| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/0374/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2018-10-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 374
| 2018 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 104/ШШ2018/00374 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, ******* Ү.Б /РД:**********/-ийн
Хариуцагч: Н*******,*******од оршин суух, ******* Д.Б /РД:**********/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Ү.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Бтэй 2000 онд гэр бүл болоод 2001 онд охин Б.М, 2004 онд хүү Б.Батзориг, 2013 онд хүү Б.Б нар төрсөн. Амьдрах хугацаанд Д.Б архи ууж зодож дарамтлаж байсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэж бодож байсан. Гэтэл энэ хүн сүүлдээ байнга мөнгө нэхэж дарамталж бүдүүлэг ааш гаргах болсон учраас 2 бага хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан. Том охин М 18 нас хүрч байгаа тул тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би хүүхэддүүдээ сар бүр тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.Б хариуцагч Д.Бөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Нэхэмжлэгч Ү.Б, хариуцагч Д.Б нар 2000 онд танилцан, 2001 оноос хамтран амьдрах хугацаанд 2001 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр охин Б.М, 2004 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Батзориг нарыг төрүүлсэн. Тэд 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлээ батлуулан, 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б.Бийг төрүүлжээ. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан нь /хх-8-11 дугаар хуудсанд авагдсан Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 557 дугаар шийдвэрийн хуулбар/-аар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Д.Б хүү Б.Батзориг, Б.Б нарт тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Д.Бөөс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж хүү Б.Батзориг, Б.Б нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хариуцагч Д.Б Өмнөговь аймагт байгаа, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бөөс 86.230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.8. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт зааснаар эцэг ******* Д.Бөөс хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд тус бүрт гаргуулж, 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Бийг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2004 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Батзориг нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Д.Бөөс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ү.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.230 /наян зургаа мянга хоёр зуун гуч/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бөөс 86.230 / наян зургаа мянга хоёр зуун гуч / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.Бд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д зааснаар хариуцагч Д.Бийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН