| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0299/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/297 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ч.Энхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2110022380186 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үндсэн тоноглолын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид /цаашид “*******” ТӨХХК гэх/ засварчнаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчимд 52 метрийн урттай, 380 вольтын голчтой кабель утасыг тус компанийн хашааг давуулан хулгайлж, 884.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би нураасан балгас дотроос кабелын утас авсан. Тухайн үед 30 орчим метр кабель байсан. Гэтэл сүүлд нэмээд 52 метр болсон байсан. Хавтаст хэрэгт миний авсан кабелаас өөр зураг байсан гэв.
Хоёр. Эрүүгийн 2110022380186 дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Гэрч А.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/
Гэрч Ч.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/
Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/163 дугаартай тушаал /хавтаст хэргийн 77 дахь тал/
Биокомбинат ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/12 дугаартай тушаал /хавтаст хэргийн 79 дэх тал/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50-51 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний мэдээлэл /хавтаст хэргийн 63 дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ТӨХХК-нд засварчнаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед 52 метрийн урттай, 380 вольтын голчтой кабель утсыг тус компанийн хашаагаар давуулж хулгайлан, 884.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Биокомбинат” ТӨХХК-ийн хашаанаас тухайн байгууллагад цахилгааны засварчин ажилтай Б.******* нь ажилтай байх үедээ 52 метр 380 вольтын зэс голтой утсыг камергүй газраар хашаа давуулж байгаад харуулын ажилтанд баригдсан...Компаний нядлах цехийг буулгах үед уг барилгаас гарсан кабель утас байсан. Уг барилга нь тус компанийн үндсэн хөрөнгөнд хамаарна. Энэ хөрөнгүүдийг тус тус цехэд хадгалах асуудлыг зохицуулах талаар тус компаний даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тушаал гарсан. Мөн уг хөрөнгүүдийн үнэлгээг тогтоон худалдан борлуулахад бэлтгэх тухай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тушаал гарсан....Компаний захирал л компаний хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг Цехийн даргад компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
Гэрч Ч.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 21 өдөр би ажилтай байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд оройн хоолоо идчихээд /цагийг нь сайн санахгүй байна/ өөрийн эргүүлийн чиглэл болох болох 4-р чиглэлд үүрэг гүйцэтгэчихээд харуулын байрандаа орж ирээд рапортоо бичиж байтал нэг хөлийн чимээ гарах шиг болсон. Тэгээд би харуулын байрнаасаа гараад хартал нэг хүн явж байсан. Тэгээд би тэр хүнийг дуудтал Биокомбинатын ажилчин ******* гэх хүн байсан. Би тэр хүнээс юу хийж байгааг асуухад “өнөөдөр ажилтай байгаа энүүгээр явж таарлаа” гэх зэргээр надад хариулсан. Тэгээд би *******ы явж байсан газрын цаад талын хашаа дээгүүр хартал хашааны цаад талд хуйлаатай хар өнгөтэй кабелийн утас байсан. Тэгээд би энэ талаар харуулын даргадаа хэлтэл харуулын дарга намайг гадагшаа гараад тухайн кабелын утсыг үзээдэх гэж хэлсэн. Тэгээд гадагшаа гарч кабелын утсыг хартал Биокомбинатын кабелын утас байсан. Тэгээд би ******* дээр очиж 2-лаа сая энд таарсан байхаа та энэ кабелын утсыг сая хашаа давуулсан биз дээ гэж хэлэхэд тийм гэж хариулсан. Тэгээд бид нар Биокомбинатын дарга удирдлагад мэдэгдэж 102 утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би ажилтай байсан. Орой 19 цагийн үед харуул орж ирээд энэ хүн сая хашаан дээгүүр кабелийн утас давуулж байгаад баригдлаа гээд Б.*******ы хамт орж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Гэрч А.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би ажилтай байсан...би хуйлаатай утсыг уурын зууханд оруулж тавьсан...би тэр цехийн ажилтан биш учраас дотоод асуудлыг сайн мэдэхгүй байна. Намайг нэг өдөр яваад ирэхэд нядлах цехийг хураагаад цэнхэр хашаа барьсан байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би бол Биокомбинат ТӨХХК-ны Дулааны станцын эрхлэгч албан тушаалтай. Уг албан тушаал дээрээ сүүлийн 18 жил ажиллаж байна. ******* нь тус үйлдвэрт 20 гаруй жил Дулааны станцын засварчнаар ажиллаж байгаад 2021 оны 11 сард ажлаас чөлөөлөгдсөн...2021 оны 10 дугаар сарын 21 өдөр манай цехийн ажилтан Б.******* нь 52 метр кабелын утсыг Биокомбинат ТӨХХК-ний хашааг камергүй газраар давуулж байгаад харуулд баригдсан. Тэгээд би цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгч байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/
Биокомбинат УТҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/163 дугаартай тушаал /хавтаст хэргийн 77 дахь тал/
Биокомбинат ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/12 дугаартай тушаал /хавтаст хэргийн 79 дэх тал/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан: “...үнэлгээ 884.000 төгрөг...”/хавтаст хэргийн 50-51 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Дуудлагын лавлагааны хуудсаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тухайн гэм хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул гэрч Ц.*******, гэрч А.******* нарын мэдүүлэгт 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэж сарыг андуурсан техникийн шинжтэй алдаа гарсан байх тул зөвтгөж бичсэн болохыг тэмдэглэе.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Б.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхээ нь: Шүүгдэгч Б.******* нь Бикобинат ТӨХХК-ийн актласан, хэрэгцээ шаардлага хангахгүй, эд хөрөнгийн үндсэн бүртгэлээс хасагдсан эд зүйлийг авсан нь гэмт хэрэг биш. Мөн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Иймд Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгах байр суурьнаас оролцож гэм буруугийн талаар маргав.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч Б.******* нь Биокомбинат ТӨХХК-нд засварчнаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед 52 метрийн урттай, 380 вольтын голчтой кабель утасыг тус компанийн хашаагаар нууцаар давуулж хулгайлан авсныг тус компанид гэрээт харуулын үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуул, гэрч Ч.******* илрүүлж, цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл гаргажээ. “Биокомбинат” УТҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/163 дугаартай тушаалаар тус компанийн Нядлах цехийн барилгыг буулгахтай холбогдуулан уг барилга доторх үндсэн болон эргэлтийн хөрөнгийг татан авах ажлын хэсгийг томилсон ба “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар Нядлах цехийн барилгыг буулгахтай холбогдуулан гарсан зэс голтой 380 вольтын кабелийн утаснууд зэрэг эд зүйлсийг зах зээлийн ханшаар үнэлж, худалдан борлуулахад бэлтгэх, борлуулсан орлогоор Вивар цехийн хуурсан дээврийг засаж янзлах талаар шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Б.*******ыг Биокомбинат ТӨХХК-аас акталсан, хэрэгцээ шаардлага хангахгүй 380 вольтын кабель утас авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Б.******* нь Нядлах цехийг буулгахтай холбоогоор гарсан зэс голтой 380 вольтын кабель утсыг шунахай сэдэлтээр, нууцаар, хууль бусаар хашаа давуулан авч 884.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Б.*******ыг цагаатгах” саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.*******д 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, кабель утсыг биет байдлаар нь буцааж өгсөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн төлөх төлбөргүй, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д тайлбарласан болно.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд: 380 вольтын 52 метрийн урттай кабель утас нь 884.000 төгрөг...”/хавтаст хэргийн 50-51 дэх тал/ үнэлэгдсэн ба уг кабель утсыг биет байдлаар нь буцаан өгсөн тул шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Б.*******ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР