| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00399/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2018-11-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 399
| 2018 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 104/ШШ2018/00399 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* оршин суух, ******* Л.Ө /РД:**********/
Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* оршин суух, ******* Б.Х /РД: **********/-д холбогдуулан
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны ******* сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны ******* сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ө, хариуцагч Б.Х, нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид багаасаа нэг нэгнийгээ мэддэг байсан. 2016 оны 02 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Х.С, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Х.С нар төрсөн.
Бид тус тусдаа амьдрах болсон шалтгаан нь Б.Х их омголон зантай. Ууралхаараа үхнэ, эсхүл намайг ална гэж дайрдаг байсан. Мөн их хартай. Ажлаасаа ирэхдээ хэлэхгүйгээр ирээд хуурай дүүтэйгээ хардаж хэл амаар доромжилж, нүүр рүү зохиж, хутга бариад ална гэж дайрсан. Мөн хуурай дүүгээ зодож худал хэлүүлсэн. Энэ бүхний дараа хоёр хүүхдээ бодоод эцэг, эхээсээ зөрж уучилан хамт амьдарсан болов ч дахиад л хэрүүл маргаан гаргаж хамт амьдрах боломжгүй болсон.
Тусдаа амьдрах хугацаанд Б.Х хүүхэддээ сүү, хүүхдийн живх авч өгөхгүй байхаар нь утас руу нь залгаж ярихад “...надад хамаагүй...миний хүүхдүүд биш” гэсэн. Түүний ажилдаг газрын даргад учир байдлаа хэлэхэд Б.Хгийн цалингаас хэдэн төгрөг өгсөн. Дараа нь мөнгө байхгүй гэж хэлүүлсэн. Тэр үед би Б.Хг хүүхдүүдээ гэх сэтгэлгүй болохыг мэдсэн. Одоо бид хамт амьдрахгүй салж байгаа тул Б.Хгээс тэтгэлэг гаргуулж хүүхдүүддээ тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Л.Өын ахтай найзууд байсан. 2016 оны 01 дүгээр сард Л.Өыг гуйж үерхэж эхэлсэн. Тэгээд удалгүй хадамын гэрт хамт амьдарсан. Бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Х.С, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Х.С нар төрсөн. Би хүүхдүүдээ харж, ажил хийж, олсон хэдэн төгрөгөөс өөртөө нэг ч зүйл авахгүйгээр тэдэнд өгч, хадам эцэг, эхийн дотуур хавцас, шал зэргийг угааж, эцэг, эх, найз нөхөдөөсөө хөндийрсөн байсан. Би өнгөрсөн 3 жилийн хугацаанд Л.Өын гэрт дарамтанд амьдарч байсангаа одоо ойлгосон.
Би энэ хугацаанд эхнэртээ гар хүрж үзээгүй. Харин Л.Ө намайг хамаатны эгч, дүү нартай хардаж уурладаг байсан. Бидний маргалдах ихэнх шалтгаан хадам эхээс болдог. Мөн намайг ажлаасаа чөлөө аваад хөдөөнөөс ирэхэд Л.Ө миний хуурай дүү гэх залуутай холбоотой болсоныг утсанд нь ирсэн захианаас мэдсэн. Үүнээс болж хана 2 удаа цохиод, айлгах зорилгоор хутга барьж ална гэсэн нь үнэн. Тэр залуу ч надад үнэнээ хэлсэн. Энэ талаар Л.Өын эцэг, эхэд хэлэхэд эх нь өмөөрч намайг зайл гэсэн. Биднийг битгий салгаач гэж түүнээс гуйсан боловч хэзээ ч хамт амьдруулахгүй гэсэн.
Бид тусдаа амьдарч байсан ч хүүхдүүддээ шаардлагатай мөнгийг өгдөг байсан. Сүүлд хадам эх миний цалингаас 1.000.000 төгрөг, портер машиныг авчихаад удалгүй дахин мөнгө өг гэж захиралтай ярьсан байсан. Тэгэхэд нь уур хүрээд мөнгө өгөхгүй, миний хүүхдүүд биш гэж хэлсэндээ маш их харамсаж байгаа.
Би одоо ч эхнэртэй хайртай. Бидний дунд 2 хүүхэд байгаа гэдгийг Л.Ө ойлгохгүй эхээсээ айгаад сална гэж байна. Мөн хадам эх намайг элдэв янзаар доромжилж, хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байна. Би эхнэртэйгээ эвлэрч элэг бүтэн амьдрахыг хүсч байгаа. Мөн хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө хариуцагч Б.Хд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Б.Х 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.С, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.С нарын асрамжийн талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч Л.Өын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 3******* зүйлийн 34.1-д хуульчлан заасан. Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч Л.Ө охин Х.С, охин Х.С нарт тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Л.Ө, хариуцагч Б.Х нар 2016 оны 02 дугаар сараас эхлэн хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Х.С, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Х.С төрж эцэг Б.Хгийн нэрийг авч овоглосон.
Одоо охин Х.С, охин Х.С нар эх Л.Өын асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь охин Х.С, охин Х.С нарын №1113000855, №1113000024 дугаартай төрсний гэрчилгээний лавлагаа, “Суврага *******” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-6/
Нэхэмжлэгч Л.Ө, хариуцагч Б.Х нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг болохыг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан. Иймд зохигчид охин Х.С, охин Х.С нарыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.С, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.С нарыг эцэг Б.Хгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч Л.Ө охин Х.С, охин Х.С нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдүүдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б.Х зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч Б.Х бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Л.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.300 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Хгээс 66.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Өад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.С, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин Х.С, охин Х.С нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* Б.Хгээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.Хгээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Л.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.300 /жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Хгээс 66.300 /жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Өад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС