| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00401/И |
| Дугаар | 401 |
| Огноо | 2018-11-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 401
| 2018 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 104/ШШ2018/00401 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* оршин суух, ******* Э.О /РД:**********/
Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, ******* байрны ******* оршин суух, ******* А.А /РД:**********/-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2004 онд танилцаж, хамтран амьдрах болсон. 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Зг төрүүлсэн. А.А нь хамт амьдарч байх хугацаанд архи уудаг байснаас болж хоорондоо их маргалддаг байсан. Энэ нь надад болон миний эх, хүү хоёрт маш хэцүү байсан учир 2013 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Бид 5 жилийн хугацаанд эвлэрэх гэж уулзаж, ярилцаж үзсэн ч болоогүй. Одоо бид бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон. Хүү сургуулийн амралтаараа эцэг дээрээ очдог. Би өнгөрсөн жил нэг хүнтэй танилцаж хамт амьдарч байгаа.
Иймд гэр бүлийн харилцаагаа цаашид үргэжлүүлэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Зг өөрийн асрамжид байлгаж, эцэг А.Агаар тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Бид гэр бүл болсоноос хойш өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байгаагүй тул эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Э.Отой арван жилийн сургуульд байхдаа үерхэж эхэлсэн. 2006 онд гэрлэлтээ батлуулж, тэдний гэрт хамт амьдрах болсон. Бидний дундаас 2006 онд хүү А.З төрсөн. Би архи уудаг байсан болохоор Э.О надаас салсан. Бид тусдаа амьдрах 5 жилийн хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон. Одоо зөвхөн хүү А.Зтой уулзаж, хэрэгцээний мөнгийг нь өгдөг.
Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн талаар болон маргахгүй, тэтгэлэг төлнө. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.О хариуцагч А.Агаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч А.А нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч Э.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг болно.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Э.О гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Э.О, хариуцагч А.А нар 2004 онд танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү А.З төрсөн байх ба хүүхэд одоо эх Э.Оын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн №0044377-29******* гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн 0247242-371 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, ******* дүүргийн 119 дүгээр лаборатори сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/
Нэхэмжлэгч Э.О гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...А.А архи их уудагаас болж гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэн... тус тусдаа амьдраад 5 жил болсон. ... одоо хамтран амьдрагчтай болсон” гэж тайлбарласан, хариуцагч А.А “...Бид тусдаа амьдраад 5 жил болж байна. ...Одоо бид хамт амьдрах хүсэлгүй болсон. Надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй 5 жил болсон, нэхэмжлэгч Э.О өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Э.О, хариуцагч А.А нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Э.О үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг А.Агаас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон хүү А.Згийн “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Зг эх Э.Оын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч А.А бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 2******* зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1******* зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 1******* зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Агаас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү А.Зг тэжээн тэтгүүлэв.
Харин хариуцагч А.А цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Э.О нь хүү А.Зд зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч А.А зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Нэхэмжлэгч Э.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Агаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.От олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 13******* зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2006 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* Э.О, хариуцагч ******* А.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Зг эх Э.Оын асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Зг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Агаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч А.А цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Э.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Агаас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.От олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС