Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч З.Гончигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Гончигсүрэнд холбогдох эрүүгийн 2230001540207 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... оны ..... дүгээр сарын ......-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ........ нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ........дугаар баг "........” гэх газарт оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Д овогт З-ын Г

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.Гончигсүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний Сүхбаатар аймгийн Уулбаян сумын .... дугаар багийн “.........” гэх газар захиран зарцуулах эрх бүхий эцэг Л.Зоригтбаатарын үхэр сүрэгт нийлсэн Ц.Цогбадрахын 6 тооны бярууг зарж борлуулан завшсан буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Ц.Цогбадрахад 3,700,000 төгрөгийн хохирол,

2022 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ....... дугаар багийн “......” гэх газар захиран зарцуулах эрх бүхий эцэг Л.Зоригтбаатарын үхэр сүрэгт нийлсэн Ү.Баттөмөрийн 4 тооны бярууг зарж борлуулан завшсан буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 2,466,700 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч З.Гончигсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв. 

Эрүүгийн 2230001540207 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч З.Гончигсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Мөнххаан сум” гэсэн “facebook” зарын группэд Х.Баатархүү гэх хүн “бяруу худалдаж авна” гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүний утасны дугаарыг нь тэмдэглэж авч байсан. Тэгээд хэд хоногийн дараа мөнгөний хэрэг гараад 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Х.Баатархүү гэх хүний утас руу залгаад “бяруу хэдээр авч байгаа” талаар асуухад “400,000 төгрөгөөр авна” гэхээр нь өөрийгөө танилцуулж 3 тооны бярууны мөнгө болох 1,200,000 төгрөгийг тухайн хүнээс өөрийн ХААН банкны ............. дугаартай дансаар авсан. Тэгэхдээ тухайн хүн “хавар 4 юм уу? 5 дугаар сард очиж бяруугаа авна” гэж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр билүү 09-ний өдөр энэ хоёр өдрийн нэг өдөр нь байх сайн мэдэхгүй байна, ямар ч байсан манай аавын үхрүүдэд гаднын өөр имтэй нийт 6 тооны үхэр ирж нийлсэн байхаар нь Х.Баатархүү рүү 2022 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд 2 тооны бярууны мөнгө аваад 04 дүгээр сарын 11-ний өдөр Х.Баатархүүг “тус сумын ............ баг “..........” гэх газарт хүрээд ир” гээд дуудахад Х.Баатархүү нь “Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. Тухайн хүний машины улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тэгээд би тухайн хүнд 5 тооны бяруу өгөөд, дахин 1 бяруу нэмж ачиж өгөхдөө “надад мөнгөний хэрэг гарсан байгаа учраас энэ бярууны мөнгийг очоод өгөөрэй” гэж хэлээд нийт 6 тооны бярууг тухайн хүнд ачиж өгөөд явуулсан. Яагаад гэвэл гаднаас манай үхрүүдэд өөр гаднын 6 тооны бяруу ирж нийлсэн байсан учраас Х.Баатархүүгээс 5 бярууны мөнгө авсан болохоор нэг мөсөн 6 бярууг зарахгүй бол тухайн үхрийн эзэн ирээд мэдэж магадгүй гэж бодоод Х.Баатархүүд 6 бяруу худалдан борлуулсан. Би тухайн хүнээс авсан мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэж дуусгасан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх /хх 52-54 дүгээр хуудас/,

“... Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Тэгш” гэх газарт Л.Зоригтбаатар, ээж М.Уранчимэг, дүү З.Сэржмядаг нарын хамт өөрийн гэсэн бог, бод нийлсэн 800 гаруй тооны мал маллаж амьдардаг. Миний өөрийн малын “А” дансанд хонь, ямаа нийлсэн 108 тооны мал бүртгэлтэй байдаг. Би одоогийн байдлаар тусдаа гарч чадаагүй байгаа болохоор аав, ээжийн малыг өөрийнхөө малтай хамтад нь малладаг. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Уулбаян сумын төвд байх гэртээ утсаараа “facebook” ороод байж байхад “Мөнххаан сум” гэсэн “facebook” зарын группэд Х.Баатархүү гэх хүн “бяруу худалдаж авсан” гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүний утасны дугаарыг нь тэмдэглэж тухайн хүн рүү залгаад бяруу хэдэн төгрөгөөр авч байгаа талаар асуухад 350,000 төгрөг гэхээр нь би олон тооны бяруу өгнө гэж хэлээд гуйсаар байгаад тухайн хүнд нэг бярууг 400,000 төгрөгөөр зарахаар болоод Уулбаян сумын 3-р баг “Цав” гэх газарт тухайн хүнийг дуудсан. Тэгээд би сумын төвөөс хөдөө гэртээ очоод Х.Баатархүүтэй уулзаад бид хоёр манай үхрүүдийг хураагаад 4 тооны бяруу зарсан. Тухайн хүнээс мөнгө авахдаа дансаар 1,500,000 төгрөг, бэлнээр 100,000 төгрөг авсан. Би тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. 2021 оны 11 дүгээр сард манай аав Л.Зоригтбаатар нь Улаанбаатар хотын иргэн Түмээ гэх хүнд 4 тооны тугалтай үнээ зарахад тус тугалтай үнээнүүдийг манайхтай ойрхон нутаглаж байсан Б.Очирсүрэн гэх айлд үлдээсэн. Тухайн 4 тооны үнээнүүдийн тугалууд нь тухайн айлын үхэр сүрэгт тогтохгүй хуучин бэлчиж байсан газар луугаа очоод манай үхрүүдтэй нийлээд байсан учраас уг 4 тооны тугалуудыг “манай үхэр сүрэгт нийлүүлсэн” гэж аав надад сүүлд нь хэлсэн. Аавыг Түмээ гэх хүнд тугалтай үнээ зарсан, зарсан тугалтай үнээнүүдийг Б.Очирсүрэнгийнд тавьсан, Б.Очирсүрэн нь 4 тооны тугал манайд тавьж байх үед би байгаагүй учраас уг асуудлын талаар мэдэхгүй байсан. Тэгээд би тухайн 4 тооны бярууг Х.Баатархүүд зарсан. Б.Очирсүрэн нь сүүлд намайг байхгүй байхад ирээд үлдээсэн байсан тугалуудаа авах гээд манайд ирэхэд 4 тооны бяруу байхгүй байсан учраас уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсан...” гэх /хх 128-130 дугаар хуудас/,  

Хохирогч Ц.Цогбадрахын “...Би Уулбаян сумын ....... дугаар багийн нутаг “.........” гэх газар эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би бяруунуудаа хөнгөлж байхдаа үхэрт дайруулж зүүн хөлөө гэмтээсэн. Тэрнээс хойш би Уулбаян сумын төвд эмчилгээ хийлгэж байсан. Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үхрээ эргэх гээд очиход манай үхрээс зургаан тооны бяруу зүсээрээ дутсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэх /хх 13-14 дүгээр хуудас/,

  • Хохирогч Ү.Баттөмөрийн “...Тухайн үедээ би тугалтай үнээгээ Уулбаян сумын С.Очирсүрэн гэх найздаа өгөөд харуулж байсан. Тэгээд саяхан 2022 оны 04 дүгээр сард надад утсаар ярихдаа “бяруугаа тогтохгүй байхаар нь Зоригт ахын үхэрт тавьсан чинь алга болсон. Хайгаад олохгүй байна” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би С.Очирсүрэнг “цагдаагийн байгууллагад гомдол гарга” гэж хэлж байсан...” гэх /хх 80 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Баатархүүгийн “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ байж байхад Уулбаян сумын иргэн З.Гончигсүрэн нь миний ........... дугаар луу .......... гэсэн дугаараас залгаад “та бяруу авч байгаа юу би 3 бяруу өгье” гээд надаас өөрийнхөө ХААН банкны ........... тоот дансаар 1,200,000 төгрөг авсан. Тэгээд дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр З.Гончигсүрэн залгаад “нэг бярууны мөнгө авъя” гээд өөрийнхөө дансаар 400,000 төгрөг авсан. Тэгээд маргааш буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөн нэг бярууны мөнгө авахаар нь “би одоо бяруугаа цуглуулж авъя” гэхэд намайг “Уулбаян сумын нутаг “Дунд сайн” гэх газар хүрээд ир” гэсэн. Би өөрийнхөө 29-23 СҮҮ улсын дугаартай цэнхэр өнгийн “Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй 17 цагийн үед очсон. Намайг очиход З.Гончигсүрэн тухайн газар 200 гаруй тооны үхэр хураасан байсан. Тэгээд тэр үхрүүд дотроос надад 6 тооны бяруу барьж өгөөд “та нэг бярууны мөнгийг нь миний данс руу хийчхээрэй” гэхээр нь би “Мөнххаан сум руу ороод явуулна” гэж хэлээд 6 тооны бярууг ачаад Мөнххаан сум руу буцсан...”
  •  “...Тухайн үхрүүдийг Уулбаян сумын иргэн Ц.Цогбадрах гэх хүн “би энэ үхрүүдийг хулгайд алдаад олохгүй байсан юм. Энэ миний үхэр байна” гээд уг 6 тооны үхрийг авсан. Би тухайн үхрийг хулгайн үхэр гэж мэдээгүй. Надад хэлэхдээ би өөрийнхөө үхрээс өгч байна гэж хэлж байсан...” гэх /хх 20-21 дүгээр хуудас/,
  • Гэрч  Б.Очирсүрэнгийн “...2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын харьяат ......... гэх залуу Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн иргэн Зоригтбаатар гэх хүнээс 4-н тугалтай үнээ худалдаж аваад манай үхэрт тавьсан юм. Тэгээд өвөл тэжээж байгаад 2022 оны 03 дугаар сарын сүүлээр ижил үхэрт нь тавья гээд Зоригтбаатар ахын үхэрт тавьсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын сүүлээр Зоригтбаатар ах над руу утсаар ярихдаа “танай дөрвөн бяруу үхэрт байхгүй байна, та хэд авсан юм уу” гэхээр нь би “аваагүй” гэж хэлээд тухайн үедээ ойр хавийн үхрүүдээр хайгаад олохгүй байгаа болохоор би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна...” гэх /хх 83-84 дүгээр хуудас/,
  • Гэрч М.Уранчимэгийн “...Манайх 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын харьяат Түмээ гэх хүнд дөрвөн тооны тугалтай үнээ зарсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сард Б.Очирсүрэн нь тухайн зарсан тугалтай үнээний бяруунуудыг “тогтохгүй байна, ижил үхэрт нь нийлүүлье” гээд манай үхэрт авчирч тавьсан. 2022 оны 03 дугаар сарын сүүлээр манайх бяруунуудаа хөнгөлөх гээд үхрээ хурааж үзэхэд Б.Очирсүрэнгийн тавьсан дөрвөн бяруу дөрвүүлээ байхгүй байхаар нь Б.Очирсүрэнд “танайх бяруугаа авсан юм уу, үхэрт байхгүй байна” гэхэд Б.Очирсүрэн нь “аваагүй” гэсэн. Тэгээд 4 бярууг алга болсон талаар мэдсэн...” гэх /хх 87-88 дугаар хуудас/,
  • Гэрч Л.Зоригтбаатарын “...Би 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын харьяат Түмээ гэх залууд дөрвөн тугалтай үнээ зарсан. Тухайн үедээ Түмээ дөрвөн тугалтай үнээг авч яваад манай сумын иргэн Б.Очирсүрэн гэх хүнд өгч маллуулж байсан юм байна лээ. Тэгээд Б.Очирсүрэн нь цагаан сарын дараахан бяруунууд нь тогтохгүй байна гээд 4 тооны бяруу авчирч манай үхэрт тавьж байсан. Тэгээд гэнэтхэн 2 дугаар сарын эхээр тухайн бяруунууд алга болохоор нь би Б.Очирсүрэнгээс “чи бяруугаа авсан юм уу” гэх асуухад “би аваагүй” гэж байсан. Тэгээд бид хэд хайгаад олоогүй юм. Тэгсэн манай хүү З.Гончигсүрэн нь хүнээс бярууны мөнгө аваад тухайн хүндээ Б.Очирсүрэнгийн дөрвөн бярууг ачиж өгөөд явуулсан байна. Би үүнийг саяхан цагдаагаас л дуулсан...” гэх /хх 91-92 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Баатархүүгийн “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Мөнххаан сумын зар зарлалын нэгдсэн цахим “Facebook” хаягт “бяруу худалдаж авна” гээд зар оруулсан. Тэрний маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр над руу .............. дугаараас “бяруу авч байгаа юм уу би зарна, намайг Уулбаян сумын өндөр ....... гэдэг. Би чамд дөрвөн бяруу заръя, “Цав” гэх газар хүрээд ир” гэхээр нь өөрийнхөө 29-23 СҮҮ улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход морьтой нэг залуу ирээд “би Л.Зоригтбаатарын хүү байна, намайг аав явуулсан юм танд 4 бяруу бариад өгчих” гэж хэлээд 100 гаруй тооны үхэр дотроос надад 4 тооны бяруу барьж өгөхөөр нь машиндаа ачаад тухайн 4 үхрийн мөнгө болох 1,600,000 төгрөгөөс бэлэн 100,000 төгрөгийг өгөөд үлдсэнийг “би очоод дансанд хийчих” гэж хэлээд тухайн 4 бярууг ачаад Мөнххаан сумын зүг явсан. Тэгээд Мөнххаан суманд ирээд З.Гончигсүрэнгийн явуулсан 5640104380 гэх дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн...”

“...Тухайн үхрүүдийг Уулбаян сумын иргэн Б.Очирсүрэн гэх хүн “би тухайн үхрийг хулгайд алдаад олохгүй байсан. Энэ миний үхэр байна” гээд 4 тооны бярууг авсан. Би тухайн үхрийг хулгайн үхэр гэж мэдээгүй. Надад хэлэхдээ “би өөрийнхөө үхрээс өгч байна” гэж хэлж байсан...” /хх 99-98 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

  • Шүүгдэгч З.Гончигсүрэнгийн ХААН банкны депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулга /хх 4-8 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2202210 дугаартай шинжээчийн “...6 үхрийн зах зээлийн үнэлгээ 3,700,000 төгрөг” гэх дүгнэлт...” гэх дүгнэлт /хх 31-40 дүгээр хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2202201 дугаартай шинжээчийн “...4 үхрийн зах зээлийн үнэлгээ 2,466,700 төгрөг...” гэх дүгнэлт /хх 106-115 дугаар хуудас/
  • Шүүгдэгч З.Гончигсүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолын  хуулбар /хх 56-62 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч З.Гончигсүрэнгийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 67-69 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч З.Гончигсүрэн, өмгөөлөгч Т.Хүдэр нарын хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 131-132 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Гончигсүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн “Дунд сайн” гэх газар захиран зарцуулах эрх бүхий эцэг Л.Зоригтбаатарын үхэр сүрэгт нийлсэн Ц.Цогбадрахын 6 тооны бярууг зарж борлуулан завшсан буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Ц.Цогбадрахад 3,700,000 төгрөгийн хохирол,

  • 2022 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ....... дугаар багийн “.........” гэх газар захиран зарцуулах эрх бүхий эцэг Л.Зоригтбаатарын үхэр сүрэгт нийлсэн Ү.Баттөмөрийн 4 тооны бярууг зарж борлуулан завшсан буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 2,466,700 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Ц.Цогбадрах, Ү.Баттөмөр, гэрч Х.Баатархүү, Б.Очирсүрэн, М.Уранчимэг, Л.Зоригтбаатар нарын мэдүүлгүүд, шүүгдэгч З.Гончигсүрэнгийн ХААН банкны депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулга, Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэдэгт: Ижил сүргээсээ салж, тасарсан малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсныг, 

Бага хэмжээний хохирол гэдэгт: гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг тус тус ойлгохоор хуульчилсан.

Тодруулбал, шүүгдэгч З.Гончигсүрэн хохирогч Ц.Цогбадрах, Ү.Баттөмөр нарын ижил сүргээсээ салж, өөрийнх нь үхэрт нийлсэн байсан үхрийг бусдын өмчлөлд байгаа болохыг мэдсээр байж бусдад худалдан борлуулж, зарснаар завших гэмт хэрэг төгссөн нь гэмт үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд хохирол учруулсан  шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Прокуророос шүүгдэгч З.Гончигсүрэнгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч З.Гончигсүрэнг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Гончигсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч З.Гончигсүрэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, 2 удаагийн үйлдлээр бусдад хохирол учруулсан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна....”  гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Зүйлчлэлийн  хувьд  маргаан  байхгүй.  Улсын яллагчийн зүгээс З.Гончигсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Үйлдсэн гэмт хэргийн нөхцөлд байдалд торгуулийн ял тохирсон байна. З.Гончигсүрэн нь Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Иймд улсын яллагчийн зүгээс оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч З.Гончигсүрэн нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан саналын хүрээнд “1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний хувиараа мал аж ахуй эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно. 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч З.Гончигсүрэнгийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.Цогбадрахад 3,700,000 төгрөгийн, хохирогч Ү.Баттөмөрт 2,466,700 төгрөгийн хохирол  учирч, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй  байна.

Иймд энэ тогтоолоор З.Гончигсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлаар

Шүүгдэгч З.Гончигсүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт З-ын Г-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гончигсүрэнд 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Гончигсүрэнд оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гончигсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч З.Гончигсүрэнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

6. Шүүгдэгч З.Гончигсүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Цогбадрах, Ү.Баттөмөр нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ