Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 69

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0229/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Батсүх

Шүүгдэгч                                       Б.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа                                                  

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн Б-д холбогдох, 1818004050529 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Т- овогт Б-гийн Б-.

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Хүүхэд хөгжпийн ордон”-ы орчимд иргэн Р.Д-гаас мөнгө нэхэж, биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн гэмтлийн гаралтай хурц үрэвсэл, хүзүүний булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол учруулан, хүзүүндээ зүүж явсан монетон гинжийг тасалсан дээрмийн  гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Т- овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/ жил /зургаа/ сар  хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Б-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо:

...Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд дахиж муу зүйл хийхгүй гэдгээ амлаж байна. Иймд надад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 1 жил болгож өгнө үү .. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:

Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд дахиж муу зүйл хийхгүй гэдгээ амлаж байна. Иймд надад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 1 жил болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч уг хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймд түүний хувийн байдал, ахуй амьдарлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жил 6 сар хорих ялыг 1 жил болгож өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Хүүхэд хөгжпийн ордон”-ы орчимд иргэн Р.Д-гаас мөнгө нэхэж, биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн гэмтлийн гаралтай хурц үрэвсэл, хүзүүний булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол учруулан, хүзүүндээ зүүж явсан монетон гинжийг тасалж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д 1 жил  6 сар  хорих ял оногдуулж, ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан ...Би 3 хүүхэдтэй үүнээс миний асрамжийн насанд хүрээгүй 2 хүүхэд байдаг.., анхан шатны шүүх хуралдаан болох үед нөхөр Б.Б- хүүхдүүдийг маань харж байсан.., одоо Б.Б- архины албадан эмчилгээнд явсан тул хүүхдүүдийг маань харж хандах хүнгүй боллоо., асран хамгаалагч тогтоож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг  үндэслэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалж үзвэл :

Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Б- нь 1991 онд төрсөн эмэгтэй Б.А-, 2009 онд төрсөн эмэгтэй Б.А-, 2014 онд эрэгтэй Б.А- гэсэн 3 хүүхэдтэй болох тухай  төрсний бүртгэлийн лавлагаа авагдсан.,  /х.хийн  60-62 дугаар хуудас/ мөн хэрэгт гэрч Н.М- мөрдөн шалгах ажиллааганы үед  ...Б- 1 охинтой..,  гэр бүл болсон  нөхрийн 2 дагавар хүүхэдтэй.., гэр орон байхгүй.., хадмынхаа нэг байшинд түр амьдарч байгаа … гэсэн мэдүүлэг өгсөн.,  /х.хийн 32 дугаар хуудас/  мөн   гэрч Б.Б- ...бид  2008 онд гэр бүл болсон, бидний  дундаас 2 хүүхэд  төрсөн.., гэсэн  мэдүүлэг тус тус өгчээ.

Гэтэл эдгээр мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй., аль нь үнэн, аль нь худлаа болохыг тогтоож шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлээгүй байна.

Хэрэг мөрдөн шалгах шатанд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор цуглуулж, хэргийн бодит байдлыг тогтоосны эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх  нь хууль ёсны зарчим боловч  хэрвээ шүүгдэгч нь шууд хорих ял эдлэх  тохиолдол гарвал  тэрээр  өрх толгойлсон  этгээд байх эсхүл бага насны хүүхэдтэй тэднийг асран хамгаалах өөр хүн байхгүй зэрэг нөхцөл байдал үүсч болзошгүй нөхцөл байдлыг анхаараагүй, өөрөөр хэлбэл бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс  энэ үйл баримттай холбоотой нотлох баримтыг заавал хэрэгт авах, түүнчлэн  хүүхдүүд нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий байгууллага болон албан тушаалтан, засаг захиргааны байгууллагын бүртгэл хяналтанд байдаг эсэх, амьдралын түвшинг тодорхойлсон эсэх нь тогтоогдоогүй учраас шүүгдэгчийн гэм буруутай хамт бага насны хүүхдийн  асрамж  болон бусад асуудлыг  шийдвэрлэх боломжгүй байна. 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б-гийн Б-д холбогдох, 1818004050529 дугаартай, 1 хавтас бүхий  эрүүгийн  хэргийг хэргийг прокурорт буцаасугай.

           2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ТУЯА

                                                                 ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР