| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00400/И |
| Дугаар | 400 |
| Огноо | 2018-11-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 400
| 2018 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 104/ШШ2018/00400 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, *******ын ******* гудамжны ******* оршин суух, ******* М.М /РД:**********/
Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны од оршин суух, А.М /РД: **********/-д холбогдуулан
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны ******* сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М, хариуцагч А.М, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би А.Мтэй 2014 оны сүүлээр танилцаж хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин М.А төрсөн. Хамт амьдрах хугацаанд А.М гэртээ ирэхгүй алга болчихдог байсан. Үүнээс болж маргалдахаар надад гар хүрдэг байсан. Иймд би хүүхдээ аваад эх дээрээ очиж амьдарсан. Намайг төрөөд 3 сартай байхад нэг ирсэн. 2016 оны ******* сард охин маань эмнэлэгт хэвтэж, сэхээнд орсон. Би А.Мийг дуудаж ирүүлээд “Чи хүүхдээ хараад байж бай, би хот руу явж эм олж ирэх хэрэгтэй байна” гэж хэлээд хүүхдээ үлдээсэн. Орой эмнэлэг дээр ирэхэд А.М сэхээнд байгаа охиноо орхиод явчихсан байсан. Бид хадам ээжээс, эсвэл бидний дунд гарсан маргаанаас болж салаагүй. Харин хүүхдээ гэх сэтгэл гаргаагүйгээс болсон.
Би 2018 оны 02 дугаар сараас эхлэн өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Охин маань тэр хүнийг эцгээ гэж боддог. Гэтэл А.М өнөөдрийг хүртэл хүүхэдтэйгээ уулзаж, дэмжиж тусалж байгаагүй. Би хүүхдээ өөрөө өсгөж өдий хүргэсэн. Иймд түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлмээр байна гэв.
Хариуцагч А.М шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2014 онд танилцаж, 2016 оны 7 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Бидний дундаас 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин М.А төрсөн. Бид манайд амьдардаг байхад М.М ээжтэй таарамж муутай байдаг байсан. Тэгээд нэг өдөр яваад өгсөн. Би эхнэр хүүхэдтэйгээ уулзахаар очиход хадам ээж уулзуулдаггүй байсан. Мөн энэ хугацаанд утасны сүлжээ барьдаггүй газар ажилладаг байсан болохоор холбоо барьж чадаагүй нь үнэн. Би охинтойгоо 2 удаа уулзсан.
Тухайн үед М.М охиныг сэхээнд байна гэхээр нь очсон. Харин М.М эм авахаар биш найзуудтайгаа уулзах гээд явчихсан байсан. Мөн М.М өөр хүнтэй болсон байсныг мэдсэн. Би тэр өдөр охиноо сахиж байхад аав харвасан гэх мэдээ ирсэн тул аргагүй эрхэнд охиноо М.Мийн эгчид орхиод явсан. Одоо хүүхдээ харж хандаж байх болно. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М хариуцагч А.Мд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Харин зохигчид 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Амин-Эрдэнийн асрамжийн талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч М.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчлан заасан. Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч М.М охин М.Ад тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч М.М, хариуцагч А.М нар 2014 онд танилцсан, хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин М.А төрж эцэг А.Мийн нэрийг авч овоглосон.
Охин М.А эх М.Мийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь охин М.Амин-Эрдэнийн №1113000167 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Нарны эрч” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-6/
Нэхэмжлэгч М.М, хариуцагч А.М нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг болохыг Гэр бүлийн тухай хуулийн 2******* зүйлийн 21.5-д заасан. Иймд зохигчид охин М.Амин-Эрдэнийг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Амин-Эрдэнийг эцэг А.Мэр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч М.М охин М.Ад зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч А.М зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч А.М бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч М.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Мэс 33.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 11******* зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин М.Амин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин М.Амин-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Мэс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч А.Мэс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч М.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Мэс 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС