Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/621

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал,

гэрч С.Саранцацрал,

шүүгдэгч В.Ариунтуяа, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Володягийн Ариунтуяад холбогдох эрүүгийн 2202000240383 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын мэргэжилтэй, “Ай Даблью” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, төрсөн ээжийн хамтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 14 дүгээр байрны 526 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Володягийн Ариунтуяа (.....................62)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Ариунтуяа нь 2021 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсаас нэр бүхий 48 төрлийн эмийг хууль бусаар импортлон, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1004 дүгээр байрны 14 тоотод худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч В.Ариунтуяа “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэрч Б.Мөнх-Оргил мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1004-14 тоотод оршин суудаг Л.Мөнхбилэг, В.Ариунболд гэх хүмүүсийг танихгүй...Мөнхбилэг гэх эмэгтэйн 88111096 дугаар уруу холбогдож төрсөн эгч Б.Мөнхзаяагийн уналт таталтын эсрэг уудаг “carbamazepine” гэх эмийг очиж авдаг...нийт 1,000 ширхгийг 638,000 төгрөгөөр худалдан авч Дархан хот уруу явуулж байсан...манай эгч Б.Мөнхзаяа Хаан банкны 5110335429 дугаарын данс руу мөнгөө шилжүүлдэг гэж байсан...” (1 дүгээр хавтас хэргийн 31-32 дахь тал) гэсэн,

 

Гэрч С.Саранцацралт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүү Б.Маргад 2019 оноос хойш Эпилепси буюу унаж татдаг өвчний оноштой болж эмчийн хяналтад байдаг ба сүүлийн үед ковидоос шалтгаалж Трилептал 600 гэх эм олдохгүй болоод фэйсбүүкийн “Эпилепси тухай яръя” группээс 88111096 дугаартай Л.Мөнхгэрэл гэдэг хүн уналт таталтын эсрэг Трилептал 600 гэх эмийг зардаг талаар олж мэдээд 2 удаа 1 ширхэг эмийг 3800 төгрөгөөр бодож нийт 200 ширхгийг 760,000 төгрөгөөр худалдан авч байсан. Дараа нь Трилептал 600 гэх эм нь тасарчхаж магадгүй гэж бодоод 195,000 төгрөгийг Л.Мөнхгэрэлийн Хаан банкны 5113035429 тоот данс уруу шилжүүлж 50 ширхэг Трилептал 600 эмийг хадгалуулсан. Манай хүүхэд Трилептал 600 гэх эмийг 600 мг-ийг авч хэрэглэдэг...” (1 дүгээр хавтас хэргийн 35-36 дэх тал) гэсэн,

 

Гэрч Б.Хувьтавилан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...дээрх дүгнэлтүүдээс дүнгүүдэд үйлчлэг бодис нь илэрсэн дүнгүүдэд тусгагдсан эмнүүдийн савлалт хаяглалт бүгд Солонгос хэл дээр ойлгомжгүй байсан тул үйлдвэрлэгч гэсэн хэсэг дээр тодорхойгүй гэж бүртгэсэн. Монгол Улсад эмийн эмчилгээнд хэрэглэх эмнүүдийн савлалт хаяглалт нь Монгол хэл эсвэл Англи, Орос хэл дээр байх ёстой байдаг. Эндээс үзэхэд дээрх эмнүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, худалдах болон эмийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөлгүй эмнүүд болно. Харин туслах бодис илэрсэн дүнгүүдэд дурдсан эмнүүдийн хувьд мөн адил савлалт хаяглалт тодорхойгүй Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, худалдах болон эмийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөхгүй эмнүүд болно... Эдгээр төрлийн эмнүүдийн ихэнх нь уналт таталтын эсрэг мөн булчин суллах, өвчин намдаах эмнүүд байна. Эмч эмнэлгийн зүгээс зөвлөх боломжгүй. Учир нь дээрх эмнүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлд огт бүртгэлгүй эмнүүд... гаалын тухай хуулиар шахмал эмийн хувьд эмчийн бичгийн 7 хоногийн хэрэгцээг авч ирэх боломжтой. 7 хоногийн дараа Монгол Улсад зарагдаж байгаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ижил төрлийн эмийг хэрэглэнэ...” (1 дүгээр хавтас хэргийн 38-39 дэх тал) гэсэн,

 

Гэрч Л.Мөнхгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...В.Ариунтуяа над уруу залгаад би чиний утасны дугаарыг хүнд өгчихье чи тэгээд залгахаар нь В.Ариунаагийн анх авч ирсэн эмээс тэдэн ширхгийг өгчихөөрөө гэж хэлдэг. Тэгээд танихгүй дугаараас хүмүүс залгаад Туяа яриулсан юм өөрөөс чинь очоод эм авчих гэсэн юм хаанаас очиж авах вэ гэхээр нь би өөрийнхөө гэрийн хаягийг хэлээд В.Ариунтуяа эгчтэй дүрсээр холбогдож эмүүдийг тухайн хүнд нь өгдөг байсан. Тэгээд тухайн хүндээ дансаа өгөөд өгсөн мөнгийг нь данс уруу чинь орохоор эмийг нь өгөөд явуулаарай гэж хэлдэг байсан. Тухайн үеэс би тухайн эмийг зарж борлуулж байгааг нь гадарласан...” (1 дүгээр хавтас хэргийн 231 дэх тал) гэсэн,

 

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...тухайн эмийн хэрэглэх заалт, гаж нөлөөний талаар эмийн бүртгэлийн цахим систем болон олон улсын эмчилгээний удирдамж, эмийн зааврын платформ ашиглаж тодрууллаа... аюулгүй байдлын онцгой анхааруулга бүхий эмүүд нь эмчийн зааваргүй, хяналтгүй хэрэглэсэн тохиолдолд элэг, арьс, цус төлжүүлэх эрхтэн тогтолцоо харааны мэдрэлд хортой нөлөө үзүүлэх эм байна...” гэсэн 01/84 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал)

 

Мэргэжлийн Хяналтын Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборторийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн (1 дүгээр хавтаст хэргийн 124-171 дэх тал)

 

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо 1004-14 тоотоос хураан авсан эм мэт зүйл хураан авсан зүйлс (1 дүгээр хавтаст хэргийн 177-190 дэх тал)

 

Яллагдагчаар В.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би эмнүүдийн нэрийг нь сайн мэдэхгүй ямар ч байсан унаж татахаар хэрэглэдэг эмнүүд байгаа юм. Тухайн эмийг БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгээс төрсөн эгч В.Ариунаагийн өвчний эмийн жороор 1 жил, 6 сарын хэрэглээний эмийг эмийн сангаас нь эмчлэгч эмчийнх нь жороор авсан. ...гэхдээ МУ-д байгаа эгчийнхээ өвчинтэй адилхан зовж шаналж байгаа хүмүүст туслах зорилгоор би өөрийн бэр дүү Мөнхбилэгээр дамжуулан хүмүүст өгдөг байсан бөгөөд тухайн эмнүүдийг БНСУ-аас худалдан авсан үнээр нь өгдөг байсан бөгөөд ашиг хонжоо олох зорилгоор хүмүүст өгөөгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал) гэсэн мэдүүлгүүд,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 5-22 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 201 дахь тал)

Шүүгдэгч В.Ариунтуяа хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 202-212, 247-249, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал),

Шүүгдэгч В.Ариунтуяагийн эзэмшлийн банкин дахь дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 3-109 дэх тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн гарын 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл 4 хуудас,

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн А/383 дугаар тушаал 3 хуудас зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, шүүгдэгчээр, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч В.Ариунтуяад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч В.Ариунтуяа нь 2021 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсаас нэр бүхий 48 төрлийн эмийг хууль бусаар импортлон, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1004 дүгээр байрны 14 тоотод худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрчийн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, мөн гэрч Б.Хувьтөгөлдөрийн ...дээрх дүгнэлтүүдээс дүнгүүдэд үйлчлэг бодис нь илэрсэн дүнгүүдэд тусгагдсан эмнүүдийн савлалт хаяглалт бүгд Солонгос хэл дээр ойлгомжгүй байсан тул үйлдвэрлэгч гэсэн хэсэг дээр тодорхойгүй гэж бүртгэсэн. Монгол Улсад эмийн эмчилгээнд хэрэглэх эмнүүдийн савлалт хаяглалт нь Монгол хэл эсвэл Англи, Орос хэл дээр байх ёстой байдаг. Эндээс үзэхэд дээрх эмнүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, худалдах болон эмийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөлгүй эмнүүд болно. ...Эмч эмнэлгийн зүгээс зөвлөх боломжгүй. ...гаалын тухай хуулиар шахмал эмийн хувьд эмчийн бичгийн 7 хоногийн хэрэгцээг авч ирэх боломжтой. 7 хоногийн дараа Монгол Улсад зарагдаж байгаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ижил төрлийн эмийг хэрэглэнэ...” (1 дүгээр хавтас хэргийн 38-39 дэх тал) гэсэн мэдүүлэг

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/84 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 5-22 дахь тал)

Мэргэжлийн Хяналтын Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборторийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн (1 дүгээр хавтаст хэргийн 124-171 дэх тал)

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо 1004-14 тоотоос хураан авсан эм мэт зүйл хураан авсан зүйлс (1 дүгээр хавтаст хэргийн 177-190 дэх тал),

Шүүгдэгч В.Ариунтуяагийн эзэмшлийн банкин дахь дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 3-109 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, буй гэмт үйлдэл болно.  

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд зааснаар эмийг зохих зөвшөөрөлгүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр худалдах, түгээх мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эмийг худалдах түгээх үйл ажиллагааг гэмт хэрэгт хамаарахаар хуульчилжээ.

 

“Эм” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай үйлчлэл нь эм судлал, эмнэл зүйн 10 сорилт туршилтаар нотлогдсон нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг ойлгоно.

 

Мөн “импортолсон” гэж эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг гадаад улсаас дотоодын зах зээлд борлуулах зорилгоор оруулж ирж байгааг, “худалдсан” гэж эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг жижиглэн болон бөөний хэлбэрээр борлуулах аливаа үйлдлийг тус тус ойлгоно.

“Зохих зөвшөөрөлгүй явуулсан” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно. гэж хуульчилсан бөгөөд энэ журмаар тусгай зөвшөөрөл авалгүйгээр дээрх үйл ажиллагааг эрхэлсэн байхыг ойлгоно.

 

Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.13 дахь заалтад "эмийн бүртгэл" гэж хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд хэрэглэж болох нь нотлогдсон эмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглээнд гаргахыг зөвшөөрөх үйл ажиллагааг; 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эм хангамжийн байгууллага нь үйл ажиллагаандаа эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг жигд хангах зарчмыг баримтална.” 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.” гэж тус тус хуульчилсан бөгөөд

 

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч В.Ариунтуяа нь Бүгд Найрамдах Солонгос улсаас нэр бүхий 48 төрлийн эмийг хууль бусаар импортлон, цахим хэрэгсэл ашиглан худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу хууль бусаар эм импортолсон, улмаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу зохих журмын дагуу Монгол Улсын эмийн бүртгэлд буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч В.Ариунтуяа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдээгүй, тухайн эмийг БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгээс төрсөн эгч В.Ариунаагийн өвчний эмийн жороор 1 жил, 6 сарын хэрэглээний эмийг эмийн сангаас нь эмчлэгч эмчийнх нь жороор авсан ашиг олоогүй бусдад тусалсан гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хэдийг гэрч Б.Хувьтөгөлдөрийн ...гаалийн тухай хуулиар шахмал эмийн хувьд эмчийн бичгийн 7 хоногийн хэрэгцээг авч ирэх боломжтой. 7 хоногийн дараа Монгол Улсад зарагдаж байгаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ижил төрлийн эмийг хэрэглэнэ...” (1 дүгээр хавтас хэргийн 38-39 дэх тал) гэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад  хууль, дүрэм журам, хэм хэмжээний актад заасан үндсэн үүргээ ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилгоор шунахай сэдэлттэй гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч В.Ариунтуяа нь хууль бусаар эм бэлдмэл импортлох, худалдах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно... гэснийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль бусаар эм бэлдмэл импортлох, худалдах” гэмт хэргийн шинжийг хангасан,

Хан-Уул дүүргийн прокурорын газраас ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн “....В.Ариунтуяа нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Гэтэл цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж уналт таталтын өвчтэй хүүхдийн эцэг эхийн чимээ шуугианаар Засгийн газраас уг эмийг хориотой эмийн бүртгэлээс хасч яаралтай Монгол Улсад оруулж ирэх болж Ази фарм ХХК-д лиценз олгосон. Энэ талаар өнөөдөр шинээр гарган өгсөн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул цагаатгаж өгнө үү. Анх гэмт хэрэг гэж үзэх үндэслэл байсан. Одоо хориотой эмийн бүртгэлээс хассан тул эргэлзээ үүсэж байна. Үүнд шүүхээс дүгнэлт хийж гэм буруутайд тооцох нь үндэслэлгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү. гэж,

 

Гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв “...Үйлчлүүлэгчийн байр суурийн хувьд яллах дүгнэлтэд дурдаж байгаа гэрч Мөнх-Оргил, С.Саранцацрал нарт эм худалдсан гэдгээ зөвшөөрдөг. 1 дүгээр хавтаст хэргийн 42-66 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд уг эмийг төрсөн эгч Ариунаагийн өвчинд зориулж худалдан авч оруулж ирсэн нь харагддаг. Тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой чартер нислэгээр авч ирсэн дээр маргадаггүй. Энэ хоёр эмийн тухайд Монгол Улсад огт хэрэглэдэггүй, хориглосон эм биш. Үйлдвэрлэгч улс нь өөр боловч 8-10 төрөл байдаг. Солонгос улсад үйлдвэрлэсэн нь илүү үйлчилгээтэй байдаг. С.Саранцацрал В.Ариунтуяагийн зөвлөгөөгөөр биш эмчийн зөвлөгөөний дагуу энэ мэдээллийг авсан. В.Ариунтуяа эгчийнхээ өвчинд мэдээлэл солилцох журмаар Фейсбүүк группэд орсон гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Мөнх-Оргил, С.Саранцацрал нар уг эмийг хэрэглэснээр өнөөдрийн байдлаар хор уршиг учирсан зүйл байхгүй байна. Тиймээс энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн байна. Мөн Б.Энххэрлэн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг эмийн нэр төрлийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд бичсэн байна. Эмийн бүртгэл цэгцгүй, нэр төрөл нь бага байгаа дээр төрөөс анхаарч үйл ажиллагаа явагдсан байна. Энэ нөхцөл байдлын улмаас хууль хэрэглэхэд эргэлзээ төрж байна. гэж,

 

Улсын яллагч: “...Өмгөөлөгч нарын шинээр гарган өгсөн баримтад 7 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын тушаал байна. Үүнд Ази фарм ХХК-д зөвшөөрөл олгосон байна. Энэ тушаалаар тухайн эмийг худалдан борлуулах эрхийг тусгай зөвшөөрлөөр олгож байна. 2022 оны 7 сард нийгэмд үүссэн асуудлаас үүдэж Засгийн газраас арга хэмжээ авсан. Энэ гэмт хэрэг 2021 онд үйлдэгдсэн. Гэмт хэргийн үндсэн шинж нь тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан бол гэж байгаа. Зөвшөөрөлгүйгээр зарж байгаа нь гэмт хэргийн үндсэн шинж. Засгийн газрын тогтоол дээр гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг нотлохоос биш гэм буруугүй гэдгийг нотлохгүй. Тиймээс В.Ариунтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналаа дэмжиж байна. гэж тус тус мэтгэлцэв.

 

Мөн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Монгол улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд дуудсанчлан, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн А/383 дугаар Импортын лиценз олгох тухай тушаалаар Азифарма ХХК, Хайтан арвижих ХХК-д импортын лиценз олгох эмийн жагсаалыг нэг, хоёр дугаар хавсралтаар тус тус баталсан байна.

 

Өөрөөр хэлбэл уналт таталтын эсрэг мөн булчин суллах, өвчин намдаах зэрэг эмийг хувь хүн болоод хэн дуртай нь оруулж ирэхийг хууль болон бусад актаар зөвшөөрөл олгоогүй байна.

 

Иймд шүүхээс дээр дурдсан гэмт хэргийн шинж болон Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт, нотлох баримтаар тооцсон баримтууд зэрийг үндэслэн шүүгдэгч В.Ариунтуяад холбогдох хэргийг цагаатгах үндэслэлгүй юм.

 

2. Шүүгдэгч В.Ариунтуяаг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Улсын яллагч ялын саналдаа: “...Шүүгдэгч В.Ариунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шинжлэн судалсан нотлох баримтууд болон үйлдэл нь бусдын эрүүл мэндэд шаардлагатай эм худалдсан байна. Шүүгдэгч үүнийгээ мэдүүлж байгаа. Энэ нөхцөл байдал нь хөнгөн ял оногдуулах санал гаргах үндэслэл болж байгаа тул торгох ял оногдуулах саналтай байна. В.Ариунтуяа уг эмийг хэдэн төгрөгөөр авсан, гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн ашиг олсныг тогтоох боломжгүй байсан. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 57.511.260 төгрөгийг улсын орлого болгохгүй байх үндэслэлтэй байна. гэсэн санал дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

 

          Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба шүүгдэгч В.Ариунтуяа гэм буруу дээрээ маргаж, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй харгалзан дүгнэж шүүгдэгчийг хууль бусаар эм бэлдмэл импортлох, худалдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг (1 дүгээр хавтаст хэргийн 202-212, 247-249, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал), прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 5400 (таван мянга дөрвөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч В.Ариунтуяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар В.Ариунтуяад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

        

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо 1004-14 тоотоос хураан авсан эм мэт зүйл хураан авсан зүйлс (1 дүгээр хавтаст хэргийн 177-190 дэх тал) хураан авсан 48 нэр төрлийн 40.964 ширхэг зэрэг эмийг худалдан борлуулах, түгээх үйл ажиллагаанаас шүүгдэгч В.Ариунтуяад 57.511.260 төгрөгийн орлого орсон байж болох талаар улсын яллагч хэлэлцүүлэгт хэлэвч, мөн хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх 48 нэр төрлийн эмнүүдийг тодорхой этгээдүүд худалдан авсан талаар баримтууд авагдсан байх боловч эм худалдсан, түгээсэн үйл ажиллагаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг байх тул бусдаас эмнүүдийг ямар үнээр худалдаж авсан, ямар үнээр худалдан борлуулсан, үнийн зөрүүнээс олсон ашгийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд хууль бус эх үүсвэрээс буюу гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон орлого болох бөгөөд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж хууль тогтоогч томьёолж хуульчилсан, харин ашиг гэж томьёолж хуульчлаагүй болно.

 

Иймд шүүх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг авах шаардлагагүй, улсын яллагчийн санал үндэслэлтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан,  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо 1004-14 тоотоос хураан авсан эм мэт зүйл хураан авсан зүйлс (1 дүгээр хавтаст хэргийн 177-190 дэх тал) хураан авсан 48 нэр төрлийн 40.964 ширхэг эмнүүд нь тусгай журмын дагуу хадгалах, хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөл үзүүлэх онцгой бүтээгдэхүүн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн 2202000240383 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч В.Ариунтуяа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Володягийн Ариунтуяаг хууль бусаар эм бэлдмэл импортлох, худалдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ариунтуяаг 5400 (таван мянга дөрвөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан,  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо 1004-14 тоотоос хураан авсан эм мэт зүйл хураан авсан зүйлс (1 дүгээр хавтаст хэргийн 177-190 дэх тал) хураан авсан 48 нэр төрлийн 40.964 ширхэг эмнүүд нь тусгай журмын дагуу хадгалах, хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөл үзүүлэх онцгой бүтээгдэхүүн тул устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч В.Ариунтуяа урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.Ариунтуяад урьд хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ