Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00340

 

 О.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01556 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1693 дугаар магадлалтай,

О.Батсайханы нэхэмжлэлтэй,

Ж.Эрдэнэбатад холбогдох,

40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч О.Батсүх, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ж.Эрдэнэбатыг таньдаггүй байсан. Ж.Эрдэнэбатын охин манай охин 2 хамт хүндийн өргөлтийн холбоонд тамирчин, энэ шугамаар Ж.Эрдэнэбат нэг өдөр манай ажил дээр ирж хөөрөг зарна гэхээр нь би хөөрөг сонирхдоггүй гээд явуулсан. Үүний дараа Ж.Эрдэнэбат манай ажил дээр дахин ирж би хөөрөг хийдэг хүн, надад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Хөөрөг хийх ажилд хөрөнгө оруулаад олсон ашгаа хувааж авах талаар надад өдөр бүр хамтран ажиллах санал тавьсан. Би удаа дараа энэ саналаас нь татгалзаж байсан. Сүүлд тэмцээн дээр би 50.000.000 төгрөгийн төсөв гаргаж хүндийн өргөлтийн холбоонд хандивлах гэж байхад Ж.Эрдэнэбат нөгөө хөрөнгө оруулалтын талаар ярьж би цагаан сараас өмнө авсан хөрөнгө оруулалтаа буцааж төлөөд цагаан сарын дараа олсон ашгаа хуваагаад авна гэхээр нь би ашигтай бол гээд зөвшөөрч 30,000,000 төгрөгийг Голомт банкны дансаар Ж.Эрдэнэбатад шилжүүлсэн. Үүний дараа би гадаад улс рүү явсан хойгуур Ж.Эрдэнэбат үлдэгдэл мөнгөө шилжүүлэх талаар над рүү залгахаар би мобайл банкаар Ж.Эрдэнэбатын данс рүү 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ хооронд цагаан сар болоход 17 хоног үлдсэн байсан. Цагаан сарын өмнөх өдөр буюу битүүний өдөр дахин 10,000,000 шилжүүлэх талаар над рүү ярихаар би Ж.Эрдэнэбатад одоо чи надад мөнгө буцааж өгөх болсон байхад би 10,000,000 төгрөг өгөхгүй, авсан мөнгөө буцааж өгөх болсон гэж хэлсэн. Цагаан сараар хөөрөг зараагүй гэсэн. Үүнээс хойш 3-4 сар өнгөрч зун болсон. Би Ж.Эрдэнэбатыг 40,000,000 төгрөгтөө тооцоод манай зуслангийн байшингийн болон өөр нэг газрын гадна дотнох тохижилтыг хийгээд өгөөч гэхэд Ж.Эрдэнэбат манай зуслангийн байшин дээр ирж үзээд ор сураггүй алга болсон. Би Америкт амьдардаг найзуудаа бэлэг авч очих талаар Ж.Эрдэнэбатад хэлэхэд надад 3 хөөрөг өгсөн. Тус бүрийг нь 2,500,000 төгрөгөөр үнэлсэн. Эдгээр хөөрөгнүүдийг найзууддаа бэлэглээгүй, дэлгүүрт тавьж зарах гэсэн боловч огт хүн авахгүй байхаар би үнийг нь бууруулсан боловч зарагдахгүй байсан. Сүүлдээ ченж дээр очиж зарах гэтэл ченж 300,000 төгрөгөөр авна гэсэн. Би Ж.Эрдэнэбаттай уулзаж энэ талаар хэлэхэд эдгээр хөөрөгнүүд 2,500,000 төгрөг хүрнэ гэж хэлж намайг загнасан. Одоо би Ж.Эрдэнэбатад зээлүүлсэн мөнгөө буцааж авч, эдгээр 3 хөөргийг буцааж өгөх хүсэлтэй байна. Би ашиг тооцохгүй, зээлүүлсэн 40,000,000 төгрөгөө хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж.Эрдэнэбатын шүүхэд гаргасан тайлбарт: ...Би урлангаа өргөжүүлж, хөөрөг зардаг дэлгүүр нээх бодолтой байсан, ингээд надад хөрөнгө оруулалт хийх талаар санал тавьсан. Тэгээд бид хоёр хамтран ажиллахаар болсон. Би хөөрөг хийж О.Батсайхан хөөрөгний борлуулалтыг хариуцаж ажиллах талаар бид хоёр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулах талаар зохицуулсан боловч О.Батсайхан гэрээ байгуулахад 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дараа нь 10,000,000 төгрөг шилжүүлсэнээс хойш О.Батсайхан холбоогүй болсон. О.Батсайханы мөнгөөр их хэмжээний түүхий эд материалыг худалдан авч хөөрөг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ 40,000,000 төгрөгөөр 100 кг чулуу авсан, О.Батсайханд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 7,500,000 төгрөгөөр бодож 3 ширхэг хөөрөг өгсөн, одоо бэлэн болсон 4 хөөрөг, хөөрөгний бэлдэц 25 ширхэг, 20 орчим хөөрөгний чулуу байгаа тул эдгээрийг буцаан өгөх хүсэлттэй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01556 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эрдэнэбатаас 32,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Батсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэбатаас 320,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1693 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 320,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх ...Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээ нь нэхэмжлэгчээс 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалттай, борлуулалтын ашгаас гарсан зардлуудаа хасаад цэвэр ашгийг 50, 50 хувиар хуваан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Зохигч харилцан хүлээсэн эрх үүргийн талаар гэрээнд зааж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийгджээ гэж дүгнэсэн боловч давж заалдах гомдолд дурьдсан хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн эсэх, эсхүл нэрлэгдээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй зөвхөн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэжээ. Гэтэл зохигчид гэрээний үүргийн харилцаа үүссэн эсэхэд ямар нэгэн байдлаар маргаагүй бөгөөд чухам хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн эсэх асуудалд маргаж, хамтран ажиллах гэрээний заалтын дагуу хөөрөгний чулууг нэхэмжлэгчид буцаан олгож өгөхөөр шийдвэрлэхийг хүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудалд үндэслэлтэйгээр тайлбар, дүгнэлт хийгээгүй болно. Мөн магадлалд Нэгэнт хүчин төгөлдөр хуулийн шаардлага хангасан гэрээ байх тул хэн аль нь үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ гэж шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээг хуулийн хүчин төгөлдөр хэмээн үзсэн боловч гэрээнд заасан нөхцлүүдийг хэн аль нь биелүүлэх үүрэг гэдгийг анхаарч үзээгүй. Учир нь гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүйд нэхэмжлэгч О.Батсайхан хүртэл буруутай байтал зөвхөн хариуцагчийг буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнд гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөлд гэрээний явцад бий болсон хөөрөг, түүний чулуунуудыг О.Батсайханд өгөхөөр харилцан тохиролцсон талуудын тохиролцоог шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна. Талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлох, тохиролцох эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд тохиролцсон байдал шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барин шийдвэрлэсэн юм. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид 25 ширхэг хөөрөг, хөөрөгний бэлдэц бүхий чулууг олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

О.Батсайхан нь Ж.Эрдэнэбатад холбогдуулан 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...хариуцагч би хөөрөг хийдэг хүн, хөрөнгө оруулалт хэрэгтэй, олсон ашгаа хувааж авъя гэсэн санал тавьсан. 50,000,000 төгрөг өгч, эхний ашгаас өгсөн мөнгөө буцаан авах, үлдэх ашгийг адил хувааж авахаар тохирч гэрээ байгуулсан боловч 40,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг ашгийн хамт 80,000,000 төгрөг болгож өгнө гэсэн боловч өгөөгүй гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өгсөн 40,000,000 төгрөгөө гаргуулна гэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, би хөөрөг хийж, нэхэмжлэгч хөөрөг борлуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. 40,000,000 төгрөгөөр 100 кг чулуу авсан, 7,500,000 төгрөгөөр бодож 3 ширхэг хөөрөг өгсөн, 4 хөөрөг, хөөрөгний бэлдэц 25 ширхэг, 20 орчим хөөрөгний чулуу байгааг өгнө гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 32,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүх, зохигчийн хооронд нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, 7,500,000 төгрөг төлөгдсөн, ашиг төлөх үндэслэлгүй гэснийг давж заалдах шатны шүүх хянаад зөв гэж үзсэн байна.

Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин зохигчийн хооронд нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тухай шүүхийн дүгнэлт алдаатайг залруулж, хууль хэрэглээний хувьд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэж нэрлэгдсэн гэрээгээр нэхэмжлэгч 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хариуцагч хөөрөг хийж борлуулалтын эхний ашгаас мөнгийг буцаан өгөх, үлдэх ашгийг 50, 50 хувиар хуваан авахаар зохигч тохиролцсон нь тогтоогджээ.

Дээрх гэрээ нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулаагүй тухай хоёр шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасантай нийцсэн байна.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Талууд хэн аль нь ашиг олох зорилготой байсан хэдий ч хөөрөг хийх, худалдаалах үйл ажиллагааг эрхлэн явуулах, харилцан хураамж төлөх, хураамжийн хэмжээг тодорхойлох, эрх, үүргээ хуваарилах, үйл ажиллагааны зардал, олох ашиг, алдагдлыг хариуцах хариуцлагын талаар тохиролцсон гэх хангалттай үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь хууль зөрчинө.

Зохигчийн хооронд нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасантай нийцэхгүй байна.

Иргэний хуулиар зохицуулагдаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний нэмэлт нөхцөлд зааснаар Ж.Эрдэнэбат нь ...хөрөнгө оруулалтыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр буцаан өгөх, олох ашгийг 2018 оны 02 дугаар сарын 15-нд тооцож дуусгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хөөрөгнүүдийг болон өөрт ногдох ашгийг О.Батсайханд өгөхөөр тохирчээ.

 Хариуцагч нь нэхэмжлэгчийн өгсөн мөнгөөр хөөрөг хийж худалдсаны эхний орлогоос мөнгийг буцааж төлөх, улмаар ашиг өгөхөөр тохиролцсоноос үзвэл мөнгийг буцааж өгөх үндсэн үүргээс гадна өсгөж өгөх агуулгатай, уг харилцаа нь зээлийн гэрээний шинжийг агуулсан байна.

 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг зээлэв гэх утгаар нийт 40,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй юм.

 Хожим талууд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахдаа шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг ашиг 40,000,000 төгрөгийн хамт өгнө гэж ашгийн хэмжээг тогтоосон нь зээлийн хариу төлбөр гэж тооцогдох агуулгатай байвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээлийг шаарджээ.

Иймд хариуцагч зээлийн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн хүлээн авсан 3 ширхэг хөөрөгний үнэ 7,500,000 төгрөгийг хасч үлдэх 32,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч зээлийн үүргийн гүйцэтгэлийн оронд эд зүйл авахыг зөвшөөрөөгүй тул хөөрөг, хөөрөгний бэлдэц бүхий чулууг өгч үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгох хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1693 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ж.Эрдэнэбат нь хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 320,500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.СОНИНБАЯР

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                                             ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                                          Б.УНДРАХ

                                                                                                                           Г.ЦАГААНЦООЖ