Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Л.С

Өмгөөлөгч С.Э

Хохирогч М.Ц

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт А-ийн Т-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Р овогт А-ийн Т /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Дорноговь аймгийн ... тоотод иргэн М.Ц-ыг эхнэртэй зууралдлаа гэх шалтгаанаар зүүн гарын шуу хэсгээс нь мушгиж татан унагаасны улмаас зүүн шуу богтосны хугарамтгай хэсгээр зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 01-ний өдөр эхнэр болох Л-тэй хамт 18 цагийн орчим спорт заалнаас баярын хурал тараад явж байгаад манай эхнэр дэлгүүр орно гээд явах замд Ц Ч-аас бид хоёрыг дуудаад байхаар нь бид 2 Ч-х руу орсон. Тэднийд ороход О, Ц хоёр Ерөө нэртэй 0,75 л архи хувааж уугаад сууж байсан. Бид 2 ороод хөзөр тоглоод хэсэг сууж байхад 22 цагийн орчим Ч гэртээ ирсэн. Тэгээд байж байгаад манай эхнэр “гаръя” гээд босох гэсэн чинь Ц “байж бай хэдүүлээ дахиад ууя” гэхээр нь “үгүй тэгж уудаг хүмүүс биш” гээд босоод багана төмөр бариад зогсож байхад нь бүсэлхийгээр нь тэврээд чангаагаад байхаар нь би эхнэрийгээ өмөөрөөд салгасан юм. Тэгээд Ц манай эхнэрээс салахгүй болохоор нь би “чи боль оо” гээд цааш нь түлхтэл хойшоо унасан. Яаж унасныг сайн мэдэхгүй байна. Тэгээд “миний гар хугарчихлаа” гээд босоод ирэхээр нь манай эхнэр мод хавсарч боогоод тэгээд бид 2 гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал “ухаан алдаад уначихлаа” гээд О, Ч хоёр ирээд хэлэхээр нь бид хоёр үнэртэй ус аваад очтол Ч-ийн гэрт орон дээр нь унтаж байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ харьсан. Би Ц-ын биед хүндэвтэр  зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч ойлгож байна гэжээ. /хх-ийн 43/    

 Шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 10 сарын 01-нд орой 8 цагийн үед манай эхнэрийг Ц дуудаад байсан. Тэгээд бид хоёр Ч-ынд очсон юм. Тэнд орой 09 цаг хүртэл хөзөр тоглосон. Тэгээд манай эхнэрийн хөл нь өвдөөд сууж байгаад боссон чинь Ц тэврээд авсан. Би “за явъя, харъя” гэж хэлтэл Ц бид хоёрыг “байж бай дахин архи ууя” гэж хэлсэн. Би “уухгүй” гэж хэлээд Ц-ыг эхнэрээс холдохгүй байхаар нь түлхсэн. Тэгээд Ц унасан. Би Ц-ыг түлхсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин гар нь миний үйлдлээс болж хугарсан гэж үзэхгүй байна. Би архи уугаагүй, уудаггүй. Мөн Ц-вын гарыг мушгиагүй гэв.

Хохирогч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 01-ний өдөр өглөө 09 цагийн орчим ахмадын баяр гээд би найз өвгөн болох Ч-ийн гэрт очоод бид 2 байж байтал Ч “ахмадын баярын урилга авсан” гээд спорт цогцолбор луу баяртаа явсан юм. Тэгээд би хамт ажилладаг О-ийн гар утас руу нь залгаад “зээлсэн мөнгөө авъя дэлгүүр өрөө нэхээд байна” гэхэд “одоо хүргээд өгье одоо очиж байна” гээд Ч-д орж ирээд зээлсэн мөнгөө өгсөн. О бид 2 хоол хийгээд сууж байгаад би ахмадын баяр юм байна гээд 0,75 л Хараа нэртэй архи авсан юм. Тэгээд О бид хоёр Хараа нэртэй 0,75 л архиа хувааж уугаад сууж байтал Т болон түүний эхнэр орж ирээд бид 4 Хараа нэртэй 0,75 л архи хувааж уунгаа хөзөр тоглоод сууж байсан. Орой 20 цагийн орчим би Ч руу залгаад “баяр нь дуусаагүй юу, ирэх болж байна уу” гэхэд “гэр хороололд тоглож байна одоо очлоо” гээд хүрч ирсэн. Т, түүний эхнэр, Ч, О, би гээд бид 5 тоглоод байж байгаад би Т-ийн эхнэрийг “ахмадын баяр миний найз” гээд тэврээд автал Т гэх залуу миний зүүн шуу хэсгээр мушгиж татаад миний ардаас урагш түлхээд би газар бөгсөөрөө унасан. Би тэгээд “хүүе ээ гар хугалчихлаа” гэтэл Т-ийн эхнэр хоёр талаас нь хоёр мод барьж боож өгсөн. Тэгээд хэсэг сууж байгаад би ухаан алдчих шиг болсон. Сэргээд харсан Ч намайг “ямар их ухаан алдчихав” гэж хэлэхэд тэнд цуг байсан хүмүүс гараад явчихсан байсан. Тэгээд амарчхаад би 2022 оны 10 сарын 02-ны өдөр эмнэлэгт үзүүлээд цагдаад хандсан юм. Миний зүүн гарын бугуй хэсэгт 2 хугаралттай. Өөрөөр гэмтэл учирсан зүйл байхгүй. Гипс тавиулсан, даралт бууруулах эмчилгээ хийлгэж, эм бичүүлж авсан. Би хугарсан гараа эдгэртэл хэрэглэх эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Би цалинтай ажил хийдэг байсан. Гараа хугалуулчихсан ажил хийж чадахгүй байна гэжээ. /хх-ийн 12/

Хохирогч М.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 10 сарын 01-нд Ч гэх айлд очсон юм. Ахмадын баяр гээд Ч гараад явсан. Би тэднийд байхдаа О гэх хүн рүү ярьж зээлдүүлсэн мөнгөө нэхсэн. О мөнгө авч ирж өгөөд би ахмадын баяр болж байна гээд бид хоёр архи авч уусан. Тэгээд бид хоёрыг байж байхад Т эхнэрийн хамт Ч-д ирсэн. Би эхнэрийг нь дуудаагүй. Тэгээд бид 4 хөзөр тоглосон. Тэгээд Т-ийн эхнэр хөл өвдөөд гээд багана түшээд боссон. Би “баяр болж байна найзтайгаа танилцана” гээд Т-ийн эхнэрийг тэврээд автал Т тэндээс “пицда гээд үсэрч босож ирээд миний зүүн гарыг мушгайд намайг шидсэн. Би унаж гар хугарсан. Тэгээд “гар хугарчихлаа” гээд уйлахад Т-гийн эхнэр “2 мод аваад ир” гээд боож өгсөн. Тэгээд нэг мэдэхэд би ухаан алдсан юм шиг байсан. Сэргэхэд миний хажууд нэг ч хүн байгаагүй. Т миний гарыг хугалчхаад нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Эмч гараа хадуулах шаардлагатай гээд бичиг хийж өгсөн боловч мөнгө төгрөгийн боломжгүйгээс би хадуулж чадаагүй. Гомдолтой байна. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа тул эмчилгээний мөнгө гаргуулж авна. Эмчилгээний зардал гэж надад 17,600 төгрөг өгсөн, дансанд байгаа, өөр нэмж өгсөн зүйл байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн М.Ц-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч М.Ц нь 2022 оны 10 сарын 02-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.Т-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Сум дундын прокурорын газарт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно гэжээ. /хх-ийн 14-18/

Гэрч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 01-ний 12 цагийн орчим би Ц-ыг “манайд хүрээд ирээч хөзөр тоглоё” гээд дуудсан. Тэгээд удалгүй Ц манайд ирээд бид хоёр хөзөр тоглож байгаад би 13 цагийн орчим спорт заал руу ахмадын баярын урилгатай байсан болохоор гараад явсан юм. Тэгээд орой 20 цагийн орчим Ц над руу залгаад “хэзээ ирэх юм” гэхээр нь би “найзындаа тоглож байна удахгүй очлоо” гээд удалгүй очсон юм. Гэртээ очиход манайд Т, Т-ийн эхнэр, Ц, О 4 хөзөр тоглоод цагаан архи уугаад сууж байсан. Намайг “уу” гэхээр нь би “үгүй” гээд байж байтал Ц Т-ийн эхнэрийг түшээд босох гэхэд нь Т эхнэрээ хардаад Ц-ыг зүүн гарынх нь бугуйнаас барьж байгаад түлхээд унагаах шиг болсон. Би сайн хараагүй. Түлхсэнийх нь дараа Ц босож ирж сууж байгаад ухаан алдаад уначихсан. Ухаан алдаад унахаас нь өмнө Т эхнэртэйгээ тэр 2 гэрлүүгээ харихаар явсан. Тэгээд би Ц-выг “гайгүй юу” гэсэн “гайгүй ээ гайгүй” гээд 00 цаг өнгөрч байхад О гэрлүүгээ харина гээд би О-г машинд суулгаж өгчхөөд гэртээ ирээд амарсан. Зүүн гарынх нь бугуй хэсгээс барьж байгаад түлхээд унагаах шиг болсон. Тэгээд гар нь хугарчихлаа гэж байсан гэжээ. /хх-ийн 22/

Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...ахмадын баярын хурал тараад харих замдаа Ч-д ороод гаръя баяр болж байгаа юм байна гээд ортол Ц, О нар уучихсан байсан. Тэгээд тэднийд ороод хөзөр тоглож сууж байгаад 20 цагийн орчим харих гээд гарах гэхэд Ц миний урдаас тэврээд авахаар нь би нэг гарыг нь тавиад байж байтал манай нөхөр нөгөө гарыг нь түлхсэн юм. Тэгээд Ц унаад өгсөн. Тэгтэл “хүүе гар нь хугарчихлаа ш дээ” гэхээр нь би 2 мод хавсраад гарыг нь боож өгсөн. Тээгээд өвчнийг нь намдаах зорилгоор парацетамол уулгаад үлдээсэн. Тэгээд 21 цагийн орчим манай нөхөр бид хоёр гэртээ харьсан. Удаагүй байж байтал Ч, О хоёр ирээд “Ц ухаан алдаад уначихлаа” гэхээр нь “түргэн дуудаад цагдаад өгчихөө” гэсэн чинь Ц утсаа өгөхгүй байсан гэжээ. /хх-ийн 24/

Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 01-ний өдөр 14 цагийн орчим ахмадын баяр болоод Ц надаас зээлсэн мөнгөө авах гээд дуудсан юм. Тэгээд би худгийн наад талын айлд очоод мөнгөө өгчхөөд явах гэтэл “баяр тэмдэглэе” гээд хоол хийж идээд Хараа нэртэй 0,75 л архи хувааж уусан. Тэгээд байж байтал 15 цагийн орчим спорт заалны баярын хурал тараад Т, Т-ийн эхнэр 2 орж ирээд “хөзөр тоглоё” гэхээр нь бид дөрөв нийлээд хөзөр тоглоод сууж байхад 18 цагийн орчим Ч “баяр тараад найзындаа тоглож байгаад ирлээ” гээд гэртээ ирсэн. Тэгээд Ц “Т-ийн эхнэртэй танилцъя” гээд тэвэрсэн чинь Т эхнэрээсээ холдуулах гээд түлхэхэд нь гар нь эвгүй болчих шиг болсон. Тэрнээс хоорондоо муудаж хэрэлдсэн зүйл байхгүй. Тэгээд Ц “миний гарыг хугалчихлаа” гэсэн чинь Т-ийн эхнэр нь “мод аваад ир” гээд гарыг нь боож өгсөн. Тэгээд Т эхнэртэйгээ цуг харих гээд гарсных нь дараа Ц ухаан алдаад уначихаар нь “эгчээ, эгчээ” гэж байгаад сэрээсэн юм. Би тэгээд Т-ийнд очоод “хүн ухаан алдчихаад байхад та хоёр гэртээ юу хийж байгаа юм” гэж хэлчхээд эргэж байсан газраа очтол хөнжил нөмрөөд унтаж байхаар нь гэрлүүгээ харьсан гэжээ. /хх-ийн 26/

Шинжээч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Иргэн М.Ц-ын биед зүүн шуу богтосны хугарамтгай хэсгээр зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдсон. Энэ нь гараа дарж унах болон гарыг мушгиж түлхэх  аль ч тохиолдолд үүснэ гэжээ. /хх-ийн 35/

Шинжээчийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 04/204 тоот дүгнэлт: 1.М.Ц-ын биед гэмтэл учирсан байна. 2.М.Ц-ын биед зүүн шуу богтосны хугарамтгай хэсгээр зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.М.Ц-ын биед үүссэн гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах  болно. 5.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. /хх-ийн 28-29/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 03-07/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 37-39/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын 2-р багийн ажлын албаны 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 566 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46, 51, 53-54/

Хохирлын тооцоо /хх-ийн 59-60/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 сарын 05-ны өдрийн ... дугаартай албан тоот, зардлын дүнгийн лавлагаа  /хх-ийн 62-64/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 65-66/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.Т-г улсын яллагчаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогчийн зүүн гарыг мушгиж хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч гэрч Д.Л-ийн “Манай нөхөр бид хоёр уугаагүй байсан” /хх-ийн 24 хуудасны ар тал/ гэх мэдүүлэг, гэрч П.О-ийн “Ц нь надтай Хараа нэртэй 1 шил архи хувааж уусан, Т уугаагүй эрүүл байсан” /хх-ийн 26-р хуудасны ар тал/ гэх мэдүүлэг, гэрч Н.Ч-ын “...Т эхнэрээ хардаад Ц-ыг зүүн гарынх нь бугуйнаас барьж байгаад түлхээд унагаах шиг болсон.” /хх-ийн 22/, гэрч Д.Л-ийн “...Ц миний урдаас тэврээд авахаар нь би нэг гарыг нь тавиад байж байтал манай нөхөр нөгөө гарыг нь түлхсэн юм. Тэгээд Ц унаад өгсөн.” /хх-ийн 24/ гэх мэдүүлгүүдээр улсын яллагчийн дүгнэлт үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч А.Т-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн хохирогчийн гарыг мушгиж хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хохирогч “Ц-ыг түлхсэн, гэхдээ гар хугарсан нь миний үйлдлээс болсон гэж үзэхгүй байна” гэж хэлж байгаа нь хэрэг болсон өдөр шүүгдэгч, хохирогч нартай хамт байсан гэрч Н.Ч, Д.Л, П.О нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Түүнчлэн шинжээч эмч П.Г-ийн “Иргэн М.Ц-ын биед зүүн шуу богтосны хугарамтгай хэсгээр зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдсон. Энэ нь гараа дарж унах болон гарыг мушгиж түлхэх  аль ч тохиолдолд үүснэ” /хх-ийн 35/ гэх мэдүүлгээр хохирогч М.Ц нь шүүгдэгчийн түлхэлтийн улмаас унаж зүүн гар нь хугарсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Түүнчлэн хохирогч М.Ц-ын биед шүүгдэгч А.Т-аас өөр хэн нэгэн хүн гэмтэл авахаас өмнө хүрээгүй байдаг.    

Шүүгдэгч А.Т нь 2022 оны 10 сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Дорноговь аймгийн ... тоотод иргэн М.Ц-ыг эхнэртэй зууралдлаа гэх шалтгаанаар зүүн гарын шуу хэсгээс нь барьж татан унагаасны улмаас зүүн шуу богтосны хугарамтгай хэсгээр зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...би Т-ийн эхнэрийг “ахмадын баяр миний найз” гээд тэврээд автал Т гэх залуу миний зүүн шуу хэсгээр мушгиж татаад миний ардаас урагш түлхээд би газар бөгсөөрөө унасан. Би тэгээд “хүүе ээ гар хугалчихлаа” гэтэл Т-ийн эхнэр хоёр талаас нь хоёр мод барьж боож өгсөн.” /хх-ийн 12/, гэрч Н.Ч “...Ц Т-ийн эхнэрийг түшээд босох гэхэд нь Т эхнэрээ хардаад Ц-ыг зүүн гарынх нь бугуйнаас барьж байгаад түлхээд унагаах шиг болсон.” /хх-ийн 22/ гэх мэдүүлэг, гэрч П.О “...Ц “Т-ийн эхнэртэй танилцъя” гээд тэвэрсэн чинь Т эхнэрээсээ холдуулах гээд түлхэхэд нь гар нь эвгүй болчих шиг болсон. Тэрнээс хоорондоо муудаж хэрэлдсэн зүйл байхгүй. Тэгээд Ц “миний гарыг хугалчихлаа” гэсэн чинь Т-ийн эхнэр нь “мод аваад ир” гээд гарыг нь боож өгсөн.” /хх-ийн 26/ гэх мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 04/204 тоот дүгнэлтээр хохирогчийн биед учирсан зүүн шуу богтосны хугарамтгай хэсгээр зөрүүтэй хугарал бүхий гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 28-29/ гэх  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Т-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч М.Ц-т 17,600 төгрөгийг эмчилгээний зардал гарсныг шүүгдэгч шүүхийн шатанд төлсөн нь нотлогдсон тул хохирогчид энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 214,000 төгрөгийг шүүгдэгч А.Т-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...хохирогч М.Ц нь 2022 оны 10 сарын 02-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.Т-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх-ийн 14-18/ гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 сарын 05-ны өдрийн ... дугаартай албан тоот, зардлын дүнгийн лавлагаа  /хх-ийн 62-64/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.Т нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 214,000 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч А.Т-д хохирогчид нотлох баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч А.Т-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж тайлбарласан. Гэвч шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд өгч буй мэдүүлэг зэргээс түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч М.Ц-т учирсан хүндэвтэр хохирол болох зүүн гарын хугарлыг шүүгдэгч өөрийн үйлдлээс болсон гэж ухамсарлаагүй байна. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р овогт А-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн Т-г 3 /гурав/ сарын хугацаагаар оршин суух газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч А.Т-аас 214,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай оруулж, энэ шийтгэх тогтоолоор хохирогч М.Ц-т төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б