Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч Г.Мөнгөнбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мөнгөнбаатарт холбогдох эрүүгийн 2230001450233 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... оны ....... дүгээр сарын ..........-ний өдөр Сүхбаатар аймгийн ......... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, . хамт Сүхбаатар аймгийн .............................. сумын . .......дүгээр багийн ...................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ийн М

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Мөнгөнбаатар нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Уранчимэгийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Г.Мөнгөнбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр эхнэр бид хоёр маргалдсан. Эхнэрээ зодсон гэх байдалд эсрэг байдалтай байна. Хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд явах гэж байхад эхнэр араас сандал чулуудсан. Тэгэхээр нь хэрүүлтэй эцэг, эхийн хуралд явахгүй гээд суухад эхнэр намайг цохиод, хөлөөрөө өшиглөөд байхаар нь хөлийг нь сугандаа хавчуулсан гэдэг нь үнэн. Хоолойг нь боогоод, хана руу толгойг савсан гэдгийг үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед манай хүүхэд хамт байсан. Хүү надад “ээж таныг өшиглөж байхдаа арагшаа савж унасан” гэж хэлсэн. Намайг өшиглөөд байхаар нь нэг сугандаа хөлийг хавчуулаад, цээжин дээр нь гараараа дарсан. Эхнэр миний нүүр, хүзүүг маажаад байсан. Эхнэрийнхээ биед халдсан нь миний буруу гэв.     

 

Эрүүгийн 2230001450233 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Г.Мөнгөнбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “... Би тухайн үед эхнэр Э.Уранчимэгийн хамт Сүхбаатар аймаг .......... сумын 4-р багийн ............... тоотод байх гэртээ том хүү ..............ийн тангаргийн баярт явах уу гээд ар гэрийнхээ асуудлыг хоорондоо яриад хэвтэж байсан. Тэр үед манай эхнэр Э.Уранчимэгийн утас дуугарч манай баз хүргэн Амаргэрэл залгаж манай эхнэртэй Дорнод руу Дорждэрэмийг эргэх үү, унаа олдохгүй бол Сансарын машинтай явах уу гэж ярьж байсан. Тэгээд би эхнэрийгээ “миний хань энэ хэдтэй яваад ирэхгүй юу даа” гэж би хэлсэн. Тэгсэн манай эхнэр “чи намайг хардаад байна" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “би чамайг хардаагүй ээ” гэж үнэнээ хэлэхэд бид хоёрын дунд маргаан эхэлсэн. Хоёулаа муудалцаад яах вэ гээд хүү Төгсбаясгалангийн ангийн хуралд явах гээд хувцсаа өмсөөд гарах гэтэл манай эхнэр “чи намайг хардаж байна” гээд над руу дайрсан. Тэгээд миний араас хөл рүү сандал аваад чулуудсан. Тэгэхээр нь би “ийм ууртай хуралд явахгүй” гээд эргэж очоод хажууд нь суусан. Тэгэхэд чи холд гээд миний хажуугаас өшиглөөд, миний зүүн хацар, хүзүү рүү маажсан. Тэгээд миний нүүрнээс бага зэргийн цус гарсан. Намайг өшиглөөд байхаар нь би эхнэрийнхээ хөлийг нэг гарынхаа суганд хавчуулаад нөгөө гараараа цээжийг нь дарж хэвтсэн. Тэгээд Уранчимэг нь удалгүй миний дээр суугаад хоолой цээж хэсэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь би хажуу тийшээ түлхсэн. Тэр хооронд бид хоёр хэрэлдэж байгаад би гараад явсан...” гэх /хх 70-72 дугаар хуудас/
  • Хохирогч Э.Уранчимэгийн “...2022 оны 05 дугаар сарын 11-ний  өдөр 12 цагийн үед нөхөр бид хоёр гэртээ байж байхад Мөнгөнбаатар гадаа мориндоо өвс өгөөд орж ирсэн. Бид хоёр орон дээр хэвтэж байгаад хамтдаа миний утсаар facebook орсон. Тэр үед манай хүргэн Амаргэрэл нь миний утас руу залгахаар нь би утсаа аваад чанга яригч дээр нь тавиад ярьсан. Хүргэн манай хүүгийн тангаргийн баяраар 2 гэрээрээ хамт хүний машин аваад цуг явъя гээд над руу залгасан. Тэр үед манай нөхөр бид хоёрын яриаг ойлгоогүй “заавал чи тэд нартай явах гэлээ, та нар хоорондоо надад хэлэхгүйгээр хуйвалдаж явах гэлээ” гээд над руу уурлаж байгаад хоёр гараараа хүзүүнээс боохоор нь би эсэргүүцэл үзүүлээд орноос босоход хананд толгойгоор удаа дараалан 3 удаа мөргүүлсэн. Тэгээд миний хүзүүнээс барьж аваад хойшоо түлхэж буйдангийн ард талын дээд ирмэг модонд ар дагз хэсгээр маш хүчтэй мөргүүлсэн. Баруун талын хөлийн булчингийн гаднаас барьж байгаад хөл 3 удаа мушгисан. Үүний дараа толгойгоороо миний гэдэс рүү удаа дараалан мөргөсөн. Тухайн үед олон үйлдэл хийгдсэн болохоор өөр юу болсон талаар сайн санахгүй байна.Тэгээд 2 өдөр дараалаад толгой өвдөөд, халуураад байсан болохоор би өөрөө эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх /хх 18-20 дугаар хуудас/, 
  • Гэрч Э.Баярцэнгэлийн “...Манай төрсөн эгч Э.Уранчимэг нь сонсгол муутай группд байдаг хүн. Нөхөр Г.Мөнгөнбаатар гэх хүнд 2016 оноос зодуулж, хэл амаар доромжлуулж, манай эгчийг хардаж гэрээс нь гаргахгүй хэл амаар доромжилдог байсан гэж ярьж байсан. Мөн хамаатан садныг нь ална, танайхныг цусанд нь хутгана, алаад тэнгэрт уулзъя гэж хэлдэг байсан. Манай эгч хувиараа оёдол хийдэг учраас хүмүүс захиалга өгөх гээд залгах болгонд нь хэн юу гэж залгасан юм гэж харддаг талаар хэлдэг байсан. 2022 оны 05 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед манай эгч миний утас руу залгаад “би Мөнгөнбаатарын гарт үхлээ намайг зодоод байна” гэхээр нь эгчийн гэрт очиход эгч хоёр хүүгийнхээ хамт уйлсан байж байсан. Би юу болсон талаар асуухад “Мөнгөнбаатар намайг хардаж зодлоо” гээд уйлаад л байсан. Тэгээд би ямар шалтгааны улмаас маргаж зодолдох болсон талаар асуухад эгчийн том хүү Дорждэрэм нь цэргийн алба хааж байгаа бөгөөд манай нөхөр Амаргэрэл нь эгч Уранчимэг рүү залгаад “том хүүг чинь хоёр гэрээрээ цуг явж эргэе” гэж хэлсэн гэсэн. Тэгсэн Мөнгөнбаатар манай эгчийг та нар надад хэлэхгүй хоорондоо ярилцаж явах гэлээ гээд хэрүүл маргаан үүссэн байсан. Тухайн үед эгчийн аль хацар гэдгийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан нэг хацар бага зэргийн улайсан, хоолой нь нэлэнхийдээ улайсан байдалтай байсан. Мөн эгч нуруугаа бариад яая гээд байсан” гэх /хх 24-26 дугаар хуудас/,
  • Насанд хүрээгүй гэрч М.Төгсбаясгалангийн “...Тэгээд аав ээжийг “миний хань наад хэдтэйгээ явахгүй юу даа” гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж “чи намайг хардаж байна” гээд аавд хэлсэн. Аав хэрүүл хийхгүй гээд гарах гэтэл ээж араас нь сандал авч шидсэн. Тэгээд аав тэр чигтээ гараад явсан. Удалгүй аав орж ирээд “хүүхдийнхээ хуралд ууртай явахгүй” гэж хэлсэн. Аавыг орон дээр сууж байхад ээж хөлөөрөө жийсэн. Тэгээд ээж дахиад аавыг хөлөөрөө жийх гэж байхад нь аав ээжийн хөлийг бариад авахад ээж хойшоогоо саваад унахдаа хананд толгойгоо цохисон. Ингээд аав гараад явсан...” /хх 28-29 дүгээр хуудас/,
  • Насанд хүрээгүй гэрч М.Төгөлдөрийн “...Аав ээжтэй маргалдах болгондоо ээжийг цохиж зоддог.Уурлахаараа гар хөл рүү нь цохидог, хоолойг нь боодог, толгой руу нь цохидог, түлхэж унагаадаг, хөл гарыг нь мушгидаг...” гэх /хх 31-32 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
  • Хохирогч Э.Уранчимэгийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдол /хх 5 дугаар хуудас/
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 6-8 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.Уранчимэгтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл /хх 11 дүгээр хуудас/
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ойр дотнын хүний түр хамгаалалтад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.Уранчимэгийн гавал тархины тодосгогчгүй компьютер томографийн шинжилгээ /хх 49 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн “... 1. Э.Уранчимэгийн биед тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн  гэмтэлд хамаарна...”  гэх дүгнэлт /хх 51-52 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.Уранчимэгт үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас /хх 53-54 дүгээр хуудас/
  •  Шүүгдэгч Г.Мөнгөнбаатарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 73 дугаар хуудас/,
  •  Шүүгдэгч Г.Мөнгөнбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа  /хх 77-78 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Г.Мөнгөнбаатарын Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 79 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Г.Мөнгөнбаатар, хохирогч Э.Уранчимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 80-82 дугаар хуудас/,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэний гаргасан баталгаа /хх 83 дугаар хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

        Шүүгдэгч Г.Мөнгөнбаатар нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Уранчимэгийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Уранчимэг, гэрч Э.Баярцэнгэл, насанд хүрээгүй гэрч М.Төгсбаясгалан нарын мэдүүлэг, хохирогч Э.Уранчимэгийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдол,  аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,  Хохирогч Э.Уранчимэгийн гавал тархины тодосгогчгүй компьютер томографын шинжилгээ,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт,  хохирогч Э.Уранчимэгт үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгч Г.Мөнгөнбаатар, хохирогч Э.Уранчимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний  амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор хуульчилсан байна. 

Тодруулбал, шүүгдэгч Г.Мөнгөнбаатар гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Э.Уранчимэгийг зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодод хор уршиг учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна. 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ хардсаны улмаас хоолойг нь боож хана мөргүүлж,  бие махбодод халдан цохиж зодон, эрүүл мэндэд санаатай хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Мөнгөнбаатарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Мөнгөнбаатарт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Мөнгөнбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “...Хэргийн  нөхцөл  байдал  нь  гэр  бүлийн  хүчирхийлэл  үйлдэж  үйлдсэн. Нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Мөнгөнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах....” саналыг гаргасан.

Шүүгдэгч Г.Мөнгөнбаатарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгосон, түүний хувийн байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно. 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Мөнгөнбаатар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч эхнэр Э.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болон бусад зардалтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй  байна.

Иймд энэ тогтоолоор Г.Мөнгөнбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Г.Мөнгөнбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн М-т Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнгөнбаатарыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Мөнгөнбаатарт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнгөнбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Мөнгөнбаатарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

6. Шүүгдэгч Г.Мөнгөнбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Уранчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Хохирогч Э.Уранчимэг нь цаашид  гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ