| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/0395/И |
| Дугаар | 395 |
| Огноо | 2018-10-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 395
| 2018 оны сарын өдөр | Дугаар 104/ШШ2018/ | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, 11 дүгээр хороо, *******од оршин суух, ******* Д.Ө /РД:**********/-ийн
Хариуцагч: *******,******* *******од оршин суух, , Л.М /РД:*******/-д холбогдуулан
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэг 13.927.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Л.Мтай 2011 онд танилцан хамтран амьдарч 2012 оны 01 сарын 13-нд хүү М.Ч, 2013 оны 11 сарын 28-нд хүү М.Э нарыг төрүүлсэн. Бид 2016 оныг хүртэл 5 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд Л.М нь үл ойлголцол, маргаанаар шалтаг хийж, олон өдөр, сараар дэмий тэнэж, хэл амаар доромжилж, намайг зодож гэмтээж байсан учир удаа дараа цагдаад хандаж, 2016 оноос тусдаа амьдарсан. 2011-2016 оны хооронд худалдан авсан эд хөрөнгө, мөн амьдарч байсан гэр орныг Л.М бүгдийг нь авсан. Иймд Л.Маас Honda Stream авто машин 12.000.000 төгрөг, 5 ханатай монгол гэр 4.000.000 төгрөг, буйдан 1ш 400.000 төгрөг, шүүгээ 1ш 180.000 төгрөг, хүүхдийн ор 1ш 200.000 төгрөг, телевизор 1ш 190.000 төгрөг, Samsung зөөврийн компьютер 1.600.000 төгрөг нийт 18.570.000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг 13.927.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Honda Stream авто машин 12.000.000 төгрөг, 5 ханатай монгол гэр 4.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөгийг гаргуулна. Бусад эд хөрөнгөө гаргуулахаас татгалзсан. Гэвч Л.М Honda Stream автомашин, 5 ханатай монгол гэрээ үнэлгээний газраар үнэлүүлсэн байна. Уг үнэлгээгээр Honda Stream авто машиныг 3.500.000 төгрөг, 5 ханатай гэрийг 850.000 төгрөгөөр, нийт 4.350.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байгаа учраас үнэлгээнд маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4.350.000 төгрөгөөс өөрт болон 2 хүүхэддээ ногдох хэсгийг авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Л.М шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 оноос 2016 оны хавар хүртэл нэхэмжлэгч Д.Өтэй хамт амьдарсан... хамт амьдрах хугацаанд өөрийн цалингаасаа гар хийцийн монгол буйдан, 12 вольтоор ажилладаг хятад телевизор, гар хийцийн монгол хоолны шүүгээ, эвхдэг хятад ор, Samsung зөөврийн компьютер зэргийг цалингийн болон лизингийн зээлээр авч байсан. Цалин хүрэлцэхгүй байсан тул зөөврийн компьютерийг 2013 онд зарж зээлээ төлж байсан ба телевизор эвдэрсэнийг 2015 онд хаяж байсан. Хоолны шүүгээ, эвхдэг ор, буйдан зэрэг нь олон жил болоод эвдэрсэн /аавынхаа пинд хадгалуулсан байгаа/. 2012 оны 5 сард гэрийг манай аав ээж тэтгэврийн зээлээрээ авч өгсөн. Honda Stream авто машиныг цалингийн зээл авсан мөнгөөр урьдчилгаа өгч авсан. 2012 оны 12 сард машин авахад урьдчилгаа 2.200.000 төгрөгийг аав тэтгэврийн зээлээ аваад төлсөн. Би 2014 оны 1 сард ажилгүй болсон. Харин машины үлдэгдэл төлбөрийг аав ээж төлсөн. Үнэлгээний газраас машиныг 3.500.000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс ээж ааваасаа авсан 2.200.000 төгрөгийг хасч, 1.300.000 төгрөгийг, гэрийн хувьд аав, ээж хоёр авч өгсөн болохоор 850.000 төгрөгийн үнэлгээтэй 5 ханатай гэрийн 50 хувь буюу 425.000 төгрөгийг өгөх саналтай байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө хариуцагч Л.Мд холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох 13.927.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Honda Stream авто машин 12.000.000 төгрөг, 5 ханатай гэр 4.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч Д.Ө нь “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаниас Honda Stream автомашиныг 3.500.000 төгрөг, 5 ханатай гэрийг 850.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй маргаагүй бөгөөд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.500.000 төгрөгийн үнэтэй Honda Stream автомашин, 5 ханатай монгол гэр 850.000 төгрөг, нийт 4.350.000 төгрөгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэг болох 3.262.500 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Л.М нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс “...Үнэлгээний газраас машиныг 3.500.000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс ээж ааваасаа авсан 2.200.000 төгрөгийг хасах... гэрийн хувьд аав, ээжийн авч өгсөн гэр учраас гэрийн үнийг хасуулах хүсэлтэй байна...” гэсэн үндэслэлээр татгалзсан. Харин 3.500.000 төгрөгийн үнэлгээтэй Honda Stream автомашинаас 1.300.000 төгрөг, 850.000 төгрөгийн үнэлгээтэй 5 ханатай гэрийн 50 хувь буюу 425.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Л.Мтай 2011 оноос 2016 оныг хүртэл хамтран амьдарсан, тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү Мөнхсайханы Чингүнжав, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү Мөнхсайханы Эрдэмдэлгэрэх нар төрсөн байна. Гэрлэгчид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд уг хугацаанд бий болсон эд хөрөнгийг гэрлэгчдийн нэг адил тэнцүү хэмжээгээр өмчлөх, ногдох хэсгийг гаргуулахтай холбоотой болохыг шүүх хуралдааны шатанд тайлбарласан.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2. дах хэсэгт хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэнийг гэрлэлт гэх ба үүний үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэж хэлэхээр заасан байна.
Иймд зохигчид эр, эмийн харьцаатай, хамтын амьдралтай, нэг ам бүлээр амьдарч байсан ч гэрлэлтийн бүртгэлгүй бол тэднийг гэр бүл гэж үзэх боломжгүй тул дундын эд хөрөнгийн маргааныг гэрлэгчдийн болон гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгийн талаар зохицуулсан зохицуулалт болох Иргэний хуулийн 125, 126, 129, 130 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй.
Харин хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохоор Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан. Мөн энэ хуулийн 487 дугаар зүйлийн 487.1.-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Ө нь өөрийн өмчлөлийн хөдлөх хөрөнгө хариуцагч Л.Мы хөрөнгөтэй нийлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлож байж өмчлөгч болох ба өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрх үүснэ.
Нэхэмжлэгч Д.Ө 4.350.000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг авахад өөрийн мөнгөн хөрөнгийг оролцуулсан болохоо баримтаар нотолоогүй.
Хариуцагч Л.М шүүх хуралдааны шатанд “...Honda Stream автомашиныг 8.400.000 төгрөгөөр худалдан авах зорилгоор урьдчилгаа 2.200.000 төгрөгийг цалингийн зээл авч төлөөд, үлдэгдэл төлбөрийг ээж, аавынхаа тэтгэврийн зээлийг авч төлсөн..., мөн 5 ханатай монгол гэрийн модыг аав, ээж 1.050.000 төгрөгөөр авч өгсөн” гэж тайлбарлаж Г.Долгоржав, Ц.Лхаасүрэн нарын Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан боловч дээрхи хөрөнгийг худалдаж авахад зориулагдсан болох нь нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 5 ханатай монгол гэр, 2002 онд үйлдвэрлэгдэж 2012 онд Монгол улсад орж ирсэн Honda Stream автомашиныг хамтран амьдрах хугацаандаа худалдаж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Л.Мы өмчлөлд Honda Stream маркийн 9666УНЧ улсын дугаартай автомашин, 5 ханатай монгол гэрийн хамт үлдээж, хариуцагчаас 2.175.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өт олгож, нэхэмжлэлээс 1.087.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Ө 2018 оны 09 сарын 06-ны өдрийн 104/ШЗ2018/01064 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 227.587 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Л.Маас 49.750 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8., 487 дугаар зүйлийн 487.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* Л.Маас 2.175.000 /хоёр сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өт олгож, нэхэмжлэлээс 1.087.500 /нэг сая наян долоо мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Ө улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Л.Маас 49.750 /дөчин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН