Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2015/0601/З |
Дугаар | 128/ШШ2021/0590 |
Огноо | 2021-09-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2021/0590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: СБДЗД
Гуравдагч этгээд: “М" ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн Д.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, иргэдийн төлөөлөгч Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжаар Д.Э 700 м.кв газруудыг эзэмшүүлж, 000492077 дугаар бүхий гэрчилгээ олгож, нэгж талбарын 18645329554760 дугаар бүхий нэгж талбарт, 000492078 дугаар бүхий гэрчилгээ олгож, 18645329581767 дугаар бүхий нэгж талбарт тус тус бүртгэн баталгаажуулсан байдаг.
Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны А/225 дугаар захирамжаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 235 дугаар захирамж, шүүгчийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 982 дугаар захирамжийг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны А/225 дугаар захирамжийн Д.Э-т холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Уг захирамж нь дараах үндэслэлээр хууль бус байх бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ буюу талуудын эвлэрснийг баталж, маргааныг дуусгавар болгосон байдаг. Эвлэрлийн гэрээний 3.1.1-д “...М ” ХХК-ийн эзэмшил 26 га газрын эргэн тойронд 500 м хүртэл газар олгохгүй байх”-аар эвлэрсэн байх бөгөөд иргэнд газар олгосон захирамжийг хүчингүй болгох талаар эвлэрээгүй, шүүгчийн захирамжид энэ талаар заагаагүй, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг заагаагүй болно.
Тодруулбал, Эвлэрлийн гэрээнд “...газар олгохгүй байх...” гэж тодорхой үйлдэл хийхгүй байх, идэвхгүй үйл ажиллагааг тохиролцсон бөгөөд нэгэнт газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгохыг үүрэг болгоогүй, олгосон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар заагаагүй, шүүгчийн захирамжид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны А/260 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар захирамжлаагүй. Эвлэрлийн гэрээ болон шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх арга журмыг хуулиар болон шүүгчийн захирамжид тодорхойлоогүй байхад эвлэрлийн гэрээ болон шүүхийн шийдвэрийг буруу хэрэглэсэн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.1-д “Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй”, 78.2-т захиргааны хэргийн шүүх шийдвэрээ биелүүлэх арга, журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлно гэж заасан байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 235 дугаар захирамж, шүүгчийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 982 дугаар захирамжид заагаагүй асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гаргаж 2012 онд иргэнд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус байна.
Нэгэнт хуулийн дагуу, захиргааны байгууллагын өөрийнх нь шийдвэрээр газар эзэмшсэн иргэдийн эрхийг хөндөхгүй байхыг дурдсан шүүгчийн захирамжийн эсрэг захирамж гаргасан байдаг.
Захиргааны байгууллага иргэнд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Шүүхийн шийдвэр биелүүлэх захирамжийг буруу хэрэглэж үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан иргэний эрх, хууль ёсны итгэлийг зөрчсөн.
Түүнчлэн шүүгчийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 982 дугаар захирамжид “Эвлэрлийн гэрээний 3.1.1-т заасныг үндэслэн 2007 оноос хойш газар олгосон Засаг даргын шийдвэрүүд, гэрчилгээг хүчингүй болгуулах асуудлаар гүйцэтгэх хуудас олгох, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үндэслэлгүй; 2007 оноос хойш олгогдсон шийдвэр, гэрчилгээг хүчингүй болгуулах нь тусдаа маргаан байна ...” гэж дүгнэсэн, Эвлэрлийн гэрээ, тус гэрээг баталсан шүүгчийн захирамжид хууль ёсоор газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар заагаагүй, нэхэмжлэгч Д.Э т газар эзэмших эрх олгосон захирамж нь шүүхийн шийдвэр албадан биелүүлэх захирамжаас даруй 2 сарын дараа гарсан зэрэг нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага анхаарч үзэх ёстой байжээ
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д захиргааны акт нь “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-аар заасан бөгөөд маргаан бүхий акт нь шүүхийн шийдвэр биелүүлэхдээ шийдвэрт заагаагүй ажиллагааг хийсэн, захирамжийн хүрээнээс хэтэрсэн асуудлаар захиргааны акт гаргасан байна.
2. Мөн акт нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэжээ.
Мөн зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө...хүчингүй болгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжийг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Эрх олгосон захирамж нь Газрын тухай хуульд нийцсэн, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, бусдын газартай давхцалгүй, орц, гарц хаагаагүй, энэ талаар талууд маргадаггүй болно.
Өөрөөр хэлбэл, уг захирамж хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон байх, захирамжийг хүчингүй болгох тухай шүүхийн шийдвэр гарсан байх 2 урьдчилсан нөхцөл хангагдсан бол дээрх заалтыг хэрэглэнэ.
3. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хилийн зурвас, хэмжээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамжаар “М ” ХХК-д 400 м.кв газрыг эзэмшүүлсэн.
2004 онд “Сод Монгол” группийн нэр дээр бүртгэж, “М” ХХК-ийн нэр дээр 117289 м.кв газар 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр шилжсэн.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны кадастрын мэдээллийн сангийн 2019 оны зурган мэдээлэлд нэгж талбарын 18645329339814 дугаар бүхий 117289 м.кв талбай хэмжээтэй үйл баримтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0406 дугаар шийдвэрээр дүгнэжээ. Гэтэл гуравдагч этгээдийн эзэмшиж байсан гэх 26 га газрын хэмжээг тогтоож, шүүхийн шийдвэр биелүүлж захиргааны акт гаргасан нь ойлгомжгүй бөгөөд 11 га хэмжээтэй бүртгэгдсэн байхад 26 га, түүний эргэн тойронд нэхэмжлэгчийн газар багтсан гэх үндэслэлээр маргаан бүхий акт гарсан нь бодит байдлаас илтэд зөрүүтэй байна.
“Мон-Аналитик” ХХК-ийн эзэмшиж буй газар нь тус шүүхийн 2020 оны 406 гаар шийдвэрээр 26 га хэмжээгээр кадастрын мэдээллийн санд бүртгэгдэн, баталгаажсан байна. Маргаан бүхий акт гарах үед "М” ХХК-ийн эзэмшилд 26 га газар Кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, тухайн газрын хилийн зурвас, эргэлтийн цэгийг огт тогтоох боломжгүй байхад хууль ёсоор газар эзэмшиж буй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь үндэслэлгүй байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжаар Д.Э 700 м.кв газруудыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хариуцагч шалгаж, 2007 онд талуудын Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид харшлахгүй гэж үзэж захиргааны акт гаргасан. Захиргааны байгууллага гаргасан актынхаа хууль зүйн үндэслэлийг хариуцах нь эрх зүйт төрийн суурь зарчим бөгөөд захиргааны байгууллагын гаргасан актын хууль зүйн эрсдэлийг иргэн хариуцах боломжгүй.
Захиргааны байгууллага тухайн үедээ хуульд нийцсэн гэж газар эзэмших эрх олгосон атлаа хожим шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн Д.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийг нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Тус дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд нэхэмжлэгч Д.Э-т дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг баталгаажуулсан.
Тухайн маргаан бүхий газартай холбоотой асуудлаар 2007 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “М” ХХК нь нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчид 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2007 тоот Эвлэрлийн гэрээг байгуулж, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу “Дружба” зуслангийн эзэмшлийн газрын эргэн тойрон бүхий 500 метр квадрат газрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бусдад шинээр газар ашиглах, эзэмших эрх олгохгүй байхаар дурдсан.
Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 982 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухай бүр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан.
Дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг холбогдох хуулийн дагуу биелүүлсэн... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 6 дахь хэсэгт /нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар.. түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа/ гэж заасан.
Иймд дүүргийн Засаг даргын 2015 оны А/225 дугаар захирамж нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж бөгөөд маргаан бүхий газрын талаарх асуудлыг урьд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.Мөнхсайхан, Д Э нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн дугаар магадлалаар хүчингүй болгож хэргийг захиргааны хэргийн шатны шүүх рүү буцаасан
Ийнхүү буцаахдаа дараах 2 нотлох баримтыг шүүхээс цуглуулах даалгавар өгсөн байдаг. Үүнд
Маргаан бүхий актын үндэслэл болох Нийслэлийн захиргааны хэргийн шүүгчийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар баталсан Эвлэрлийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын алба нь “М” ХХК-ийн Дружба зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний эргэн тойрон эрүүл ахуй, халдвар хамгааллын 500 метр хүртэл газарт 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусдад газар олгохгүй байхаар тохиролцжээ.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2012 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 260 дугаар захирамжаар иргэн Б.Э-т олгосон 700 м.кв газрыг Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Шарга морьт гэх байршилд зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газар нь дээрх эвлэрлийн гэрээгээр 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусдад олгохгүй гэж тохиролцсон газрын байршилтай давж буй эсэх, давхацсан бол хэчнээн хэмжээгээр давхацсан эсэх нь тодорхойгүй, шүүх энэ талаар шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт хийгээгүй гэх шалтгаан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг бичгээр гаргуулан авах ёстой байсныг аваагүй гэсэн шалтгаанаар буцаасан.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулийн дагуу 1984 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Газар эдлүүлэх тухай” 30 дугаар тогтоолоор “Дружба” пионерийн зусланд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийг олгож, тухайн үеийн Улаанбаатар хотын Гачуурт хороо буюу одоогийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьтын амны төгсгөлд ОХУ-ын өмчийн “Дружба" зусланг “М” ХХК нь ОХУ-аас 2004 онд өөрийн эзэмшилдээ авч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хандаж газар эзэмших эрхийг баталгаажуулахаар хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны алба нь өргөдөл хүсэлтийн 2628 дугаар бүртгэлээр бүртгэн авч, хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжаар 26 га газрыг “М” ХХК-д эзэмшүүлэн баталгаажуулж, тус захирамжийг үндэслэн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0046464 тоот гэрчилгээгээр 26 га газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, Газрын алба “М” ХХК-ийн хооронд 2004 оны 11 дүгээр сарын 05-ныы өдрөөс эхлэн 326 дугаартай газар эзэмших гэрээ байгуулсан.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “... Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасны дагуу манай компани өөрийн эзэмшил 26 га газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн.
Гэтэл 2007 онд Монгол улсын Үндсэн Хууль болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвеци, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль,д хуульчлан заасны дагуу хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж, сурч хүмүүжих, амрах эрхийг төрөөс хангах ёстой байтал манай зуслангийн эргэн тойронд газар олголтууд ихээр хийгдэж байсан тул манай компанийн зүгээс хүүхдийн зуслан, түүний эрүүл аюулгүй орчин байдлыг хангах зорилгоор хүүхдийн зуслангийн орчны ойн сан бүхий газрын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гурвалсан 11/1 тоот гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга “М” ХХК-ийн хооронд 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулан хаматран ажилласан.
Улмаар 2007 онд захиргааны хэргийн шүүхэд уг асуудлаар “М” ХХК-аас нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэрэг үүсгэн шалгах явцад 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “М” ХХК, Сүхбаатар дүүргийн Засаг даргын хооронд эвлэрлийн 01/2007 тоот гэрээ байгуулж, улмаар 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 235 дугаар захирамжаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн билээ.
2007 оны шүүхийн шийдвэрийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, газрын алба биелүүлэхгүй байсан тул бид гүйцэтгэх хуудас бичүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хүсэлтээ гаргасныг хүлээн авч тус хэргийг шийдвэрлэсэн хэргийн шүүгч Х.Батсүрэн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 98 дугаар захирамжийг гарган 235 тоот шийдвэрийг биелүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад үүрэг болгосон.
Ийнхүү үүргийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/225 дугаар захирамжаар иргэн Д.Э-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй.
Учир нь: “Мон-Аналитик" ХХК зөвхөн дээрх газрын асуудлаар 2007 оноос Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн байр суурьнаас хандаж., өөрийн эрх ашгийг сэргээлгэхээр явсан үеэс хүчин төгөлдөр дараах шийдвэрүүд гарсан байдаг Үүнд
2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нары эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
“М” ХХК-ийн Дружба зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 метр хүртэл ойн сан бүхий газарт 2007 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хойш иргэн , аж ахуйн нэгжид газар олгохгүй , эзэмшүүлж , ашиглуулахгүй байх, Энэхүү ойн сан бүхий газарт Дружба зуслангийн цэвэр усны эх үүсвэр цэвэрлэх , байгууламжийн дэргэд хашаа , сууц барьсан иргэд , байгууллагад зуслангийн газар эзэмшүүлж , ашиглуулж , өмчлүүлэхгүй байх, Зөвшөөрөлгүй газар ашигласан талаар асуудлын тухай бүрт хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж байх гэсэн агуулагатай ба Сүхбаатар дүүргийн Засаг дарга бүрэн хүлээс зөвшөөрсөн/
2-т Захиргааны хэргийн шүүхийн 2012.05.16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 759 дүгээр шийдвэр /Агуулга : “М“ ХХК-нь 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албатай “М" ХХК нь 2007 онд байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Дружба зуслангийн эрүүл ахуй халдвар хамгааллын бүс, ойн сан бүхий газарт бусдад хууль бусаар олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэр, кдастрын зургийг хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэл гаргахад 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруутай талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа:
2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул “Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх “ ажиллагааны журмаар эрх ашгаа хамгуулах нь зүйтэй гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн/.
3-т Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” №982 дугаар шийдвэр /Агуулга: 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч , хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай “ №235 дугаар шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гарсан.
4-т Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” №1720 дугаар шийдвэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2007 онд байгуулсан эвлэрлийн гэрээг зөрчиж өдрөөс хойш шинээр олголт хийсэн тойрон газруудаа хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргахад Шүүхээс мөн л 2002 оны ЗХХШтХ-ийн 34.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар , эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол , шүүгчийн захирамж байгаа; Үндэслэл шинэчлэн 2016 оны ЗХШХШтХ-ийн 54.1.6-д заасны дагуу 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож , нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
5-т Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний №128/ШШ2020/0406 дугаар шийдвэр /Агуулга: “М" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус компанийн “Дружба” хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны газар эзэмшүүлэх гэрээ , 00046464 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ , газрын баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалсгасан”
Дээрх шийдвэрүүдийн агуулга ерөөсөө л нэг бөгөөд 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг дарга биелүүлэхгүй байгаа шалтгаалан л байдаг. “ М" ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болголдог мөртлөө иргэн Б.Э шүүхэд нэхэмжлэл гаргахаар яагаад 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд болоод дээрх 5шийдвэр нөлөөлөхгүй хэрэг үүсгэж хянан шийдвэрлэхийг зорьж байгааг гуравдагч этгээдийн зүгээс ойлгохгүй байна.
Хамгийн сүүлд 2020 оны 06 сарын 11-ний өдрийн №128/ШШ2020/0406 дугаар шийдвэрээр “М" ХХК-ийн 2004 оны газар эзэмшүүлэх гэрээ, 00046464 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ , газрын баталгааг хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахаар шийдвэрлэсэн .Энэ нь 2004 оноос хойш Сүхбаатар дүүргийн Газрын алба М“ ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлж бүхэл бүтэн 17 жил энэ бүх маргааныг дагуулахад хүргэсэн байдаг.
Нэхэмжлэгч Д.Э н хувьд газрын болоод google eart сансрын программаар давхцуулсан зургаас үзэхэд “М“ ХХК-ийн 2004 оны газар эзэмшүүлэх гэрээ, 00046464 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ ,газрын баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгэээр эзэмших газартай яг давхцаж зүүн урд буланд , ойн сан бүхий газарт олгогдсон байна. Энэ нь Газрын тухай хуулийн. 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж , ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг илтэд зөрчсөн төдийгүй 2007.09.26-ны өдрийн №235 шийдвэр болоод дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийг илтэд зөрчиж газар олгогдсон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-т заасны дагуу “Энэ хуулийн 54.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан , түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж ,шүүхийн тогтоол байгаа”-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад , эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч ,шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож , нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Э" нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах зүйлийг танилцаж гуравдагч этгээдийн талд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Д.Э"нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн Д.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2007 дугаар Эвлэрлийн гэрээнд “...Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын алба нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын амны төгсгөлд орших “М” ХХК-ийн “Дружба” зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний эргэн тойрон, эрүүл ахуй, халдвар хамгааллын бүс гэх 500 метр хүртэлх ойн сан бүхий газарт 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байх, Энэхүү ойн сан бүхий газарт болон Дружба зуслангийн цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн дэргэд хашаа сууц барьсан иргэд байгууллагад зуслангийн газар өмчлүүлэхгүй байх, Зөвшөөрөлгүй газар эзэмших, ашигласан талаар асуудлыг тухай бүрд хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж байх” гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын үүргийг тодорхойлсон байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг буюу дээрх Эвлэрлийн гэрээг баталж, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Шүүхийн тухай /2012 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 32.2-т “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, 32.3-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, 23.2-д “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, 23.3.-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчилсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй ба маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/225 дугаар захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийн дагуу гарсан байх тул тус Засаг даргын 2015 оны А/225 дугаар захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/225 дугаар захирамжийг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийг биелүүлэх зорилгоор гаргасан байх тул тус Засаг даргын А/225 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт давхцуулан газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Шарга морьтод байрлах 26 га газрыг гуравдагч этгээдэд буюу “М” ХХК-д 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 260 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтод байрлах газарт нэгж талбарын 18645329581767, 18645329554760 дугаарууд бүхий тус бүр 700 м.кв газруудыг Д.Э-т 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд гуравдагч этгээд “М” ХХК-д цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж газар эзэмших эрх үүссэн нь нотлогдож байна.
Мөн “М” ХХК-д эзэмшүүлсэн 26 га газартай нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нийт 1400 м.кв газар давхцалтай болох нь Нийслэлийн Газрын Кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 06 дугаар сарын зурган мэдээллийг 2017 оны сансрын зурагтай давхцуулсан зургаар[1] нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчид эзэмшүүлсэн тус бүр 700 м.кв газрууд нь “М” ХХК-ийн 26 га газартай давхцалтай болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн агуулгаар тайлбарладаг буюу үүнтэй нэхэмжлэгч тал маргаагүй болно.
Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0406 дугаар шийдвэрээр ““Мон-Аналитик” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн эзэмшлийн “Дружба” хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны газар эзэмшүүлэх гэрээ, 0046464 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэж”, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхэд анх гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргатай байгуулсан эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах, “М” ХХК-нь “Дружба” зуслангийн өмчлөгч мөн эсэх, энэ компанийн эзэмшил газрыг тодруулах, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг эцэслэн тогтоолгох, Нийтийн эзэмшлийн орц гарцыг хааж хашаа, хаалга барьсныг нээлгэх”-ийг хүссэн шаардлагуудаасаа шүүх хуралдааны үед татгалзаж, үүнийгээ бичгээр илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудын дагуу нэхэмжлэлийн зарим шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:
Иргэдийн төлөөлөгч Д.Одончимэг нь “... Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “... гуравдагч этгээдийн талд шийдвэрлэж өгнө үү” гэж дүгнэлт гаргасан ба яагаад ийнхүү дүгнэх болсон үндэслэлээ тайлбарлаагүй байна.
Дээрх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь үндэслэлээ тайлбарлаагүй боловч шүүхийн энэхүү шийдвэртэй агуулгын хувьд адил байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3, 66.4-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргатай байгуулсан эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах, “М” ХХК-нь “Дружба” зуслангийн өмчлөгч мөн эсэх, энэ компанийн эзэмшил газрыг тодруулах, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг эцэслэн тогтоолгох, Нийтийн эзэмшлийн орц гарцыг хааж хашаа, хаалга барьсныг нээлгэх”-ийг хүссэн шаардлагуудаасаа нэхэмжлэгч Д.Э татгалзсаныг баталж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Шүүхийн тухай /2012 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн Д.Э холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] 3 дугаар хавтаст хэргийн 128 дугаар хуудас