Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 402

 

   2018 оны 11 сарын 06 өдөр

      Дугаар 104/ШШ2018/00402

                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******ын ******* гудамжны ******* оршин суух, ******* Л.Э /РД:*********/

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, *******ын ******* гудамжны ******* оршин суух, ******* Д.Б /РД:*********/-д холбогдуулан

Эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.Бтэй 2003 онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Б төрсөн. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор хүүг өөрийн нэрээр овоглосон. Бид 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Д.Б хүүхэдтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Ямар ч зүйлээр тусалж дэмжиж байгаагүй. Одоо хүү нь 15 нас хүрсэн. Би энэ бүх хугацаанд хүүгээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн. Одоо энэ хүүхэд сурч боловсроход эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй болсон тул  хүү Э.Баттулгын эцэг Д.Б болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2003 онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Б төрсөн. Э.Б миний хүү мөн тул маргах зүйлгүй. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдраад олон жил болж байгаа. Бид салахад Л.Э хүүгээ авсан. Би энэ хугацаанд хүүтэйгээ уулзах гээд очиход эх нь уулзуулдаггүй байсан. Би хүү Э.Бд тэтгэлэг төлнө. Гэхдээ одоо ажилгүй байгаа байдлыг харгалзан үзэж тэтгэлэгийн хэмжээг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э хариуцагч Д.Бд холбогдуулан эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан.

Хариуцагч Д.Б 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Баттулгын эцэг мөн эсэх, асрамжийн талаар маргаагүй ба хүүхдээ тэжээн тэтгэхийг зөвшөөрсөн.

Шүүх нэхэмжлэгч Л.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Д.Б нар 2003 онд танилцан хамтран амьдарч эр, эмийн харьцаатай болсон байх ба тэдний дундаас 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Б төрсөн.

Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байснаас 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Б Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т зааснаар эх Л.Эийн нэрийг авч овоглосон байна. Одоо хүү Э.Б эх Л.Эийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь хүү Э.Баттулгын №64 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Нарны эрч” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Голомт цогцолбор сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-6/

Хариуцагч Д.Б хүү Э.Баттулгын эцэг мөн болохоо зөвшөөрсөн. Иймд хариуцагч Д.Б 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Баттулгын эцэг болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчлан заасан. Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч Л.Э хүү Э.Бд тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Д.Б нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг болохыг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан. Иймд зохигчид хүү Э.Баттулгыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Баттулгыг эцэг Д.Бэр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч Л.Э хүү Э.Бд зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Д.Б зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Хариуцагч Д.Б бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Д.Бэс 123.281 гаргуулж улсын орлого болгов.

Харин нэхэмжлэгч Л.Э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Баттулгын эцэг ******* Д.Б болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Баттулгыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Бэс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Д.Бэс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Л.Э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Бэс 123.281 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС