Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/680

 

 

 

                         

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Б.Саруулбаяр, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан, нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Баатар овогт Баяржаргал Подгорскагийн Саруулбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210017641024 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жангү Сү” Солонгос хоолны газарт зөөгч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо,  Дунд Наран 11 дүгээр гудамжны 342 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Баатар овогт Баяржаргал Подгорскагийн Саруулбаяр /РД: УК00310673/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Саруулбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны үүрээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байхдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын хөл бөмбөгийн холбооны байранд орж, тус байрны 2 давхрын өрөөний хаалтын шилийг хагалан, зөөврийн компьютерын дэлгэцийг эвдэлж, ариун цэврийн өрөөний хоёр ширхэг угаалтуур, хогийн сав зэргийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас Монголын хөл бөмбөгийн холбоонд бага хэмжээнээс дээш төгрөгийн буюу 770,800 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.Саруулбаяр: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хохирлыг төлж барагдуулсан, миний буруу...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Монголын хөл бөмбөгийн холбоонд харуулын ажлаа хийж байх үед 03 цаг 30 минутын үед шил хагарах чимээ гарсан. Би зоорийн давхар руу орж бүх өрөөг шалгаж үзсэн, дараа нь футзалын танхим орж гэрлийг нь асааж шалгахад тэнд хэн ч байгаагүй. Буцаж өрөөндөө орж ирээд камераа хараад сууж байхад 2 давхрын хаалганаас хүн гараад 3 давхар луу дээшээ өгссөн. Тэгээд би гар чийдэн хутга бариад дээшээ гүйсэн, нэг залуу 3 давхарт зогсож байсан. Тэгээд би тэр залуу дээр очоод дагуулж яваад хаагуур юу хийж явсныг нь асуусан. Тэр залуу өөрөө Наадам центрт ажилладаг, найзуудтайгаа нийлж архи уусан, яагаад энд орж ирснээ мэдэхгүй байна гэж хэлж байсан. ...2 давхрын цонх түлхээд, хашаа руу хашаа давж орж ирсэн байх, ...2 давхрын өрөөний хаалтын шил хагалсан, зөөврийн компьютерын дэлгэц, микрофон эвдэлсэн, ариун цэврийн өрөөний хоёр ширхэг угаалтуурыг хагалаад авч гараад усыг нь гоожуулсан байна лээ. ....Алдагдсан зүйл байхгүй, тухайн хүнийг танихгүй, ямар ч холбоо байхгүй...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Саруулбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад ажлын хамт олонтойгоо Сан франциско ресторан дотор 6-7 пиво уусан. ...Архи уудаггүй болохоор яаж гарснаа санахгүй байгаа, гадаа гараад тасарсан байна. Миний санаж байгаагаар хөл бөмбөгийн холбооны хамгаалагч нь намайг бариад авсан. Эд зүйл эвдсэн гээд цагдаа дээр ирж эрүүлжүүлэхэд хоносон. Би архи уудаггүй болохоор харих гээд салхинд гараад тасарсан. Тухайн үед ажлынхнаас салаад ганцаараа явсан. Тус хөл бөмбөгийн холбооны өрөөнүүдээр болон дээшээ, доошоо яваад байсан...” /хавтас хэргийн 55-56 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-17 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 44-48 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Саруулбаярын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Я.Жаргалын мэдүүлэг /хавтас хэргийн 37-38 дахь тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтас хэргийн 60 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 65 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Саруулбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны үүрээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байхдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын хөл бөмбөгийн холбооны байранд орж, тус байрны 2 давхрын өрөөний хаалтын шилийг хагалан, зөөврийн компьютерын дэлгэцийг эвдэлж, ариун цэврийн өрөөний 2 ширхэг угаалтуур, хогийн сав зэргийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний буюу 770,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түмэнжаргалын “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ...камераа хараад сууж байхад 2 давхрын хаалганаас хүн гараад 3 давхар луу дээшээ өгссөн. Тэгээд би гар чийдэн, хутга бариад дээшээ гүйсэн, нэг залуу 3 давхарт зогсож байсан. Тэгээд би тэр залуу дээр очоод дагуулж яваад хаагуур юу хийж явсныг нь асуусан. Тэр залуу өөрөө Наадам центрт ажилладаг, найзуудтайгаа нийлж архи уусан, яагаад энд орж ирснээ мэдэхгүй байна гэж хэлж байсан, ...2 давхрын цонх түлхээд, хашаа давж орж ирсэн байх, ...2 давхрын өрөөний хаалтын шил хагалсан, зөөврийн компьютерын дэлгэц, микрофоныг эвдэлсэн, ариун цэврийн өрөөний хоёр ширхэг угаалтуурыг хагалаад авч гараад усыг нь гоожуулсан...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.Саруулбаярын “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад ажлын хамт олонтойгоо Сан франциско ресторан дотор 6-7 пиво уусан. ...Би архи уудаггүй болохоор яаж гарснаа санахгүй байгаа, гадаа гараад тасарсан байна. Миний санаж байгаагаар хөл бөмбөгийн холбооны хамгаалагч нь намайг бариад авсан. Эд зүйл эвдсэн гээд цагдаа дээр ирж эрүүлжүүлэхэд хоносон. Би нээх архи уудаггүй болохоор харих гээд салхинд гараад тасарсан. Тухайн үед ажлынхнаас салаад ганцаараа явсан. Тус хөл бөмбөгийн холбооны өрөөнүүдээр болон дээшээ, доошоо яваад байсан...” /хавтас хэргийн 55-56 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-17 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 44-48 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Саруулбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Саруулбаяр нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Саруулбаяр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Саруулбаяр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Монголын хөл бөмбөгийн холбооны эд хөрөнгөд 770,800 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид уг хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210017641024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Саруулбаяр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түмэнбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баатар овогт Баяржаргал Подгорскагийн Саруулбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяржаргал Подгорскагийн Саруулбаярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Саруулбаярт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саруулбаяр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210017641024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Саруулбаяр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түмэнбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Саруулбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Саруулбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЛТАНЖИГҮҮР