Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан /томилолтоор/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2230000000221 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .......-ны өдөр Сүхбаатар аймгийн .......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........хамт Сүхбаатар аймгийн ........... сумын ....... дугаар баг “.” хотх..........оны . .........тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Б-ын Б

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны оройн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “******* *******” хотхоны гадна талын автомашины зогсоолд хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ хэргээс болж ажлаасаа халагдсан. Намайг ажлаас гүтгэж халсан. Хэргээ шийдүүлсний дараа шүүхэд гомдол гаргана. Хасбаатар нь үйлдвэрийн дарга. Миний хувьд хэлэх үгээ шулуухан хэлдэг. Хасбаатар нь ажлынхаа хүмүүсийг их дарамталдаг, хүн их ялгаж харилцдаг. Хасбаатартай ажлын тал дээр таарамж муу байдаг. Тухайн өдөр болсон асуудлыг яллах дүгнэлтэд бичсэн байна...” гэв.     

Эрүүгийн 2230000000221 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвгэрт үйл ажиллагаа “*******” ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15 цагаас уурхайд ээлждээ гарахаар очсон. Очихын өмнө гэртээ 4 лааз пиво уугаад ажил дээрээ очсон. Ажлаа хүлээж аваад ажлынхаа өрөөнд сууж байхад үйлдвэрийн дэд дарга ******* ажлаасаа эрт буугаад явахаар нь араас нь утасдаад “чи болохоор ажлаасаа эрт бууж болдог юм уу” гэхэд Хасбаатар “чи над руу залгах эрхгүй, чамайг ажлаас халуулна” гэж зүй бус үг хэлж намайг доромжилсон. Удалгүй ******* ирээд намайг согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд 0.65 хувийн согтолттой байсан учир ажилдаа гаргахгүй гээд ажлаас буулгасан. Би ажлаасаа бууж ******* суманд 18 цагийн үед ирсэн. *******ын гэр “******* *******” хотхонд байдаг учраас уулзъя гэж бодоод хаалгыг нь тогшиход эхнэр нь хаалгыг нь онгойлгосон. Хасбаатар гэртээ ирээгүй байсан. Тэгээд орцных нь гадаа гэртээ ирэхийг нь хүлээж байхад 19 цагийн үед ******* ирсэн. Ингээд уулзах гэтэл “яв, чи надтай уулздаг хүн биш чамтай уулзахгүй” гэхээр нь би машинаас нь буулгах гэж байгаад гараараа *******ын хөмсөг хэсэгт нь нэг удаа цохисон...” гэх /хх 29-30 дугаар хуудас/
  • Хохирогч *******ын “...Гэрийн гадаа ирээд машинаасаа буухад Батсүрэн ......... дугаар байрны голын булангийн тэнд зогсож байхаар нь Батсүрэн дээр очоод “яасан юу болоод байгаа юм, чи өөрийнхөө гаргасан алдааг яагаад ухамсарлахгүй байгаа юм, явж амраач” гэсэн чинь өөдөөс “би чамайг зодож байж санаа амарна” гээд гараа далайгаад цохихоор нь тонгойсон чинь оноогүй. Тэгтэл хажуугаас ******* машинаасаа бууж ирээд “болилдоо” гээд хориод салгасан. Би Батсүрэнд яв гэсэн чинь “хоёулаа ийшээ гараад камергүй газар гаръя, “******* *******” хотхон камертай, би чамайг камергүй газар зодож толгой дээр чинь дэвсэлж шээмээр байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “за за би явлаа” гээд машиныхаа арын суудалд суугаад хаалгаа хаах гэхэд Батсүрэн хаалга дарж зогсоод “би чамайг зодмоор байна” гээд баруун гараараа миний нүдний дээд хэсэгт нэг удаа цохиход миний хөмсөг хэсгээс цус гарсан. Үүний өмнө 2 удаа цохих гэж оролдсон, би бултаад оногдоогүй...” гэх /хх 5-7 дугаар хуудас/,
  • Гэрч Г.*******ын “...“******* *******” хотхоны гадаа зогсоолд 17 цаг 30 минутын орчимд очоод машинаас буухад Батсүрэн ирсэн байсан. Тэгээд машинаасаа буугаад очиход манай ажлын залуу ******* мөн тэнд байсан. Хасбаатар, Батсүрэн хоёр ажлын талаар маргалдаад байсан. Батсүрэн нь *******ыг “чи ажлаас эрт гарлаа” гээд муудалцаад байсан. Хэсэг хугацааны дараа Хасбаатар явах гээд машины арын суудалд сууж байхад ******* ирээд хэрэлдэж байгаад Хасбаатарын нүүр рүү гараараа нэг удаа цохиход хөмсөгнөөс нь цус гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх /хх 12-14 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,
  • Хохирогч *******т үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №4232” /хх 17 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 318 дугаартай шинжээчийн “...1. *******ын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 18-19 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 35-36 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******гийн Хас банканд дахь ............... дугаартай дансны хуулга /хх 37-39 дүгээр хуудас/,
  • Хохирогчийн *******аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 43-48 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч ******* хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны оройн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “******* *******” хотхоны гадна талын автомашины зогсоолд хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Г.******* нарын мэдүүлгүүд, хохирогч *******т үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №4232”,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 318 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн *******аас гаргаж өгсөн хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж бусдын нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн эмчилгээний зардалд 723,589 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй...” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгож байгааг харгалзан үзэж улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

            Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардалд 723,589 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд энэ тогтоолоор *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.   

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч *******т 723,589 төгрөгийг нөхөн төлсөн буюу энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хохирогч ******* нь нь цаашид  гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ