Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 14

 

С.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02495 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-нд холбогдох

 

Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ж- би өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын 20-116 тоот хаягт байрлах 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг үеэл ах Д.Зт 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах эрхийг олгож, нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн юм. Энэхүү итгэмжлэлийн дагуу үеэл ах Д.З нь А.Б гэх этгээдийн хамтаар миний дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, Ж.Э гэх этгээдээс зээл аваад зохих хугацаанд нь зээлээ төлөөгүй байсан. Ингээд зээлдэгч Ж.Э нь шүүхэд хандаж, зээлийн төлбөрөө нэхэмжлэхэд Д.З, А.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, улмаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж гаргасан байсан. Шүүгчийн захирамжид миний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай туссан бөгөөд, Д.З нь энэ тухай надад огт хэлээгүй юм. Улмаар төлбөр төлөгч Д.З, А.Б нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Гэтэл өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр НШГА-наас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албан худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоотод байрлах 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 59 сая төгрөгөөр худалдсан байна. Миний бие олон нялх хүүхэдтэй өөр орох оронгүй байтал өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хөрөнгийг үнэгүйдүүлж, улмаар дуудлага худалдаагаар худалдсанд гомдолтой байна. НШГА-ны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар шийдвэрээр А.Б, Д.З нараас 121 802 729 төгрөгийг гаргуулж Ж.Эд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2585 дугаар гүйцэтгэх хуудсанд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар А.Б, Д.З нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- 2201004389 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан. Иймд дээрх барьцаа хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 09/24 тоот тогтоолоор битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар С.Ж-д хариуцуулан тус өдрийн 35 тоот шүүхийн шийдвэр тогтоол биелүүлэх мэдэгдлийг хугацаатай өгөхөд төлбөр төлөгч нар шүүхийн шйидвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот эд хөрөнгө хураасан тогтоолоор хурааж шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай дахин мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/14 тоот, 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/29 тоот хугацаатай мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч нар болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авахад С.Ж- болон төлбөр төлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан үнийн санал өгөхөөс татгалзсан. Иймд шинжээч томилуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 124 тоот тогтоолоор Сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 286 тоот тушаалаар олгосон 07120004 тоот хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн эрхтэй Хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК нь зах зээлийн бодит үнэлгээг 118 000 000 төгрөгөөр тогтоолгосон. Дээрх зах зээлийн бодит үнийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/42438, 3/42236, 3/42237 тоот мэдэгдлээр мэдэгдсэн болно.

Анхны албан дуудлага худалдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/44001, 1/44006, 1/4405 тоот мэдэгдлүүдийн төлбөр төлөгч авагч, өмчлөгч нарт өгч, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдааны үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118 000 000 төгрөгийн 70 хувиар 82 600 000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй болно.

Гуравдагч этгээд болох С.Ж- нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 тоот шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17233 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 59 000 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч дахин үнийн санал ирээгүй болно.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Ж- нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 54 тоот захирамжаар дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан тул НШГА-ны дэд дарга, улсын байцаагч, ахмад Р.Энхтайваны улсын байцаагчийн актаар 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/181 тоот тогтоолыг хүчингүй болгон барьцаа хөрөнгийг дахин 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 118 000 000 төгрөгийн 50 хувь буюу 59 000 000 төгрөгөөр оруулахад 61 000 000 төгрөгөөр худалдан борлогдоод байна.

С.Ж- нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3741 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 дахь удаагаа түдгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж удаашруулж байгаа нь төлбөр авагч Ж.Эийн шүүхээр хамгаалуулсан эрх ашиг бодит амьдрал дээр биелэгдэхгүй давхар хохирсоор байгаа болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль болон Шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу явагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч болон С.Ж- нарт тухай бүрт мэдэгдэж байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байснаас харахад С.Ж- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анхнаасаа мэдэж байсан төдийгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо тухай бүр шүүхэд хандан шийдүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШГА-ны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 тоот тогтоолын дагуу явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэгч С.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02495 дугаартай, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Өмчлөгчид мэдэгдэлгүйгээр Нийслэлийн Шийдвэр гүйцэттэх албанаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж, миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоотод байрлах 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 61 000 000 төгрөгөөр худалдсан байдаг. Шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зт 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2/6 тогтоолыг гардуулан мэдэгдсэн болох нь 3/5918 мэдэгдэл болон 2/6 тогтоолын хуулбараар тогтоогдож байна гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч буюу өмчлөгч С.Ж-гийн хувьд төлбөр төлөгч Д.Зт өөрийг нь Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл олгосон зүйл, үйл баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчид мэдэгдсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Д.Зт 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ИХШХШТХуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг С.Ж-гийн хувьд итгэмжлэлээр олгосон байдаг ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай ямар ч хамааралгүй юм. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид зохих ёсоор мэдэгдээгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж, албадан дуудлага худалдааг зохион байгуулсан гэж үзэхээр байна.

Мөн шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоотод байрлах 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдаа болохоос 14 /2017.02.10-2017.02.23 /арван дөрвөн/ хоногийн өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний шуудан сонинд албадан дуудлага худалдааны тухай зар гаргасан болох нь Үндэсний шуудан сонины 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №029/2726/ дугаарын хуулбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан ажиллагаа бөгөөд энэ хуульд заасан журмын дагуу явагдах ёстой байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хугацааг тоолохдоо тогтоосон он, cap, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас тоолно” гэж заасан байна. Хуулийн энэхүү зохицуулалтаар бол албадан дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлсэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдөр гээд 1 хоног болно. Энэ журмаараа тоолоход /2017.02.11-2017.02.23 /арван гурван/ хоногийн өмнө нийтэд мэдээлсэн болж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмын дагуу хугацааг тоолж гаргаагүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг хариуцагч зөрчсөн бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж албадан дуудлага худалдаа явуулсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч С.Ж- нь олон бага насны хүүхэдтэй, өөр орох орон гэргүй байтал байгаа ганц үл хөдлөх хөрөнгийг нь үнэгүйдүүлж, хуульд заасан журмын дагуу нийтэд мэдээлэх журмыг зөрчиж, дуудлага худалдаагаар хямд үнээр худалдсанд гомдолтой байна. Иймд дээрх 3 үндэслэлээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

НШГА-ны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Ж-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч НШГА- эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар захирамжаар А.Б, Д.З нарын 121 802 729,27 төгрөгийг Ж.Эд төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу НШГА- 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 4 өрөө бүхий орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хураан авсан байна. /хэргийн 33-35, 36 дугаар тал/

 

Хариуцагч НШГА- нь үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчөөс үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцны үнийн санал авахад өмчлөгч болон төлбөр төлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан үнийн санал өгөхөөс татгалзсан тул хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 118 000 000 төгрөгөөр үнэлсэний дагуу хариуцагчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 12/294 дүгээр тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь буюу 82 600 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар уг үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй тул 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2/6 тоот тогтоолыг гаргажээ. /хэргийн 53 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид “албадан дуудлага худалдаа” гэх/-г шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа аймаг, НШГА- зохион байгуулна.”, 43.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг ...төлбөр төлөгчид хүргүүлнэ.” гэж заасан ба хариуцагч НШГА- хоёр дахь албадан дуудлага худалдаа болох талаар орон сууцны өмчлөгч С.Ж-д 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар, мөн өдөр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зт гардуулсан байна. Уг тогтоолыг төлбөр төлөгч гардан авсан болохыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. /хэргийн 51, 53 дугаар тал/

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө олон нийтэд Үндэсний шуудан сонины 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 029 /2726/ дугаарт мэдээлсэн байна. /хэргийн 109-110 дугаар тал/

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг НШГА- зохион байгуулж байгаа талаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, мөн албадан дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулна гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн завж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

 

                                                                       С.ЭНХТӨР