Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0308/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Г-н Г-д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2022 оны ..... дугаар сарын .....-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Г-н Г /РД:...../, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр ..... аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... оюутан, ам бүл ........., .........хамт ......... аймаг, ...... сум, ..... баг, ....... ...... тоотод оршин суух,

Урьд ..... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай

Шүүгдэгч Г.Г нь ..... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэр Автовокзал орчмоос К.А-н гээгдүүлсэн эд хөрөнгө болох Самсунг А-52 маркийн гар утсыг олж аван бусдын өмчлөл, эзэмшилд байгааг нь мэдсээр байж завшиж 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Г-н өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчтай 500,000 төгрөгөөр торгох ял тохиролцсон  гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтад:

2022 оны ..... дугаар сарын .....-ний өдрийн: хохирогч К.А-с гар утас зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-12/

 

2022 оны .... дүгээр сарын .....-ны өдрийн: Г.Г-с Самсунг А-52 маркийн гар утсыг хураан авсан  тэмдэглэл /хх-ийн 15/

 

2022 оны .... дүгээр сарын .....-ны өдрийн: Самсунг А-52 маркийн гар утсыг хохирогч К.А-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16/

 

Хохирогч К.А-н өгсөн: Би гар 20... оны .... сарын .....-нд 15 цагийн орчим MBM зочид буудлын урдаас таксинд суугаад Авто вокзал хүргүүлсэн юм. Таксинаас буугаад Авто вокзал руу орж явахдаа утсаа үзтэл байхгүй байсан. Самсунг А-52  маркийн цэнхэр өнгөтэй утас байсан. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Мобиком компаниас лизингээр 999,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

Гэрч О.Т-ийн өгсөн: Чирдэг цүнх барьсан эмэгтэй МБМ зочид буудал орчмоос суугаад авто вокзал дээр буусан. Миний машинд гар утсаа үлдээсэн эсэхийг би мэдээгүй. Ингээд би дараа дараагийн хүнээ замаасаа аваад буух газар нь хүргэж өгсөн. Миний машинд ямар нэгэн гар утас байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 21/

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны .... дугаар сарын .....-ны өдрийн: Самсунг А-52 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 650,000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/

 

Шүүгдэгч Г.Г-н яллагдагчаар өгсөн: Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. 20.... оны .... дугаар сарын ....-ний орой .... цагийн үед Дархан сумын ....дугаар баг МБМ-ийн байрны ойролцоо урд төв замаас таксинд суух гээд хүмүүсийн таксинд суудаг газар ганцаараа зогсож байсан чинь зам дээр Самсунг А-52 маркийн гар утас байсан. Тухайн гар утсыг авахад унтарчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45, 47/, Мобиком корпораци ХХК-ийн албан бичиг /хх-39/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 20.... оны .... дугаар сарын ....-ний өдөр .... аймгийн .... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр MBM зочид буудал орчим К.А-н гээгдүүлсэн 650,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-52 маркийн гар утсыг олж авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Г.Г-н үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн эзэмшилд авч бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.А-д 650,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч К.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох “гар утсаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл -ийн 16, 80/ -ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урд 1 удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Г.Г нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжтой талаараа мэдүүлж байх тул түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ИХТАМИР