Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан /томилолтоор/,

Шүүгдэгч Ц.Амарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Амарсайханд холбогдох эрүүгийн 2230000000227 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны .......... дүгээр сарын ......-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, . хамт Сүхбаатар аймги............йн Баруун-Урт сумын ..........дугаар баг . тоотод оршин суудаг,............. урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бэйсийнхэн овогт Ц-ийн А  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Амарсайхан нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны оройн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ......... дугаар багт үйл ажиллагаа явуулах “............” дэлгүүрийн хойд талд хохирогч С.Ганзоригийн нүүр хэсэгт гараараа цохиж хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Амарсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Адъяахүү гэх залуутай гав буюу цэнэглэгчийн тухай ярих гэж холбогдсон. Тэгээд тэрийгээ асуух гэж очиход Адъяахүү нь согтуу намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед гурвуулаа явж байгаа гэдгийг мэдээгүй, араас 2 нөхөр тэвэрч аваад, намайг машины хажуу талд унагаасан. Тэр 2 залуутай зууралдаад байж байхад хамт байсан хүмүүс салгасан. Ганзориг нь машины толь хуга цохихоор нь толийг аваад машинд авч хийгээд “чи яагаад хүний машины толь авч хаядаг юм бэ” гэхэд машины хаалга өшиглөсөн. Тэгээд дараа нь арын шилийг хага цохисон. Тэгээд намайг мөргөхөөр нь цохисон. Тухайн үед уураа барьж чадахгүй Ганзоригийг цохисон гэв.     

Эрүүгийн 2230000000227 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ц.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны үед надтай хамт кузов засварын ажил хийдэг Хүрэлсүх гэх залуугийн цахим гавынх нь цэнэглэгч банк нь алга болсон байсан. Тэр цэнэглэгч банкийг нь Адъяа гэх “хүн оллоо” гээд утсаар Хүрэлсүхтэй яриад “би олсон, 40,000 төгрөгөөр худалдаж ав” гэхээр нь авахаар болоод Хүрэлсүх залгахад утсаа авахгүй байна гэхээр нь би тухайн Адъяа гэх хүнтэй 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр холбогдоод уулзахаар болсон. Тэр оройдоо 20 цагийн үед хүн залгаад байхаар нь утсаа авч чадахгүй байж байгаад, 3 дахь удаа дуугарахад нь авсан чинь Адъяа утсаа авалдаа гээд би “Дүүрэн бадрах” дэлгүүрийн хойно байна уулзъя гэхээр нь тэр өдөр засвар хийсэн Жамъян гэх хүний машиныг  бариад Жамъянгийн хамт “Дүүрэн бадрах” дэлгүүрийн хойно очиход нэг өндөр залуу зогсож байсан. Би Жамъянгийн машиныг хүргэж өгөөд буцаад явахаар “Pajiro” маркийн машинтай Энхбаатар гэх залууг дагуулаад явж байсан. Тэр өндөр залуу машинд суусан. Тэгсэн тэр залуу согтуу байсан. Намайг гөлөг нохойгоор нь дуудаад доромжлоод байхаар нь машинаасаа буугаад тэр залуутай барьцалдаж аваад би тонгорсон чинь ойчоод өгсөн. Тэгтэл пиво барьсан 2 залуу гарч ирээд надтай барьцалдаад бид гурав дээр доороо ороод зууралдаад ойчсон. Би Адъяахүүтэй заамдалцаад байж байсан чинь тэр залуутай хамт явсан жижиг залуу нь Жамъянгийн машины толиноос нь юм ойчуулсан. Тэгэхээр нь би  “чи  хүний машины толь хугаллаа” гэсэн чинь над руу гүйгээд ирэхээр нь гэдэс рүү нь тийрсэн. Тэгсэн тэр жижиг залуу дахиж машины хаалга руу өшиглөхөөр нь би тууж очоод нэг цохисон чинь намайг мөргөх гэж ирэхээр нь би баруун гараараа чихнийх нь ар талд цохисон. Тэгсэн тэр жижиг биетэй бор залуу сүүлд Ганзориг гэж мэдсэн тэр залуу Жамъянгийн машины арын дохионы гэрлийг хагалаад намайг мөргөсөн болно гээд хэлж байсан. Тэгээд дахиж над руу ирээд байхаар нь цаашаа гээд би гэдэс рүү нь өшиглөсөн. Тэр залуугийн хамраас нь цус гарсан байсан...” гэх /хх 52-53 дугаар хуудас/

Хохирогч С.Ганзоригийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр найзууд болох Эрдэнэчулуун, Адъяахүү нартай Эрдэнэчулууны гэрт нь 2.5 литрийн савлагаатай 2 сав пиво хувааж уусан. Адъяахүү гэрээс гараад утсаар яриад орж ирсэн. Бид гурав дахиж пиво авахаар болоод “...........” дэлгүүр лүү хамт явсан. Эрдэнэчулуун бид хоёр дэлгүүр ороход Адъяахүү гадаа утсаараа яриад үлдсэн. Бид хоёр орж 2.5 литрийн 2 пиво аваад гарч ирэхэд 2 машин ирсэн, Адъяахүү нэг хүнтэй зодолдоод байж байхаар нь “боль” гээд очиход монгол цамцтай, надтай ойролцоо биетэй залуу байхаар нь хойш нь болгоход тэр залуу “чамд ямар хамаатай юм” гээд намайг араас боосон. Би чангаасан чинь махлаг шар залуу нь миний нүүр лүү гараараа 2 удаа цохиж миний хамраас цус гоожсон. Тэгээд би тэр махлаг залуутай зууралдаад газар унасан, тэгээд би хамрын цусаа фудволкоороо арчаад тэд нартай хэрүүл маргаан болоод тэд нарын унаж ирсэн бололтой “Prius-20” маркийн машиных нь түлхүүрийг нь салгаж аваад баруун хойш нь шидсэн. Тэгээд бас тэд нартай маргалдсан. Тэр машины эзэн нь бололтой махлаг шар залуу миний гэдэс рүү өшиглөж байсан. Тэгээд цагдаа ирсэн. Би нэлээн согтуу байсан болохоор машиных нь арын гэрлийг хагалснаа яг сайн санахгүй байна. Би хамраа хугалуулаад бодвол тэгсэн юм байлгүй. Би тэр хүмүүсийг хохирол нэхэмжлэхгүй гэвэл би хохирол нэхэмжлэхгүй, тэд нар хохирол нэхэмжилнэ гэвэл хохирол нэхэмжилнэ...” гэх /хх 5-6 дугаар хуудас/,

- Гэрч Б.Адъяахүүгийн “...21 цагийн үед пиво авах гээд явж байхад дахиж над руу залгаад “чи хаана байна” гэхээр нь “...............” дэлгүүрийн гадаа байна гэхэд хажууд нэг цагаан өнгийн “Prius-20” машин ирж зогсоод нэг махлаг шар хүн суучих гэхээр нь машиных нь ард ороод суусан. Тэгсэн чинь үгийн зөрүүгүй тэр машиныг барьж байсан хүн намайг “чи ямар овортой юм” гээд цохих гээд далайхаар нь би машинаас нь буугаад “дугаар андуураад байгаа юм биш үү” гэсэн чинь хажууд нь сууж байсан өндөр 40 орчим насны залуу бууж ирээд цамцны араар боосон. Нөгөө бүдүүн махлаг залуу нь намайг тонгорч унагаасан чинь нэг жийп шиг хар өнгийн машин ирж зогсоод дотроос нь 3 залуу бууж ирээд дээрээс дараад авахаар нь би доошоо хараад хэвтсэн. Ганзориг, Эрдэнэчулуун хоёр гарч ирээд “болиоч” гээд Ганзориг тэр бүдүүн махлаг залуутай зодолдоод байсан. Нэг харсан чинь Ганзоригийн хамраас нь цус гарсан, фудволк нь тайлагдсан байсан. Тэгээд Ганзориг цагдаа дууд гэсэн чинь “Prius” машинтай хүмүүс нь хөдлөх гээд байсан. Ганзориг түлхүүргүй бол хөдөлдөггүй юм аа гээд түлхүүрийг нь аваад шидсэн. Ганзориг тэгвэл хамрынхаа хохирлыг ингээд авна гээд “Prius” машиных нь арын гэрлийг гараараа цохиод хагалсан. Тэгээд удахгүй цагдаа ирсэн...” гэх /хх 11-12 дугаар хуудас/, 

- Гэрч О.Эрдэнэчулууны “...Пивоо ууж дуусаад дахиж пиво авахаар бид гурав хамт дэлгүүр яваад “Эрдэнэ-Ус” дэлгүүрийн гадаа ирээд Адъяахүү хүнтэй утсаар яриад дэлгүүрийн гадаа үлдээд Ганзориг бид хоёр дэлгүүр ороод 2.5 литрийн савлагаатай 2 пиво аваад гараад ирэхэд Адъяахүүг машинтай хүмүүс тойрсон 5 хүн байсан. Нэг махлаг шар залуу Адъяахүүг заамдаад зогсож байхаар нь бид хоёр авсан пивоо тавиад тэр хүмүүс рүү гүйж очоод голоор нь орж салгах гэхэд Ганзориг руу тэр махлаг бүдүүн залуу нь дайраад гараараа нүүр лүү нь цохиход хамраас нь цус гоожсон...” гэх /хх 15-16 дугаар хуудас/,

- Гэрч С.Жамъянгийн “...Амарсайхан буугаад тэр залуутай уулзаад маргалдаад эхэлсэн. Тэгтэл дэлгүүрээс хоёр залуу гарч ирээд Амарсайхантай барьцалдаад авсан. Хүрэлсүх, Энхээ нар тэд  нарыг салгаад байсан. Тэгтэл тэр жижиг залуу нь Амарсайханыг ирээд мөргөхөд нь Амарсайхан урдаас нь ёвортол хамраас нь цус гарсан...” /хх 18-19 дүгээр хуудас/, мэдүүлгүүд,

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн “...1. С.Ганзоригийн биед хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 25-26 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.Ганзоригт үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас №4234, Компьютер томографийн шинжилгээ /хх 27-28 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2202243 дугаартай “Toyota Prius-20 маркийн 54-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 230,000 төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх 35-41 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Ц.Амарсайханы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Ц.Амарсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 57-59 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Ц.Амарсайханы ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 60-66 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Ц.Амарсайхан нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Амарсайхан нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны оройн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ....... дугаар багт үйл ажиллагаа явуулах “............” дэлгүүрийн хойд талд хохирогч С.Ганзоригийн нүүр хэсэгт гараараа цохиж хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Ганзориг, гэрч Б.Адъяахүү, О.Эрдэнэчулуун, С.Жамъян нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Э.Ганзоригт үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас №4234, компьютер томографийн шинжилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Ц.Амарсайхан нь хохирогч С.Ганзоригийн хамар руу цохиж хамрын ясыг хугалж, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт бий болгож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж бусдын биед халдаж эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Прокуророос шүүгдэгч Ц.Амарсайханы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.Амарсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Амарсайханы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Хэргийн үйл баримтаас хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч Ц.Амарсайханы үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгосон, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

            Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Амарсайхан нь хохирогч С.Ганзоригийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал болон бусад зардалд 236,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Ганзориг нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ц.Амарсайхан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний  бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Амарсайханд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Амарсайханд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

6. Шүүгдэгч Ц.Амарсайхан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч С.Ганзоригт 236,000 төгрөгийг нөхөн  төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарсайханаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 236,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ....... дүгээр багийн ........ тоотод оршин суух хохирогч С.Г-т олгосугай.

8. Хохирогч С.Ганзориг нь цаашид  гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ