Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 68

 

Б.М-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0202/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.МанлайБ- даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Шүүгдэгч                                       Б.М-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ж.Туяа                                                    

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолтой Б-ын М-ид холбогдох, 1918000000127 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд  нь:

-1990 онд  Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1., 275 дугаар зүйлийн 275.1.д зааснаар 3 жил хорих ялаар., 

1996 онд  Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан., 

1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар.,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.,   ********** регистрийн дугаартай, Т- овогт Б-ын М-.

Шүүгдэгч Б.М- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх трейд” зочид буудлын гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Х-ыг гараар цохиж, газарт чирж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-2019 оны 03 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 9 дүгээр байрны 40 тоотод бусдын гэрт зодож алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Т- овогт Б-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8.д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг.,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8.д зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 2.2.т зааснаар Б.М-ид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 17 /арван долоо/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.М-ид оногдуулсан 17 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1., 508.2.т зааснаар шүүгдэгчээс 5.639.556 /таван сая зургаан зуун гучин есөн мянга таван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 15 дугаар байр, 35 тоотод оршин суух Б- овогт Т-ын С- /РД:**********, утас: ********, ********/-т олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэм хор учруулсны төлбөр гаргуулах нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн торон ноосон цамцыг шйитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, 2010 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Б- овогт Х-ын Энххүслэнд асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдолдоо:

...Миний бие 2018 оны 10 дугаар сарын 29-нд Т.Х-ыг зодож хөнгөн гэмтэл учруулж байснаа хүлээн зөвшөөрч байна. Харин 2019 оны 03 дугаар сарын 12-нд хамтран амьдрагч Т.Х-ыг зодож амь насыг нь хөнөөгөөгүй. Тухайн өдөр бид 2 хоорондоо маргалдаж, зодолдоогүй. Гэрч гээд байгаа Д.Ш-, н.Ц- нар худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Иймд хэргийг дахин шалгуулж үнэн зөвийг олж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М- тайлбартаа:

Миний бие Т.Х-ыг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин амь насыг нь хөнөөгөөгүй. Гэрч нар худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Мөн миний бие байцаагч гэрчүүдээс дутуу мэдүүлэг авсан гэж үзэж байгаа. Тухайн үед н.Ш- унтаж байсныг би сайн санаж байна. Иймд хэргийг дахин шалгуулж үнэн зөвийг олж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрт өөрийн амьдардаг байраа өгье гэсэн боловч хохирогч тал аваагүй. Тухайн байрыг зарах гэсэн боловч одоо хүртэл зарагдаагүй байгаа. Энэ гэмт хэрэгт хохирогчийн хувийн байдал нөлөөлсөн гэж үзэж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хоёр гурван хоногийн өмнө авсан байх боломжгүй бөгөөд хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд тодорхой заасан байдаг. Тухайн гэмт хэргийг шүүгдэгч нь эхнэрээ Ц.Ц-тай хардасны улмаас үйлдсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх трейд” зочид буудлын гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Х-ыг гараар цохиж, газар чирж, өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан., 

мөн  2019 оны 03 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг 9 дүгээр байрны 40 тоот бусдын гэрт Т.Х-ыг  зодож алсан  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8., 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч  Б-ын М-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8.д зааснаар 17  жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 720  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 2.2.т зааснаар Б.М-ид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 /арван долоо/ жил 3 /гурав/ сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.М-ид оногдуулсан 17 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.М- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Х-ыг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх трейд” зочид буудалд унтаж байхад нь согтуу орж ирээд буудлаас чирж гарган, буудлын гадаа нүүр, нүд рүү нь алгадаж, хөл, гар, гуяны дотор тал руу нь өшиглөж зодож, түүний биед зүүн гуяны бохирдсон шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралтын сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.,

мөн 2019 оны 03 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 9 дүгээр байрны 40 тоотод иргэн Ц.Ц-ын гэрт Д.Ш-, Ц.Ц- болон хохирогч Т.Х- нартай дөрвүүлээ архи ууж, улмаар хохирогчийг Ц.Ц-тай хардаж нүүр, толгой, цээж рүү нь олон удаа өшиглөж, гараараа хүчтэй цохиж зодсоны  улмаас хохирогчийн  биед гавал тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай дагз хохирогчийн хатуу бүрхүүл доорх 63 гр хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, дагзны хуйхны булчинд цус хуралт, баруун чамархайн хуйхан дахь няцарсан шарх, зүүн нүдний зовхи, уруул хүзүү, зүүн мөр, бугалга, баруун ташаа, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан үйл баримт болжээ.

Энэ үйлдлүүд нь  тухайн үед болсон үйл баримтууд болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоол гарах үндэслэл болсон нотлох баримтууд болох:

Хохирогч Т.Х-ын 2018.12.05-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн:

...2018.10.28-нд “Өсөх трейд” буудалд таньдаг нэг залуутайгаа архи уугаад хоносон. Тэрийг Б.М- яаж мэдсэнийг мэдэхгүй, цагийг санахгүй байна, тэр залуу явчихсан ганцаараа унтаж байтал Б.М- орж ирээд намайг буудлаас чирж гаргаад зодож эхэлсэн..,  Хөл, гар, гуя руу зөндөө өшиглөсөн.., Бас шатаар буухдаа чирээд байсан..,  Тэр үед бид хоёр хоёулаа согтуу байсан.,  зодуулснаас гуяны дотор тал хөхөрсөн, доод үүдэн 1 шүд унасан, зүүн талын хацар, нүд тэр чигтээ хавдсан., Биеийн энд тэнд хөхөрсөн, гуянаасаа болоод гэмтлийн эмнэлэгт 20 хоног эмчилгээ хийлгэсэн.., 2015 он бил үү, хамт архи ууж байгаад муудалцаад намайг зодож, архины шилний амсар хэсэг дээр толгой дараад, баруун нүдээр шил мөргүүлээд, нүд битүү хавдаж гэртээ 2 хоног хэвсэн., нүд харахгүй болсон тул хагалгаанд ороход нүдний доторх бүх зүйл холилдсон байсан гэсэн..,

Би Б.М-ийг хэрэгт орчихно гэж бодоод ...шөнө бие засах гэж гарч яваад хадаасан дээр унасан... гэж эмнэлэгт хэлсэн. Анхандаа нүдгүй болчихно гэж бодоогүй, тоогоогүй юм... гэсэн мэдүүлэг /1-р х.хийн 133-р хуудас/,

-шүүгдэгч Б.М-ийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн:

 ...2018.10.30-ны өдөр үйлчилгээн дээр зогсож байхад Б- ирээд ...эхнэрээ аваарай, буудалд хэвтэж байгаа шүү, очиж аваарай...гэхээр нь би буудал руу яваад орсон чинь эхнэр шалдан, согтуу, алцайгаад унтчихсан байхаар нь гуяных нь дотор талд гараа атгаж байгаад нударга хэсгээрээ цохиод дотуур хувцсыг нь хайгаад олохгүй болохоор өмд, цамц, курткийг нь өмсгөөд буудлаас гартал чирж буулгасан.., Уурандаа ганц нэг цохьсон нь үнэн., Би ...бос бос...гээд алгадсан., тэгээд босохгүй болохоор нь чирээд гадаа гараад нилээд суусан.,. Би эхнэрээ зодсон нь үнэн ...гэсэн мэдүүлэг /1-р хх.ийн  127, 138-р хуудас /,  

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2018.11.07-ны өдрийн 1118 дугаар  ...Т.Х-ын биед зүүн гуяны бохирдсон шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралтын сорви гэмтэл нь 2018.10.29-ний өдөр үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /1-р хх141-р хуудас/,

-Гэрч Д.Ш-ийн мөрдөн байцаалтанд удаа дараа тогтвортой өгсөн ...

...Ц-ынд Х-, М-, Ц- /Ц-/ бид нар архи уугаад бараг дуусч байхад Б- орж иртэл Х- гэх эмэгтэй Б- руу “...зайл, эндээс гар, яв..” гээд хөөгөөд салаавч өгөөд байсан.., Яагаад тэгснийг мэдэхгүй. Гэтэл М- орж ирээд Ц-, М- хоёр луу уурлаад  ...байранд хүн цуглуулж архи уулаа, наадуулаа явуулаарай, цагдаа дуудна... гээд гараад явсан..,

Удалгүй М- яах гээд гарсныг мэдэхгүй, гэрээс гараад явсан.., энэ хооронд Ц-, Х- гэх эмэгтэй рүү ...чи гэр оронд битгий чанга, чанга орилж хашгираад бай...гэж хэлсэн. Энэ үед  М- удалгүй ороод ирсэн.

Тэгсэн л М- Х- гэх эмэгтэйг Ц-той хардаад байгаа бололтой янз янзаар Х-гээ хараагаад, Ц-г хараагаад байхаар нь Ц- гэрээсээ Б-ын хамтаар гараад явсан.., Энэ 2-ыг явсны дараа М- Х-гээ элдвээр хэлээд ...пизда, чи муу янхан минь Ц-той унтах гээд байгаа юм уу...гэтэл  Х- гэх эмэгтэй нь мөчөөгөө өгөхгүй М-ийн урдаас ...чи муу юу гээд байгаа юм, хуцаад бай чи, пизда... гээд бие биеэ элдвээр харааж байснаа М- Х-г нүүр, толгой, цээж рүү нь цохиод зодоод байхаар нь би М-ийг ...чи болиоч, эмэгтэй хүнийг яагаад ингэж зодож байгаа юм...гэхэд М- намайг ...чи юу юм, дуугүй бай балай, галзуу авгай минь...гэж над руу хашгирахаар нь нь би дуугүй болсон.

Тэгээд би ус уухаар 00-ийн өрөө ороод эргээд том өрөөнд ортол Х- гэх эмэгтэй диван орон дээр хагас сууж байтал М- цээж рүү нь өшиглөөд зодоод байхаар нь   би дахин ...болиоч... гэсэн чинь ...дуугүй байгаарай, чамд хамаагүй шүү, хуцалгүй дуугүй бай, балай авгай минь...гээд аймаар аймаар хараад байсан.

Миний баруун гар хадаастай, хөдөлгөөн муутай учир тэр 2-ыг салгах гээд дийлэхгүй, Х- гэх эмэгтэй нь элдвээр хэлээд зодуулаад байсан.., Тэгтэл М-ид зодуулаад Х- гэх эмэгтэйгийн толгойноос цус гарч, Х-гийн өмсөж байсан цайвар шар өнгийн торон цамц нь цус болсон.., М- түүнийг тайлаад өөрийнхөө подволкийг Х-д өмсүүлээд цамцыг нь ванны өрөөнд орж угаасан.., Тэр 2 зодолдсоныхоо дараа М- нь диван дээр, Х- нь диваны харалдаа шалан дээр, би хамгийн захад газарт гудсан дээр унтсан. .,Тэгтэл шөнө дунд байна уу, үүрээр ч бил үү, М- муухай муухай бархираад ...Х-, Х-, хүүе Х-...гээд орилоод байсан.., Тэгэхээр нь би сэрээд хартал М- надад ...Х- өнгөрчихсөн байна ш дээ...гээд зүрхэн дээр нь хиймэл амьсгал хийгээд байсан..,  Тэр үед Ц- гэртээ байгаагүй, шөнө ирж хоноогүй. Зодоон болсны дараа Х- газарт хэвтэж байхдаа ...ёооё...гээд зөөлхөн ёолсон. Зодуулсны дараа Х-гийн үсийг нь дагаж цус гоожсон.., Толгойноос нь цус гарсан гэж бодож байна.., М-оос өөр хүн Х-г зодоогүй...гэсэн мэдүүлэг,  /1-р хх 47-50, 52,-р хуудас   /

Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн:

-Би 03 сарын 12-ны өглөө гэрээсээ гараагүй., Өдөр 14.00 цагийн үед манай эхнэр М-ийн төрсөн дүү М-, хамтран амьдрагч Х- гэх хүүхний хамт хаалга нүдээд ...Ц- ахаа...гээд орилоод байхаар нь хаалгаа онгойлгоод оруулсан.., Тэр 2 ирэхдээ эрүүл байсан бөгөөд бид хоёр хоол бэлдэж байя, та гуриланд явахдаа архи аваад ир...гээд М- надад 4000 төгрөг өгсөн.,  Би захаас 1 шил архи, 1 кг гурил аваад гэр лүүгээ явж байхдаа урд хамт ажиллаж байсан Ш-тэй таарч манайх руу хамт орсон..,

Тэгээд бид хоол идэнгээ нөгөө архиа уусан.., Ш- мөнгө гаргаж дахин архи авч уусан.., Манайд орой 19.00 цаг өнгөрөөд 20.00 цаг дөхтөл хамт сууцгаасан.,Энэ үед гаднаас М-ийн найз Б- орж ирсэн.., Тэр эрүүл байсан.., орж ирээд ч архи уугаагүй.,. Биднийг юм яриад сууж байхад М- над руу агсраад байхаар нь би гараад явсан.., Б- миний араас гарсан санагдаж байна.., Хэдэн минутын дараа гэртээ ирээд хаалгаа түлхүүрээр онгойлгох гэтэл хаалга дотроосоо түгжсэн байсан тул орж чадаагүй.., Тэгээд би согтуу хүмүүстэй хэрүүл уруул хийгээд яахав гээд хаалгаа нүдэлгүй хажуу талын байрны подвольд байх Э- ахынд хоносон.,

Архи уугаад сууж байхад М- ..чи миний эхнэрийг оролдлоо.. гээд хардаад байхаар нь би ...арай ч дээ, чи ахыгаа эхнэртэйгээ хардаад байхдаа яахав дээ...гэж хэлээд гарсан.., Намайг гэрт байхад М- талийгаач 2 маргалдаж байсан болохоос зодолдоогүй..., ...Б- орж ирээд ...архи дарс уухаа боль, талийгаачийг явуулаач..,гэж М-ид хэлсэн., тэгж байтал Б-ыг талийгаач хэл амаар доромжлоод байхаар нь би Б-тай хамт гараад тэр гэр лүүгээ, би Э-гийн гэрт хоносон..,  М- талийгаач 2 байнга хэрүүл маргаан хийдэг, М- нь талийгаачийг дандаа зодож нүддэг байсан..гэсэн мэдүүлэг,  /1-р хх 53-57-р хуудас /  

            Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн :

           ...тэр орой М- над руу 18 цаг 30 минутын үед байн байн утасдаад байхаар нь очиход  М-, Ц- Х-, Ш- нар архи уучихсан, шал согтуу байсан.., М- нь Ц- руу агсам тавиад надад “энэ Ц- намайг гадагш гараад ирэхэд манай эхнэртэй унтсан байна ш дээ.” гээд дайраад байсан..,

Тэгтэл Ц-...би юу гэж тэгж байдаг юм бэ, дүүгийнхээ эхнэртэй юу гэж унтаж хэвтэж байдаг юм...гэсэн., М- ...Энэ Х- дээгүүрээ цамцгүй, левчиктэйгээ байж байна ш дээ, Ц- толгой руу нь цохьсон гээд Ц- цамцыг нь угаагаад пааран дээр тавьсан байна...гэж хэлж байсан..,

             Би тэгэхээр нь ..арай ч Ц- тэгэхгүй байхаа...гэтэл  над руу М- агсам тавиад эхэлсэн.., Тэгээд би ...хэрүүлдээ намайг дуудсан юм уу, би явлаа...гэхэд

Ц- ...байж бай... гээд үлдээсэн.., Тэд нар архиа уугаад хэрэлдэж байтал М-ийн эгч М- орж ирээд тэднийг загнаж байгаад ..би цагдаа дуудсан, та цагдаа ирэхээр нь гэр Ц-лоод түлхүүр аваад явчихаарай...гэж надад хэлсэн. М- над руу агсраад байхаар нь би гараад явсан.., Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй.., М- над руу ...чи манай эхнэрийн гарыг хөхрүүлсэн...гээд байсан.., Харахад талийгаач Х-гийн гарын бугалганы хавьд хөхөрсөн байдалтай байсан... гэсэн мэдүүлэг, /1-р хх 58-р хуудас /

-Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...2019.03.12-ны орой 20.00 цагийн үед Ц-ын гэрт очиход талийгаач, М-, Ш-, Б- нар  архи ууж байсан.., Б- архи уугаагүй, эрүүл байсан.., Ц- байгаагүй.., тухайн үед  талийгаач, М- хоёр диван дээр суусан.,  Ш- нь газарт хэвтэж байсан.., Тэгээд босохоор нь таньсан.., Би ороод М- руу орилж хашгирч загнаж байгаад гараад явсан.., Би гарахдаа Ц-ыг ирэхээр хаалгыг нь түгжүүлээрэй... гээд Б-д хэлээд гарсан. Тэнд хэрүүл маргаан гарсан шинжгүй байсан... гэсэн мэдүүлэг, /1-р хх 61-р хуудас /

-Гэрч Б.Ч-ийн мэдүүлсэн:

2019.03.12-ны орой Ц- манайд 21.00 цагийн үед халамцуу орж ирсэн.,   тэгээд манайд согтуучууд байгаа.., Ц- авгайтайгаа ирсэн. .,Танайд хэсэг зурагт харж сууя...гээд 23.00 цаг хүртэл байж байгаад ...Э-гийнд очиж хонолоо... гээд гараад явсан., гэсэн мэдүүлэг,/ 1-р хх 69-р хуудас/

            -Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019.03.26-ны өдрийн 33 дугаартай:

        ...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 гр хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, дагзны хуйхны булчинд цус хуралт, баруун чамархайн хуйхан дахь няцарсан шарх, зүүн нүдний зовхи, уруул хүзүү, зүүн мөр, бугалга, баруун ташаа, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох үед үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.., Талийгаачийн нас барсан цаг хугацааг шүүх эмнэлгийн эхний үзлэгээр тогтоосон...гэсэн дүгнэлт, / 1-р хх 78-80-р хуудас /,

-Шинжээч Э.Отгончимэгийн өгсөн:

 ...Талийгаачид үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2019.03.12-ноос 13-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.., Дээрх гавал тархины баруун тал бөмбөлгийн дух зулай, чамархай дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 гр хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцрал гэмтэл авсан хүн 3-4 хоног амьд явах боломжгүй, дээрх уртавтар тархины хэсэгт хүний амин чухал төв болох амьсгалын төв оршдог тул боломжгүй...гэсэн мэдүүлэг.,  /1-р хх 71-р хуудас/ болон хэргийн газарт хийсэн үзлэг, тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл., дээрх  үйл баримт болсон цаг хугацаа зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн  тухайн зүйл, хэсэгт заасан  заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

Мөн шүүгдэгч Б.М- нь ... 2019 оны 03 дугаар сарын 12-нд хамтран амьдрагч Т.Х-ыг зодож амь насыг нь хөнөөгөөгүй...гэж мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, давж заалдах гомдол гаргасан байх боловч тухайн өдөр болон шөнө хохирогчийг Б.М-оос өөр хүн зодож биед нь үхлийн гэмтэл учруулсан гэж үзэх хэрэгт хамааралтай ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний энэ мэдүүлэг нь тухайн үед болсон үйл баримт, тухайлбал талийгаачийн биед гавал тархины баруун тал бөмбөлгийн дух зулай, чамархай дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 гр хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцрал гэмтэл учирснаас нас барсан нь шүүгдэгч нь хохирогчийг цохиж зодоогүй, хүч хэрэглээгүй, гэмтэл учруулаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд  энэ нь хэрэгт авагдсан гэрч Д.Ш-, Ц.Ц-, Ц.Б- нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болсон үйл баримт, нотлох   баримт, гэрчүүдийн мэдүүлэг, эрх бүхий шинжээчдийн дүгнэлтүүдээс үзэхэд  хохирогч Т.Х-ыг шүүгдэгч Б.М-оос өөр этгээд алсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын  үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, эсхүл няцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт  мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч,  шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор  шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

           2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                                     Ц.ТУЯА

                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ