Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/276

 

 

 

 

        

   2022        10           07                                      2022/ШЦТ/276

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-ид  холбогдох эрүүгийн 2238000000524 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.М-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төв Жинстийн ... тоот хашааны гадна 2022 оны 07 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Д-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархинд доргилт, хамрын ясанд хугарал, зүүн зовхи, баруун бугалга, гуя шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000524 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Н.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төв Жинстийн ... тоот хашааны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Д-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархинд доргилт, хамрын ясанд хугарал, зүүн зовхи, баруун бугалга, гуя шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгөнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Ч.Д-гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны орой Н.М- манай хашаан дотор согтуу зогсож байсан. Тэгээд намайг ална гээд хөөхөөр нь би хашаанаас гараад зугтаад явж байгаад хажуу талын айлын үүдэн дээр баригдсан. Н.М- намайг нүүр болон хамар руу нэг нэг удаа цохисон. Мөн хоёр хөл рүү өшиглөөд зогсож байтал хажуу айлын Ч.Д- эгч ирж хүн аллаа боль гэсэн чинь Ч.Д- эгчийг хоёр удаа цохисон. Тэгээд сумын цагдаа ирж аваад явсан. ...Би одоо эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байна. 1.000.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 20 дугаар тал/,

Гэрч Ч.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны орой тугалаа хаших гээд хашаанаас гарч иртэл Ч.Д- хашаа налчихсан нөгөө залуу нь цохиод өшиглөөд байхаар нь би дундуур ороод болиоч чи гэж хэлтэл хоёуланг чинь ална шүү гээд миний зүүн хацар руу хоёр удаа цохиод “чамайг ална шүү” гэхээр нь айгаад холдсон. Тэгтэл “чи муу пизда цагдаа дуудаад байна уу” гэхээр нь “би дугаарыг нь мэдэхгүй” гэсэн тэгээд удалгүй байж байтал цагдаа ирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 427 дугаартай “...Ч.Д-гийн биед тархинд доргилт, хамрын ясанд хугарал, зүүн зовхи, баруун бугалга, гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохой зүйлээр үүсэгджээ. Д.Ч.Д-гийн  биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.М-ийн өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 07 сарын 22-нд гэрээсээ ...сумын төв орж ирээд ...нэг танихгүй хүнтэй 0.5 литрийн Хараа гэдэг нэртэй архи хувааж уусан. Би цуг архи  уусан хүнээ хэн гэдгийг нь мэдэхгүй байна намайг сумын төв рүү орж ирж байхад дуудаад байхаар нь очсон чинь намайг таньдаг мэддэг архи цуг ууя гэхээр нь би тэр архинаас нь цуг уулцсан. Тэгээд би архи ууж байгаад тасарсан байна лээ нэг мэдсэн чинь Ч.Д-гийн хашаан дотор хэвтэж байхаар нь босоод ирсэн чинь цагдаа ирээд намайг аваад цагдаагийн хэсэг рүү явсан. Тэгээд маргааш нь би Ч.Д-гээс юу болсон талаар нь утсаар асуухад чи өчигдөр орой согтуу манай гэрт ирээд намайг ална тална гээд байхаар нь би зугтсан чинь чи миний ардаас хүрч ирээд намайг зодоод байсан гэж хэлсэн. Тэгээд нэг их юм яриагүй утсаа салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Ч.Д-, гэрч Ч.Д- нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Н.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төв Жинстийн ... тоот хашааны гадна 2022 оны 07 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Д-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархинд доргилт, хамрын ясанд хугарал, зүүн зовхи, баруун бугалга, гуя шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Д.Ч.Д-гийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгдсэн тархинд доргилт, хамрын ясанд хугарал, зүүн зовхи, баруун бугалга, гуя шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Н.М-ийн гараараа цохисон, хөлөөрөө өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.М-ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М- нь хохирогч Ч.Д-д 1.000.000 төгрөг төлж, хохирол нөхөн төлж барагдуулсан талаарх 2 хуудас баримтыг гарган өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.М-ийг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 44-49 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ... багийн Засаг даргын тодорхойлолт, 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.М-  нь ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ... дүгээр багт оршин суудаг, малчин, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.М-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ид оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000524 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.М-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000524 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР