Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0289

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: НЗД, СХДЗД,

Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК-ийн эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын аманд байршилтай 3.3 га газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг НЗДд даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/274/2018, А/20/2020, А/396/2021 тоот захирамжуудаар иргэн, аж ахуйн нэгжид давхардуулан газар олголт хийсэн шийдвэрийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, Э.Б

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У

Хэргийн индекс: 128/2022/0379/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М ХХК-ийн эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын аманд байршилтай 3.3 га газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг НЗДд даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/274/2018, А/20/2020, А/396/2021 тоот захирамжуудаар М ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхардуулан олгосон иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас "Москва комплекс" ХХК-д хүргүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/743 дугаар албан бичигт"... танай талбайн хэмжээ нэмэгдүүлэхээр хавсарган ирүүлсэн зургийг шалгаж үзэхэд уг газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэснээс үзвэл нэхэмжлэгчийн эзэмшил газраас хасагдсан газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хуралд шилжүүлсэн газар биш болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх албан бичиг нь нэхэмжлэгч компани эзэмшил газрынхаа талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр ирүүлсэн хүсэлтийн хариуг хүргүүлсэн буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчсөн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай албан бичгийг дурдаад "нэхэмжлэгчийн эзэмшил газраас хасагдсан газар байна" гэж дүгнэсэн.

2.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8, 12, 13-д "Москва комплекс" ХХК-ийн эзэмшил газар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлсэн 10 га газрын дунд байршилтай бөгөөд нэхэмжлэгч компанийн өмнө эзэмшиж байсан газар байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсэгт нэхэмжлэгчийн эзэмшил газраас хасагдсан газар байна, эсвэл өмнө нь эзэмшиж

байсан газар байна гэж зөрүүтэй дүгнэсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар Төлөөлөгчдийн "Москва комплекс" ХХК-ийн 50 га газраас Нийслэлийн хуралд 10 га газар, "Эм Си Лог Хаус" ХХК-д 4,5 га газрыг тус тус шилжүүлсэн бөгөөд "Москва комплекс" ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ 41.4 га болсон. Нэхэмжлэгч компанийн эзэмшил газрын хэмжээ одоо ч өөрчлөлт ороогүй болно. Маргаан бүхий 3.3 га газар нь анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн нэхэмжлэгч компанийн өмнө нь эзэмшиж байсан газар юм.

2.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д Нэгэнт бусдад шилжүүлсэн газрын хэмжээ өөрчлөгдөөгүй нийслэлийн Засаг даргын 2017 оны A/612 дугаар захирамжид заасан хэмжээгээр байгаа тохиолдолд нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших тухай хүсэлт гаргах эрхтэй байна гэж дүгнэсэн нь газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлээд дараа нь уг газраа буцаан эзэмших тухай хүсэлт гаргах боломжтой мэтээр дүгнэсэн.

2.4. Нэхэмжлэгч компани нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хамтран ажиллах тухай 24 дүгээр албан бичигтээ өөрийн эзэмшлийн газраас 10 га газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн болон төсөл хэрэгжүүлэхэд БНСУ-ын ажлын хэсгийн талаас "Санхүүжилт авах төслүүдийн газар нь төрийн мэдэлд байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Иймд хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналтай байна" гэсэн албан бичиг хэрэгт авагдсан байдаг. Үүнээс үзвэл "Москва комплекс" ХХК-ийн 91 га газраас "Мосроуд" ХХК-д 15 га, "Шинэ мянганы хотхон" ХХК-д 10 га, "Дорнод хотхон" ХХК-д 10 га, "Эм Си Лог Хаус" ХХК-д 4,56 га, НИТХ-д 10 га газрыг тус тус шилжүүлэн үлдэгдэл газрын хэмжээ нь 41,44 га буюу 2017 оны А/612 дугаар захирамжид тусгагдсан газрын хэмжээтэй таарч байгаа буюу нэхэмжлэгч компанийн газрын хэмжээ өөрчлөгдөөгүй бөгөөд хуульд заасан эрх ашиг нь зөрчигдөөгүй байна. Маргаан бүхий 3,3 га газар нь НИТХ-д шилжүүлсэн 10 га газрын хэсэг болох нь тодорхой байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна." гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг гуравдагчаар татан оролцуулаагүй шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болсонгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагын тухайд "Москва комплекс" ХХК-ийн эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын аманд байршилтай 3,3 га газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг НЗДд даалгах гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ өөрчлөгдөөгүй байхад анхан шатны шүүх маргаан бүхий газрыг нэхэмжлэгч компанид нэмж олгуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн шийдвэр болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т Шүүхээс хийсэн үзлэг болон хавтаст хэрэгт авагдсан "Москва комплекс" ХХК ийн эзэмшил газрын ашиглалт бүсчлэлийн зургаар "Дорнод хотхон" ХХК-ийн эзэмшил газар 10 га, "Монсроуд" ХХК-ийн эзэмшил газар 10 га, "Шинэ мянганы хотхон" ХХК-ийн эзэмшил газар 15 га, М ХХК-ийн эзэмшил газар 41 га, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн газар 10 га, "Эм Си Лог Хаус" ХХК-ийн эзэмшил газар 4,5 га байх бөгөөд харин маргаан бүхий 3,3 га газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 10 га газар "Москва комплекс" ХХК ийн эзэмшил газрын дунд үлджээ. 14-т Учир нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шилжүүлэн авсан 10 га газраа өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд газрын хэмжээ дутуу байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэжээ.

3.2. Татгалзал: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газар дээрээ 6.6 га газар эзэмшиж байгаа гэтэл 10 га гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-т "Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ." Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эзэмших ёстой 811 дүгээр шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн газрын талаар маргаж байхад мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна." гэж заасан байхад байхад эрх ашиг нь хөндөгдөж байгаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг гуравдагч этгээдээр татан оролцуулж байр суурийг нь сонсоогүй шууд шийдвэрлэсэн нь хууль нийцэхгүй байна.

3.3. М ХХК, түүний охин Мосроуд ХХК, Шинэ мянганы хотхон ХХК, Дорнод хотхон ХХК-нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 онд НЗДд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 811 дүгээр шийдвэр, (ХХ-2 ийн 127-135 дахь тал) Уг шийдвэрийн 5 дахь хуудасны үндэслэх хэсэгт "Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 тоот шийдвэрээр тус газрыг 15 жилийн хугацаагаар мөн ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан байна. Улмаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр М ХХК-ийн эзэмшиж байсан 910,000 м2 газрыг М ХХК-д 560,000 м2, Дорнод хотхон ХХК-д 100,000 м2, Шинэ мянганы хотхон ХХК-д 150,000 м2, Мосроуд ХХК-д 100,000 м2 хэмжээтэйгээр тус тус хуваан 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр "газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулжээ" гээд 8 дугаар хуудасны Тогтоох хэсэгт "М ХХК, Мосроуд ХХК, Шинэ мянганы хотхон ХХК, Дорнод хотхон ХХК-иудын эзэмшиж байгаа 91 га газрыг батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд барилгын нором нормативын дагуу төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал зэрэг нийтийн зориулалттай барилга байгууламж барихад шаардагдах газрын Нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлж, үлдэх газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгах үүргийг НЗДд даалгаж шийдвэрлэжээ" дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газартай М ХХК нь эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг.

3.4. Уг шүүхийн шийдвэрийг анхаарч үзсэнгүй. Сонгинохайрхан дүүргийн Засar даргын захирамжаар маргаан бүхий газарт эрх олгогдсоны иргэдийн эзэмшиж буй газартай нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй буюу газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчөөгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан ... манай эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын аманд байршилтай 3.3 га газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг НЗДд даалгах шаардлагын тухайд:

1.1. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан газарт 3.3 га газар кадастрын зургаар бусдын эзэмшилд шилжээгүй үлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд үлдсэн газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлсэн 10 га газар гэж үзэх үндэслэлгүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлсэн 10 га газраа өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд газрын хэмжээ дутуу байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

1.2. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 488 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын аманд 91 га газрыг М ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг олгосон боловч өөрийн хүсэлтээр /хамаарал бүхий/ Мосроуд ХХК, Дорнод хотхон ХХК-д тус бүр 10 га, Шинэ мянганы хотхон ХХК-д 15 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 358 дугаар захирамжаар шилжүүлснээр 56 га газар нь үлдсэн байна.

1.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 811 дүгээр шийдвэрээр дээрх 4 компанийн эзэмшиж буй 91 га газраас ... сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийтийн зориулалттай барилга байгууламж барихад шаардагдах газрыг Нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлж үлдэх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг сунгах үүргийг НЗДд даалгаж шийдвэрлэжээ.

1.4. Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал С.Батсүх нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 74 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газрын албанд хандаж, ... шүүхийн 811 дүгээр шийдвэрийг үндэслэн, ... манай эзэмшлийн 91 га газраас 10 га газрыг НИТХ-ын мэдэлд шилжүүлж, уг газар дээр 1300 айлын Түрээсийн болон ахмадын орон сууцны хороолол байгуулахаар шийдвэрлэсэн ... тул охин компани болох Эм си лог хаус ХХК-д 4.5 га, НИТХ-ын нэр дээр 10 га газрыг эзэмшүүлж, үлдэх 41.5 га газрыг эзэмшүүлэх, охин компаниудын эзэмшиж буй газрыг үргэлжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэж хүссэний дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/612 дугаар захирамжаар М ХХК-ийн газраас 10 га газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, Эм Си Лог хаус ХХК-д 4.5 га газрыг шилжүүлж, нэхэмжлэгч М ХХК нь 41.4 га газар эзэмших эрхтэйгээр үлдсэн байх тул нэмж 3,3 га газрыг эзэмшихийг шаардах эрхтэй гэж үзэхээргүй байна.

1.5. Учир нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/422 дугаар албан бичгээр ирүүлсэн зураглал /4 хавтас, 66, 67 хуудас/-с үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд М ХХК-иас 10 га газрыг шилжүүлж эзэмшүүлсэн газрын кадастрын зураглалд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хэмжээ байршлаар тусгалгүй, нийтийн эдэлбэрийн 3.31 га газрыг хамруулснаар 10 га-д хүрсэн, харин нэхэмжлэгчийн шилжүүлсэн газраас 3,3 га газрыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дутуу эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга, газрын албатай харилцан тохиролцон орон нутгийн мэдэлд шилжүүлэн өгсөн тухайн 3.3 га газраа буцаан шаардах эрхгүй.

1.6. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... тухайн 3,3 га газар дээр хашаа барьж, барилга барихтай холбоотой станц, дэд бүтцийн ажил хийгдэж байгаа тул нэмж эзэмшүүлээгүйн улмаас эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөр байгаа гэх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасны дагуу 2001 онд тодорхой зориулалтаар эзэмшсэн 81 га газраа /хамаарал бүхий 4 компанид шилжүүлсэн/ зориулалтын дагуу ямар нэгэн бүтээн байгуулалт буюу 1300 айлын орон сууцны хороолол бариагүй атлаа бусдад шилжүүлж, эзэмших эрх нь дуусгавар болсон, эрхийн гэрчилгээгүй 3,3 га газар дээр барилга байгууламж барих эрхгүй тул хууль ёсоор үүсээгүй эрхийг хамгаалуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй.

1.7. Иймд тухайн газрыг нэмж ашиглуулах боломжгүй гэж үзсэн хариуцагчийн татгалзал Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасанд нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэхээргүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ өөрчлөгдөөгүй байхад анхан шатны шүүх маргаан бүхий газрыг нэхэмжлэгч компанид нэмж олгуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн гэх гомдлыг хүлээж авч хангах үндэслэлтэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/274/2018, А/20/2020, А/396/2021 тоот захирамжуудаар иргэн, аж ахуйн нэгжид давхардуулан газар олголт хийсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар дүгнээгүй атлаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/274, 2020 оны А/20, 2021 оны А/396 дугаартай захирамжуудаар нэхэмжлэгч компанийн өмнө нь эзэмшиж байсан газартай давхцуулан бусад иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна ... гэж дүгнэн, маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.2. Учир нь нэхэмжлэгч М ХХК-ийг тухайн газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш тухайн маргаан бүхий акт гарсан байхад газрыг давхцуулан эзэмшүүлсэн гэж үзэхгүй. Мөн шүүхээс маргаан бүхий актуудыг хууль зөрчсөн гэж үзсэн нэхэмжлэгчийн шаардах эрх, нэхэмжлэлийн хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт хийлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн дагуу иргэдэд мэдэгдэх хуудас өгсөн гэх мэтээр хэрэгт хамааралгүй асуудлыг дүгнэсэн нь үндэслэлгүй.

2.3. Учир нь 1.3, 1.4-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тухайд мөн шаардах эрхгүй, уг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, харин хариуцагч НЗД болон СХДЗД нарын гаргасан шийдвэрээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон иргэдийн эзэмших эрх бүхий газар давхцсан асуудлыг уг нэхэмжлэлийн хүрээнд шүүх шийдвэрлэхгүй тул тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг баримтлан манай компанийн эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын аманд байршилтай 3.3 га газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг НЗДд даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/274/2018, А/20/2020, А/396/2021 тоот захирамжуудаар иргэн, аж ахуйн нэгжид давхардуулан газар олголт хийсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ