Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч Б.*******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байх Самбартай хөтөл гэх газрын орчимд *******тай маргалдан улмаар түүний толгой, нүүр, гар хэсэгт нь гараараа цохин, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, хүзүү, баруун тохой, бугуй, зүүн тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байх Самбартай хөтөл гэх газрын орчимд *******тай маргалдан улмаар түүний толгой, нүүр, гар хэсэгт нь гараараа цохин, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, хүзүү, баруун тохой, бугуй, зүүн тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч *******ын... 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд Бөмбөгөр сумаас аймгийн төв орохоор найз *******ын хамт миний эзэмшлийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота чэйзер маркийн автомашинтай гарсан юм. Сумаас гарахдаа 0.75 граммын шилтэй Экс гэд нэг шил архи, 2 том Сэрүүн нэртэй пиво аваад гарсан юм. Сумаас гараад 16, 17 км орчим яваад машины дугуй хагарсан. Тэр газраа нэг том пиво уугаад, нэг шил архины талыг нь ууж дуусгасан... үлдсэн архи, пивоо уугаад би “машин тэрэг ийм болголоо” гээл *******той маргалдаж байснаа санаж байгаа юм. Нэг мэдэхэд аймгийн төв рүү орж ирээд Гүнж дэлгүүрийн хавьд хамаг хувцас, машины алчуур энэ тэр цус болсон зогсож байсан... Самбартай хөтлөөс уруудаад цаашаа өгсөөд тонгойдог хэсэг дээр замын хажуу тал руу буусан газраа машины гадаа үерийн жалга руу ороод л хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан юм. Миний санаж байгаагаар ******* миний нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөөд авсан. Мөн миний нуруу хэсэг рүү өшиглөж байсныг санаж байна. Би тухайн үедээ газар хэвтээд нүүрээ хамгаалаад л байх шиг санагдаж байгаа юм. 2 нүд хөхөрсөн, цавины булчирхай, толгой өвдөөд байгаа юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Гэрч *******гийн ... Манай хүүгийн 2 нүд хөхөрсөн, хавдсан, багалзуур нь улайсан, гар нь цус болсон байдалтай байсан. Тэгээд манай хүүхэд Бөмбөгөр сумаас ирж явах замдаа дугуй хагараад замын хүнээс дугуй энэ тэр асуусан гэж байсан. Тэгээд аймгаас баруун тийш Самбартай хөтлийн цаад талд хамт явсан гэх хүн нь согтуу манай хүүхдийг зодож гэмтэл учруулсан байхаар нь гомдол гаргасан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/,

Шүүгдэгч *******ын ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 459 тоот шинжээчийн ... *******ын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, хүзүү, баруун тохой, бугуй, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр.... тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 16-17/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 56-65/,

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* нь гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 7 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

    ДАРГАЛАГЧ,   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГЭРЭЛМАА