айж сандарсандаа гэр рүүгээ танил ахаараа хүргүүлсэн...” гэх / хх 51-53 дугаар хуудас/
  • Хохирогч Г.Шинэтулгын “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед сумын төв рүү түлш авахаар ирсэн. Би найз Цэвээндоржийнх руу 18 цагийн үед ороход Цэвээндорж, Цэнд-Аюуш нар болон үл таних залуу архи ууж байсан. Тэд нартай юм яриад сууж байгаад, ууж байсан архинаас нэг хийж өгөхөд нь би авсан. Удалгүй Цэнд-Аюуш зүс таних залуутай муудаж маргалдаж байгаад, үл таних залуу тавагтай маханд байсан хутгыг авч Цэнд-Аюуш руу “ална” гээд дайрч байгаад гэрээс гарч Цэнд-Аюушийг “гараад ир” гээд дуудаад байсан. Би гэрээс гарч үл таних залууд хандан “хутгаа хая" гэхэд, хутгаараа далайгаад дайрч байгаад миний зүүн гарын чигчий болон ядам хурууны завсар хэсгээс гарын алга хэсэг руу 8 см орчим 1-1,5 см гүнтэй зүсчихсэн. Миний гарыг зүсээд зугтаад явсан. Гарын цус тогтохгүй гараараа дараад эмнэлэг рүү явж оёдол тавиулсан” гэх / хх 18-19 дүгээр хуудас/
  • Гэрч Д.Цэвээндоржийн “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өглөөний 10 цагийн үед Цэнд-Аюуш утсаар залгаад хонь муулаад өгөөч гэсэн. Би Цэнд-Аюушийнх руу очиж хонь муулж өгөхөд Цэнд-Аюуш намайг гэр рүү хүргэж өгсөн. Цэнд-Аюуш яваад Хуягаа, Баярсайхан нар Эдэн нэртэй 1 литрийн архитай манай руу хүрээд ирсэн. Манайд ирээд Цэнд-Аюуш намайг хоол хийгээд өгөөч гэхээр нь мах чанаж өгсөн. Бид нар хоолоо идэнгээ 2 шил архи хувааж уусан. Гэтэл Хуягаа, Цэнд-Аюуш нар хоорондоо тоглож байгаад маргалдсан. Хуягаа, Шинэтулга, Цэнд-Аюуш нар гараад явсан. Удалгүй Шинэтулга гаднаас орж ирэхдээ "Хуягаад гараа зүсүүлчихлээ” гээд цус нь гоожоод орж ирсэн. Шинэтулгын гарын цус тогтохгүй байсан тул би “яаралтай эмнэлэг яв” гэхэд, Цэнд-Аюуш, Шинэтулга нар эмнэлэг явсан. Шинэтулга, Батхуяг нар муудаж маргалдсан зүйл байхгүй. Харин Батхуяг, Цэнд-Аюуш нар муудаж маргалдаад, Шинэтулга дундуур нь орж Батхуягийн барьж байсан хутгыг нь авах гэж байгаад гараа зүсүүлсэн байсан...” гэх / хх 22-23 дугаар хуудас/
  • Гэрч П.Цэнд-Аюушийн “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед гэртээ байхад манай дүү Мөнхбанзрагч миний портер маркийн машиныг “хөдөөгөөс авч ирээд айлын хашаанд үлдээсэн” гэж утсаар хэлсэн. Би машинаа үлдээсэн айлаас нь очиж аваад, гэр рүүгээ явж байх замдаа Баярсайхантай таарч Цэвээндоржийнд очиж “Хараа” нэртэй 0.75 граммын архи хувааж байсан. Би өөрийн Портер маркийн 90-93 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Баярсайханы хамт, Төрөөгийнд очиж “дэл, сүүл өгнө” гэж хэлээд 20,000 төгрөг авсан. Төрөөгийнд Хуягаа сууж байсан. Бид хоёр гарахдаа Баярсайхан, Хуягаа нарыг гаръя гээд дагуулаад гарсан. Бид гурав машинтайгаа Буяннэмэх дэлгүүрээс 0,75 граммын “Хараа” архи аваад Цэвээндоржийнд очиж уусан. Бид нар архиа ууж байхад Хуягаа “та нарт би ганц юм авч өгье” гэхэд нь, би машинаа бариад Хуягааг суулгаад, “Баяндэлгэр” дэлгүүрээс 1 литрийн “Эдэн” архи авсан. Бид хоёр архиа аваад Цэвээндоржийнд очиж архиа ууж байгаад би Хуягааг “чи Баярцогт ахын хүүхэд биш дээ арай өндөр байна” гэж хэлэхэд, Хуягаа уурлаад савтай махнаас хутга аваад намайг “гараад ир” гээд байсан. Шинэтулга үүдэнд байсан тул хутгыг нь авах гэж байгаад гараа зүсүүлсэн байсан. Хуягааг Очко ах машинтайгаа аваад явсан. Би Шинэтулгын гарыг харахад, цус гоожоод тогтохгүй байсан тул би “эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм байна” гээд Шинэтулгыг машинтайгаа аваад эмнэлэг рүү очсон...” гэх /хх 30-31 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 3-7 дугаар хуудас/,
  • Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9 дүгээр хуудас/
  • Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганы схем зураг /хх 12 дугаар хуудас/
  • Хохирогч Г.Шинэтулгад үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 38 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 341 дугаартай “...1. Хохирогч Г.Шинэтулгын биед зүүн гарын чигчий болон ядам хуруу хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт, /хх 37-38 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Батхуягийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Батхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа,  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,  /хх 61 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Б.Батхуягаас эмчилгээний зардалд 500,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 64 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Б.Батхуягийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого /хх 65-68 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Батхуягт холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 70-74 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Б.Батхуяг, хохирогч Г.Шинэтулга нар хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч Б.Батхуяг нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг оршин суух иргэн .................. гэрт хохирогч Г.Шинэтулгын зүүн гарын чигчий болон ядам хуруу хэсгийг хутгаар зүсэж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Шинэтулга, гэрч Д.Цэвээндорж, П.Цэнд-Аюуш нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганы схем зураг,  Хохирогч Г.Шинэтулгад үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт,  Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 341 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Б.Батхуяг нь хохирогч Г.Шинэтулгын гарын чигчий хуруу болон ядам хурууг хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ бусдын гарын хурууг хутгаар зүсэж эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 Прокуророос шүүгдэгч Б.Батхуягийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Батхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Батхуягийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Б.Батхуяг нь урьд  гэмт хэрэгт холбогдож байгаагүй, уг гэмт хэргийг үйлдэхдээ урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдэж байна. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.Батхуягийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэм буруугийн хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хор уршгийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Батхуяг нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23.5 см урттай шар өнгийн модон бариултай нэг ширхэг хутгыг устгуулах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй...” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч Б.Батхуяг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгосон, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний хувиараа мал аж ахуй эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.            

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Батхуяг нь хохирогч Г.Шинэтулгын өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал болон бусад зардалд 2,500,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд энэ тогтоолоор Б.Батхуягийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Шинэтулга нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.Батхуяг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23.5 сантиметрийн урттай, шар өнгийн модон бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхуягт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Батхуягт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхуяг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

6. Шүүгдэгч Б.Батхуяг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Шинэтулгад 500,000 төгрөгийг нөхөн  төлсөн бөгөөд хохирогч Г.Шинэтулга нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Г.Шинэтулга нь нь цаашид  гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23.5 сантиметрийн урттай, шар өнгийн модон бариултай хутгыг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ