Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 125/2023/0030/З |
Дугаар | 221/МА2024/0293 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0293
Б.Бийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0012 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч ХАЖСЗД, ХАИТХ
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Б
Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 125/2023/0030/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 125/ШШ2024/0012 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Б.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийн өөрт хамаарал бүхий хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл.
2.1. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр маргаагүй бөгөөд 40.1.1, 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэтгэлцдэг. Өөрөөр хэлбэл талуудын маргааны гол агуулга бол 2022, 2023 оны татварын төлөлт бүрэн эсэх, татварын цахим програмаар ногдуулсан татварын дүн үнэн зөв эсэх, сонсгох ажиллагааг хариуцагч хууль журмын дагуу явуулсан эсэх дээр мэтгэлцсэн. Хариуцагч нэхэмжлэгчийг 2022 оны татвараас 43730 төгрөгийг дутуу төлсөн ба 2023 оны бүтэн жилд төлөх нийт татвар 174920 төгрөгийг 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын А/283 дугаар захирамж гарах үед төлөөгүй гэдэг. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь газрын хэмжээ анхнаасаа 4373 м.кв газрын нэг жилийн нийт төлбөр 4373*40=174920 төгрөг болно гэдэг дээр маргаагүй.
2.2 Харин нэхэмжлэгч нь Ховд аймгийн газрын албаны программ дээр 2022 онд нийт 238.661/194931+43730/ төгрөгийн ногдуулалт хийсэн байгаа нь Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрын төлбөрөөс илүү ногдуулалтыг үүсгэсэн байна. Учир нь 2022 оны 09 сард газрын гэрчилгээгээ сунгуулахаар өргөдөл гаргахад тухайн газрын албаны мэргэжилтэн 2022 оны газрын татварыг бүгдийг нь урьдчилаад төлөөд ир гэсэн тул нийт 194931 төгрөгийг төлсөн. Харин дахин 43730 төгрөгийг газрын програмаараа 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ногдуулсан нь үндэслэлгүй, ийм нэхэмжлэл үүссэн гэдгийг 2023 оны 07 дугаар сарын сарын 20-нд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсан өдөр мэдсэн гэж маргадаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д ...2021 онд баталсан аймгийн хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй. гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үзэж байна.
2.3. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Гарын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн М.Быг гэрчээр асуусан мэдүүлэгт "...шүүгч: Б.Бийн эзэмшлийн гэх газарт 2022 оны газрын төлбөрт 43730 төгрөгийн ногдуулалт үүсгэсэн нь давхар ногдуулалт үүсгэсэн гэж үзэж болох уу гэж асуухад гэрч М.Б: Програмаас харахад газар эзэмших гэрээ сунгасантай холбоотой 2022 онд дахин 43730 төгрөгийн ногдуулалтыг программаас дахин үүсгэгдсэн харагдаж байна. гэж, 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 125/тм2024/***** дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дүгээр хуудаст хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бгаас "...2022 оны 09 сар хүртэл ногдуулалт яагаад 194931 төгрөг болсон бэ гэж асуухад С.Б: Өмнөх оны үлдэгдэлтэйгээ нийлээд 194931 төгрөг болсон. 2022 оны 09 дүгээр сар хүртэл 194931 төгрөг үүссэн. Үүнээс илүү гарч байгаа нь 2021 оны үлдэгдэл төлбөр. Нийт 2022 оны төлбөр 174000 төгрөг, 10-12 сар хүртэл үлдэгдэл 43730 төгрөг байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 2021 онд хэдэн төгрөгийн ногдуулалт үүсгээд хэдэн төгрөгийг нь төлсөн талаарх баримт байна уу гэхэд С.Б: баримт байхгүй болохоор сайн мэдэхгүй байна. гэж тус тус хариулсан байдаг. Дээрх хариуцагч болон газрын албаны мэргэжилтнүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан газрын төлбөр үүсгэсэн баримтуудыг харьцуулан үзвэл тухайн ондоо татварын систем дээр ногдуулалтаа тухай бүр үүсгэдэг гэсэн атлаа 2022 онд илүү төлсөн татварыг өмнөх 2021 оны татвар байсан гэж ямар ч баримтгүйгээр худлаа тайлбарлаж байгааг шүүх анхаарч үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хэрвээ 2021 онд татвар дутуу төлсөн бол тухайн оныхоо төтвөрын өр болж харагдах болохоос 2022 он дээрээ нэмэгдэж нэхэмжлэл үүсгэгдэж гарч ирэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нарын тайлбар болон гэрч н.Уийн мэдүүлэг, гар утсан дээрх үзлэгийг /нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сард үүсгэж мессежээр илгээсэн талаарх/хэрхэн үнэлсэн талаар ямар ч дүгнэлтийг анхан шатны шийдвэртээ шүүх хийгээгүй нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
2.4. 2023 оны газрын төлбөрийн талаар: Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цуцалсан бөгөөд 2023 оны газрын төлбөрийг бүхэлд нь төлөөгүй гэсэн нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасантай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д ... улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэснийг Газрын төлбөрийг заавал урьдчилж төлөх ёстой мэтээр ойлгож тухайн он дуусаагүй байхад бүтэн жилийн татварийг бүхэлд нь төлөх үүрэгтэй гэж нийт 2023 оны татвар 174920 төгрөг төлөөгүй гэж хуулийг буруу тайлбарласан. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нь 1 дүгээр улирлын татвар 43730 төгрөгийг л төлөх үүрэг үүссэн байсан. Үүнээс өмнөх 2022 оны илүү төлсөн 20.000 гаруй төгрөгийг төлсөн байгаа нь суутгагдах ёстой юм. Мөн 2023 оны татварын ногдуулалтаа 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мессежээр мэдэгдсэн байгааг үгүйсгэсэн баримт байхгүй байхад шүүх энэ талаар дүгнээгүй.
2.5. Сонсгох ажиллагааг заавал хийх ёстой байсан бөгөөд аливаа эрх ашиг сонирхол нь хөндөгөдж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж санал тайлбар гаргах боломжоор хангах үүрэгтэй. Энэ үүргээ нэг ч биелүүлээгүй талаар мэтгэлцсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэл байгаа бөгөөд тухайн тэмдэглэлд ... Газрын хууль тогтоомж зөрчмөн газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа тул тус газрыг хүчингүй болгох захирамж гарч байгаа..." талаар мэдэгдсэн байгаа бөгөөд Б.Бийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгоогүй болно.
2.6. Иймд дээрх сонсх ажиллагааг хууль журмын дагуу явагдсан ёонёох ажиллагаа гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй буюу сонсох ажиллагааны талаар нэг ч шийдвэртээ тусгаагүйд гомдолтой байна. Хэрвээ сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийсэн бол нэхэмжлэгч нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх буюу санал гаргах, тайлбар хэлэх бүрэн боломжтой байсан. Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 125/ШШ2024/0012 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Маргаан бүхий Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар /Хавсралтын 27-д/ Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Бийн тухайн Засаг даргын 2007 оны 106 дугаар захирамжаар ойжуулах, нөхөн сэргээх зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/342 дугаар захирамжаар хугацааг сунгуулсан, 4373 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Харин маргаан бүхий Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/** дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасныг үндэслэн аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд 32.6 га иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн бус нийтийн эдэлбэрийн газарт цуцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлтийг баталж, мөн өдрийн 13/15 дугаар тогтоолоор Цэцэрлэгт хүрээлэнг Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32,6 га газарт байгуулахаар тогтсоны дотор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар хамрагджээ.
3. Анхан шатны шүүх ... Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, 4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ... 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасны хугацаанд нь бүрэн төлнө гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө тухайн жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх тул нэхэмжлэгчийг 2022 оны газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй, 2023 оны 2-р улирлын байдлаар төлбөрийн үлдэгдэлтэй нь кадастрын болон татаварын албаны мэдээллийн системд хийсэн үзэлгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан төлбөртэй холбоотйо бусад баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг төлбөрөө төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй... гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4. Маргаан бүхий сумын Засаг даргын захирамжид дурдсан байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтэд /Хавсралт 1-ийн 5-д/ нэхэмжлэгч Б.Бийг зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6-д заасныг зөрчсөн гэж тэмдэглэсэн нь хэрэгт авагдсан газраа хашаалсан, мод үржүүлгийн зориулалтаар олон тооны мод, бут суулгасан болох нь анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар хангалттай тогтоогдож байхад нэхэмжлэгчийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэх үндэслэлгүй болох нь тогтоогджээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь энэ талаар маргаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар газрын төлбөр төлөөгүйгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж тайлбарласан хүрээнд анхан шатны шүүх хэрэгт авагдсан газрын төлбөртэй холбоотой баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй байна.
5.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Бийн төлөх ёстой газрын төлбөр нь жилд 174920, нэг улиралд 43730 төгрөг байх ба 2022 онд бүтэн жилээр 174,920 төгрөг, урьд оны үлдэгдэл 21,865 төгрөгийн хамт нийт 194,931 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн нь татварын газрын төлбөрийн мэдээллийн системд 2022 онд 194931 төгрөг төлөгдсөн, мөн үлдэгдэл 43,730 төгрөг гэж тэмдэглэгдсэнийг анхан шатны шүүх үнэлэхдээ нэхэмжлэгчийн 2022 онд бүтэн төлбөрөө төлөхөөр сунгаж өгнө гэсний дагуу 2022 оны төлбөрийг бүтэн төлсөн гэх тайлбар, мөн нэг жилд төлөх төлбөрийн хэмжээнээс илүү 2022 онд нийт 218,450 /174,720+43,730/ төгрөгөөр ногдуулсан нь үндэслэлгүй байхад 2022 онд үлдэгдэл 43,730 гэснийг үнэлсэн нь үндэслэлгүй болжээ.
5.2. Түүнчлэн 2023 оны төлбөрийн тухайд маргаан бүхий акт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гарахаас өмнө Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж заасны дагуу 2 дугаар улирлын төлбөрийг 07 дугаар сарын 20-ны дотор төлөх боломжтой хугацаа дуусаагүй тул 2 дугаар улирлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй.
5.3. Харин 2023 оны 1 дүгээр улирлын төлбөрийг 04 дүгээр сарын 20-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч мөн хуулийн 10 дугаар зүйлийн 3-д Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ гэж заасны дагуу 2023 он дуусаагүй, газрын төлбөрийн жилийн тайлан гарч, эцсийн тооцоо хийгдээгүй байхад 2023 оны төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй.
5.4. Энэ тохиолдолд хэрэгт авагдсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №08401-********* тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 4.6-д Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 1 дүгээр улирлын төлбөрийг алдангийн хамт төлөх боломж олголгүй, зориулалтын дагуу хөрөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулж зохих журмаар эзэмшиж байсан газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон нь дээрх хууль болон Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдож байх тул сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
6. Хариуцагч аймгийн ХАИТХ нь Жаргалант сумын Засаг даргын захирамжаар иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрыг чөлөөлсөнтэй холбоотой маргаан шүүхээр явж байгааг мэдэж байсан нь Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаагаас үзвэл шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий 13./05, 13/15 дугаар тогтоолоор бусдын эзэмшил ашиглалтад байхгүй нийтийн эдэлбэр газар гэж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, байршлийг тогтоосон нь үндэслэлгүй болжээ.
6.1. Маргаан бүхий Жаргалан сумын Засаг даргын дээрх захирамж хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн болох нь тогтоогдсон тул тухайн газарт цуцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий Хурлын 13/*, 13/** тогтоолуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээх үндэслэлтэй.
7. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 125/ШШ2024/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/**, 13/** тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ