Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
Хэргийн индекс | 174/2022/0158/Э |
Дугаар | 2022/ШЦТ/164 |
Огноо | 2022-08-18 |
Зүйл хэсэг | 24.7.1., |
Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Сумъяа,
Шүүгдэгч Ч.Цоггэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Цоггэрэлд холбогдох эрүүгийн 2230000000185 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны ...... дүгээр сарын .-......ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ............ хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ....... дугаар баг “........” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У овогт Ч-ийн Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Цоггэрэл нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ............ дугаар багийн нутаг “Шувалдай” гэх газарт хээрийн түймэр гаргасны улмаас 14,400 га талбайг шатааж, байгаль экологид 73,209,800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Цоггэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд 40 гаруй жил мал маллаж амьдарч байна. Өглөө бүр хогоо цэвэрлэдэг. Тухайн үед шинэ нутагт буусан байсан. Миний буруу...” гэв. Эрүүгийн 2230000000185 дугаартай хэргээс:
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Цоггэрэл нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг “Шувалдай” гэх газарт хээрийн түймэр гаргасны улмаас 14,400 га талбайг шатааж, байгаль экологид 73,209,800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр, гэрч Г.Эрдэнэбат, Ц.Ганцэцэг, Х.Сайханжаргал нарын мэдүүлэг, Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Амартүвшингийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар сумын Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/69 дугаартай “Түймрийн хохирол тогтоох ажлын хэсгийг томилох тухай” захирамж, ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт зэргийн хуулбар, гэрэл зургууд, ой хээрийн түймрийг унтраахад гарсан зардлын баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Ой хээрийн түймэр тавих гэдэгт: гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсан идэвхтэй үйлдлийн улмаас байгаль орчин, байгаль хамгаалах журам, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, амьд явах эрх, өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсан гэж: ил задгай гал түлэх, гүйцэд унтраагаагүй үнс, нурам асгах, тамхиа унтраалгүй хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашиглах зэрэг иргэдийн хайхрамжгүй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Ч.Цоггэрэл малчин бөгөөд малын хотонд байх хонины ноосыг шатаахдаа гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас гал алдаж, ой хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хор хохирол учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Прокуророос шүүгдэгч Ч.Цоггэрэлийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч.Цоггэрэлийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Цоггэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Цоггэрэлийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “...Шүүгдэгч Ч.Цоггэрэлийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг гаргаж байна. Уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналыг тус тус гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 73,209,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах...” саналыг гаргасан.
Шүүгдэгч Ч.Цоггэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан “хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ч.Цоггэрэл нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсан улмаас байгаль орчинд их хэмжээний буюу 73,209,800 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчээс байгаль орчинд учруулсан шууд хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 73,209,800 төгрөгийн хохирол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газраас гал түймрийг унтраахад 1,094,600 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гал түймрийг унтраахад гарсан шууд бус зардал болон байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.” гэж заасан бөгөөд иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, тухайн галд өртсөн газар байгалийн жамаараа нөхөн сэргээгдсэн, тухайн бус нутагт оршин суух иргэд гомдолгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн зэрэг байдлыг харгалзан шинжээчийн дүгнэлтээр байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цоггэрэлийн эд хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөлийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 73,209,800 төгрөгийг 30 хувиар багасган 50,480,640 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв.
Мөн гал түймэр унтраахад гарсан шууд бус хохирол болох 1,094,600 төгрөгийг шүүгдэгч Ч.Цоггэрэлээс гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Цоггэрэлийн эзэмшлийн “Toyota Corolla Fielder” маркийн 09-07 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мэргэжлийн үнэлгээний байгууллага 14,750,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгч Ч.Цоггэрэлийн эзэмшлийн “Toyota Corolla Fielder” маркийн 09-07 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, худалдан борлуулсан үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ч.Цоггэрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Ч-ийн Ц-ийг Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цоггэрэлийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Цоггэрэлд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Цоггэрэлд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цоггэрэлээс гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 72,115,200 төгрөгийг 30 хувиар багасгаж, 50,480,640 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Цоггэрэлээс гэмт хэргийн улмаас учруулсан шууд бус хохиролд нийт 1,094,600 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
8. Шүүгдэгч Ч.Цоггэрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ч.Цоггэрэлийн эзэмшлийн 14,750,000 төгрөгийн үнэлгээтэй “Toyota Corolla Fielder” маркийн 09-07 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Цоггэрэлийн эзэмшлийн “Toyota Corolla Fielder” маркийн 09-07 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, худалдан борлуулсан үнийн дүнгээс 14,750,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ