Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгч Я.Чулуунжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.Чулуунжавт холбогдох 2230000790220 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын .........-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  .......... хамт  Сүхбаатар аймгийн ......... сумын ........ дугаар баг ............... тоот оршин суух, Л овогт Я-ын Ч

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Я.Чулуунжав нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Асгат сумын ....... дүгээр баг, ............... тоотод оршин суух хохирогч Б.Батсугартай гэрт нь маргалдаж төмөр зуух руу түлхэн унагаж, биед нь цээжний баруун талын 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Чулуунжав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.   

Эрүүгийн 2230000790220 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Я.Чулуунжав мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг Баяншаргын 8-500 тоотод байх Б.Батсугарын гэрт орохдоо дэлгүүрээс 0.5 граммын Ерөөл архи авч ороод Батсугартай хамт хувааж уусан. Тэгээд би дэлгүүрээс дахиад 0.75 граммын Ерөөл авч дахин хувааж уусан. Тэгээд Батсугар уусан архиндаа согтоод намайг хэл амаар доромжилж, мөн халбаганы иш барьж босож ирээд  намайг цохих гэхээр нь би заамдаж байгаад түлхэхэд Батсугар газар унахдаа зуух руу биеийнхээ баруун талаар унасан. Тэгээд би тухайн хүнийг гэрт нь ганцааранг нь үлдээгээд гэр рүүгээ явсан...” гэх /50-51 дүгээр хуудас/

Хохирогч Б.Батсугарын “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед Чулуунжав манайд 0.5 граммын Ерөөл архитай ирээд бид хоёр хувааж уусан. Эргээд 0.75 граммын Ерөөл архи авчирч дахин хувааж уусан. Бид хоёр нэлээн согтож хоорондоо маргалдаж Чулуунжав намайг гэрт төмөр зуух дээр түлхэж унагаад яваад өгсөн байсан. Би тэр чигээрээ хөдөлж чадалгүй тасраад хэвтэж байхад манай эхнэр Ганхишиг ажлаасаа 16 цагийн үед ирээд түргэн дуудаж эмнэлэгт үзүүлж маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм...” гэх /хх 8 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч В.Нэргүйн “...Уг хэргийн хохирогч Б.Батсугар нь Асгат сумын Эрүүл мэндийн төв болон тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс нийт 212,500 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байсан. Тиймээс буруутай этгээдээс уг мөнгийг гаргуулан авч даатгалын санд оруулмаар байна...” гэх /хх 16-17 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

  • Хохирогч Б.Батсугарын өвчний түүхийн бичилт /хх 24-37 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 517 дугаартай “...1. Б.Батсугарын биед цээжний баруун талын 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 38-39 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Я.Чулуунжавын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 58-69 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол /хх 71-72 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Я.Чулуунжавын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэхийн лавлагаа, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 76-78 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Я.Чулуунжавт холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 81-85 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Я.Чулуунжавын эрүүл мэндийн даатгалын санд 212,500 төгрөгийг нөхөн төлсөн баримт /хх 90 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Я.Чулуунжавын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 91 дүгээр хуудас/
  • Хохирогч Б.Батсугарын нэхэмжлэх зүйл, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 92 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол, прокурорын санал /хх 93-95 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.Чулуунжав нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг, ............... тоотод оршин суух хохирогч Б.Батсугартай  түүний гэрт  маргалдаж төмөр зуух руу  түлхэн унагаж, биед нь цээжний баруун талын 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Батсугар, иргэний нэхэмжлэгч В.Нэргүй нарын мэдүүлэг, хохирогч Б.Батсугарын өвчний түүхийн бичилт,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 517 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан буюу ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Ч.Чулуунжав нь хохирогч Б.Батсугартай маргалдаж түүнийг төмөр зуух руу түлхэж унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, эрүүл мэндийг үлэмж хугацаагаар сарниулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ Б.Батсугартай маргалдан түүнийг төмөр зуух руу түлхэн унагасны улмаас эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

  Прокуророос шүүгдэгч Я.Чулуунжавын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Я.Чулуунжавыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Чулуунжавт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Я.Чулуунжавын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос Я.Чулуунжавын хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнд “700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулах” санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.           

Хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Я.Чулуунжав нь хохирогч Б.Батсугарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг тэмдэглэж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.        

          Бусад асуудлаар:

 Шүүгдэгч Я.Чулуунжав нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт

битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 36.10- дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Я-ын Ч-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чулуунжавыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Чулуунжавт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чулуунжав нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Я.Чулуунжавт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Я.Чулуунжав нь хохирогч Б.Батсугарын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн зарцуулсан төлбөр 212,500 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Я.Чулуунжав нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Батсугар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний төлбөр бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ