Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 439

 

 

 

 

      2018 оны 12 сарын 19 өдөр

        Дугаар 104/ШШ2018/00439

                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, 38 дугаар байрны 60 тоотод оршин суух,******* А.Х /РД:**********/        

Хариуцагч: *******, Нисэхийн 14 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух,******* В.Б /РД: **********/-д холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 35.500.000 төгрөгийн үнэлгээтэй гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Х, хариуцагч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би В.Бтэй 2007 онд танилцаж, 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.А, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.А, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.А нар төрсөн. В.Б 2013 оноос эхлэн намайг байнга хардаж, зодож байнгын дарамтанд байлгах болсон. Сүүлд 2018 оны 6 дугаар сард гутлаар зодож гэмтээсний улмаас 10 хоног хэвтэрт байсан. Одоо ч бие муу, зогсож чадахгүй, хүүхдүүдэд хичээл заахад хүндрэлтэй байгаа ч үр хүүхдээ тэжээхийн тулд тэвчээд явж байна. Өмнө нь энэ байдлыг уучлаад, хүүхдүүдээ бодоод тэвчээд амьдарч байсан. Одоо чадахгүй. В.Б намайг зодож хүндэвтэр гэмтэл учруулсаны улмаас эрүүгийн журмаар шийтгүүлж, 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ял авсан. Иймд энэ хүний дарамтад дахин амьдармааргүй байна. Иргэний шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн ч бид эвлэрээгүй. Надад түүнтэй хамт амьдрах хүсэлгүй болсон. Ер нь В.Бтэй дахин хамт амьдарвал амьд үлдэнэ гэсэн баталгаа байхгүй.

Одоо бид тусдаа амьдарч байгаа ч утсаар ярьж, хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулж байгаа. Тусдаа амьдрах хугацаанд ямар нэг байдлаар гар хүрч хүчирхийлсэн асуудал байхгүй ч утсаар ярихаар нь зүрх савлаад түгшүүртэй болчихдог. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.

Мөн охин Б.А, хүү Б.А, охин Б.А нарыг өөрийн асрамжид байлгаж, эцэг В.Бгээр тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна.

Харин бид гэр бүл болсноос хойш бий болгосон дундын эд хөрөнгө болон банкан дахь зээлийн талаар харилцан тохиролцож шийдвэрлэлээ. Үүнд:

1.Хариуцагч В.Бд *******, Алтайн 12 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000131969 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Г-220700431 дугаарт бүртгэлтэй хашаа, *******, Алтайн 12 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 116 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000278060 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2207002481 дугаарт бүртгэлтэй байшинг өгөх,

Харин хариуцагч В.Б нь уг хашаа, байшинг худалдаж авах зорилгоор зээлсэн 16.000.000 төгрөгийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг Хас банктай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 1280012643 дугаар гэрээний дагуу төлж дуусгах,

2.Нэхэмжлэгч А.Х "*******" ББСБ-тай 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №31710914861 дугаар зээлийн гэрээ байгуулж зээлсэн 10.000.000 төгрөгийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөх,

Уг зээлээр худалдаж авсан хариуцагч В.Бгийн нэр дээрх 93-97 УБЛ улсын дугаартай, Приус маркийн, мөнгөлөг өнгийн, ******* арлын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгч А.Хд шилжүүлэн өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталж өгнө үү гэв.

Хариуцагч В.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би А.Хтай 2007 онд танилцаж, 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.А, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.А, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.А нар төрсөн. Би сахарын өвчтэй, ажилгүй гэртээ олон жил суусан. Шөнө дунд миний сахар багадахаар унаж татдаг. Мөн энэ өвчнөөс болоод уур уцаартай болсон.

Тухайн өдөр үндэслэлгүйгээр эхнэрээ хардаж зодсон нь миний буруу. Энэ бүхэндээ маш их харамсаж уучлалт гуйж байна. Би хүүхдүүдээ өнчрүүлж, ирээдүйн амьдралд нь хар толбо үлдээмээргүй байна. Одоо би бүхнийг ойлгосон. Дахин ийм асуудал гаргахгүй байж чадна. Надад түүнийг гэх хайр сэтгэл минь хэвээрээ байгаа учир гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Би ахиж А.Хыг зодохгүй, хэлсэн үгэндээ эзэн болно. Нэг удаа итгэл өгөхийг хүсч байна. А.Х надаас салсан салаагүй би хүүхдүүдээ тэжээн тэтгэх ёстой учир чадлаараа харж хандах болно. Асрамжийн тал дээр маргахгүй тэтгэлэг төлнө. Гэхдээ шүүхээс бидний салгахгүй байхыг хүсч байна.

Би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байгаа ч нэхэмжлэлийн шаардлага болгон дээр тайлбар хэлэх ёстой юм байна. Иймд эд хөрөнгийн тал дээр надад бодсон зүйл байхгүй байгаа тул А.Хын хүссэнээр хуваан эвлэрч байна. Үүнд:

Бид Хас банкнаас авсан 16.000.000 төгрөгөөр *******, Алтайн 12 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000131969 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Г-220700431 дугаарт бүртгэлтэй хашаа, *******, Алтайн 12 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 116 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000278060 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2207002481 дугаарт бүртгэлтэй байшинг авсан ба банкны барьцаанд байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийг А.Х надад үлдээхээр болсон.

Би Хас банктай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №1280012643 дугаартай зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлнө.

Харин  нэхэмжлэгч А.Х "*******" ББСБ-иас 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №31710914861 дугаар гэрээ байгуулж 10.000.000 төгрөг авсан. А.Х энэ мөнгөөр сургалтын төвөө тохижуулж, В.Б миний нэр дээрх 93-97 УБЛ улсын дугаартай, Приус маркийн, мөнгөлөг өнгийн, ******* дугаартай суудлын автомашиныг худалдан авсан. Би машиныг түүний нэр дээр шилжүүлэн өгнө. Мөн нэхэмжлэгч А.Х "*******" ББСБ-иас авсан зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Х хариуцагч В.Бгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 35.500.000 төгрөгийн үнэлгээтэй гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч В.Б гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй ч бусад шаардлагын талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч А.Хын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг болно.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаантай, бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч А.Х гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч А.Х, хариуцагч В.Б нар 2011 онд танилцаж, 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.А, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.А, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.А нар төрсөн байх ба хүүхдүүд одоо эх А.Хын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн №0121465-06 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн №0000627156-53, 0000926055-480, 1113000646 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Суврага Налайх” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Голомт цогцолбор сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

Нэхэмжлэгч А.Х гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...В.Б 2013 оноос эхлэн байнга хардаж, зодож дарамтанд байлгах болсон. Сүүлд 2018 оны 6 дугаар сард гутлаар зодож хүндэвтэр гэмтэл учруулсан. Үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй...Одоо энэ байдлыг тэвчээд хамт амьдарч чадахгүй...” гэж тайлбарласан,

хариуцагч В.Б “...Би сахарын өвчтэй, сахар багадахаар унаж татдаг. Энэ өвчнөөс болоод уур уцаартай болчихдог. ...эхнэрээ хардаж зодсон нь миний буруу...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид …хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүхээс гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах нөхцөл байдал гэж үзэхгүй ч нэхэмжлэгч А.Х гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдал, тусдаа амьдрах хугацаанд нэхэмжлэгч А.Х нөхөр В.Бг гэх хайр сэтгэлгүй болсон, эвлэрүүлэх ажиллагааны хугацаанд гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх идэвхи санаачлага гаргаагүйгээс эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, нэхэмжлэгч А.Х гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлээ шүүх хуралдааны шатанд дэмжсэн хэвээр байсан.

 Иймд гэрлэлт цуцлахыг хориглох үндэслэл байхгүй байгаа тул шүүх нэхэмжлэгч А.Х, хариуцагч В.Б нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх А.Х үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг В.Бгээс илүү байгааг, зохигчид хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхээр тохиролцсон байдал, охин Б.А “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал болон хүүхдүүдийн насны байдал зэргийг харгалзан 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.А, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.А, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх А.Хын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч В.Б бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй. 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг. 

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг В.Бгээс сар бүр тэтгэлэг гаргуулж охин Б.А, хүү Б.А, охин Б.А нарыг тэжээн тэтгүүлэв.

 Харин хариуцагч В.Б цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Нэхэмжлэгч А.Х нь охин Б.А, хүү Б.А, охин Б.А нарт зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч В.Б зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2., Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх эд дундын хөрөнгө болон бусдад төлөх өр төлбөрөө харилцан тохиролцон хувааж болох юм.

Зохигчид дундын эд хөрөнгө болон өр төлбөрөө хуваарилсан эвлэрлийн гэрээндээ “1.Хас банкны 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1280012643 дугаартай, 16.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд байгаа *******, Алтайн 12 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 700 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000131969 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Г-220700431 дугаарт бүртгэлтэй хашаа, *******, Алтайн 12 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 116 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000278060 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2207002481 дугаарт бүртгэлтэй байшинг хариуцагч В.Бгийн өмчлөлд үлдээж, Хас банкны зээл үлдэгдэл 10.000.000 төгрөгийг хариуцагч В.Б төлөх, 2.Нэхэмжлэгч А.Х "*******" ББСБ-иас 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл авч авсан В.Бгийн нэр дээрх 93-97 УБЛ улсын дугаартай, Рпиз маркийн, мөнгөлөг өнгийн, арлын ******* дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгч А.Хд үлдээж, "*******" ББСБ-аас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Х төлөхөөр тохиролцов” гэж заажээ.

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгөө хуваарилсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна. Харин энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын өмнө хамтран хүлээсэн үүргийг үгүйсгэхгүй болно.

Нэхэмжлэгч А.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536.847  төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч В.Бгээс /гэрлэлт цуцлах 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох 70.200 төгрөг, 3 хүүхдийн тэтгэлэг 72.147 төгрөг, дундын эд хөрөнгө 174.950 төгрөг/ нийт 387.497 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Хд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч******* А.Х, хариуцагч******* В.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.А, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.А, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх А.Хын асрамжид байлгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.А, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.А, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин Б.А, хүү Б.А, охин Б.А нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг В.Бгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч В.Б цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2., Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан Нэхэмжлэгч А.Хын өмчлөлд хариуцагч В.Бгийн нэр дээрх 93-97 УБЛ улсын дугаартай, Приус маркийн, мөнгөлөг өнгийн, арлын ******* дугаартай суудлын автомашиныг өгөх, "*******" ББСБ-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үлдэх үүрэг 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Х төлж биелүүлэх,

Хариуцагч В.Бгийн өмчлөлд “Хас банкны 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1280012643 дугаартай, 16.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд байгаа *******, Алтайн 12 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 700 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000131969 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Г-220700431 дугаарт бүртгэлтэй хашаа, *******, Алтайн 12 дугаар гудамжны 2 тоотод байрлах, 116 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000278060 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2207002481 дугаарт бүртгэлтэй байшинг үлдээх, “Хас” банктай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1280012643 дугаартай зээлийн гэрээний үүрээс биелүүлээгүй үүрэг 10.000.000 төгрөгийг хариуцагч В.Б төлж биелүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч А.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536.847 /таван зуун гучин зургаан мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч В.Бгээс 387.497  /гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Хд олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            З.ТҮВШИНТӨГС