Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан /томилолтоор/,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2230000000236 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... оны ......... дугаар сарын ........-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, .............. хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ..........дугаар баг, ......... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 842,000 төгрөгийн торгох ялаар,

мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байсан, М овогт Т-ын Э  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг Овоотын 18-04 тоотод хохирогч *******той ар гэрийн маргааны улмаас түүний толгойн хэсэгт модон сандлаар цохиж, эрүүл мэндэд нь толгойн үстэй хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй...” гэв.     

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр бид нар айлд байсан. Архи уугаад бие засахаар гарсан. Бид хоёр маргалдаж муудсан зүйл байхгүй. ******* нь намайг гэрт орж ирээд суух гэж байхад сандлаар цохисон. Одоо гомдол санал байхгүй...” гэв.

Эрүүгийн 2230000000236 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би “.......... ах байгаа юу” гэж асуусан чинь “танай ............. юу юм” гээд маргалдсан. Тэгээд би сандлаар нэг удаа толгойд нь цохисон...” гэх /хх 24-25 дугаар хуудас/
  • Хохирогч *******ын “...намайг Тунгалагбаатарын гэрт байхад өдөр 12 цагийн үед Амгаланбаатар, Энх-Амгалан нар хамт орж ирсэн. Тэгээд 0.75 граммын Экс архи нэг шилийг уусан. Тэр үед Энх-Амгалантай маргалдсан чинь намайг модон сандлаар толгой руу цохиод хагалсан...” гэх хх 5-6 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Хохирогч *******д үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас № 4125 /хх 12 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 330 дугаартай шинжээчийн “...1. *******ын биед толгойн үстэй хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт, /хх 13-14 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28-29 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30 дугаар хуудас/
  • Сүхбатаар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоол /хх 32-34 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 35-36 дугаар хуудас/
  • Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсэж, Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 42 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх 43-45 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******, хохирогч ******* нар хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг Овоотын 18-04 тоотод хохирогч *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүний толгойн хэсэгт модон сандлаар цохиж, эрүүл мэндэд нь толгойн үстэй хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******ын мэдүүлэг, Хохирогч *******д үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас № 4125, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 330 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч Д.Жамцанхоролын толгойн үстэй хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ модон сандлаар хохирогчийн толгой руу цохиж  эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос *******гийн хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнд “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулах” санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.           

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Д.Жамцанхоролын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иймд энэ тогтоолоор *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.6 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Т-ын Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.   

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй буюу шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч ******* нь нь цаашид  гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ