Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1067

 

                                                                                                                       

           

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий    шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: М.Ц-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Ж-М-д  холбогдох 
350.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн М.Ц, хариуцагч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 5-р сард 10 үнээ, 1 бух зарахаар Ж.Б-тэй гэрээ хийсэн. Гэрээнд 1 үнээг 900.000, бухыг 1.000.000, бүгд 10.000.000 төгрөгөнд өгөх болоод надад 4.750.000 төгрөг шилжүүлж, 6-р сард үнээ 4, бух 1-ийг 4.600.000 төгрөгт тооцож өгөөд 650.000 төгрөг гэрээний хугацаанд өгөх болсон. Энэ мөнгөнөөс 2018 оны 05 сард авгай Мгийн хамт Б Сувд буудлын үүдэнд нэхүүлэн байж 300.000 төгрөг өгөөд үлдэх 350.000 төгрөгийг хоёулаа удахгүй өгнө гээд явсан. Гэтэл нөхөр Ж.Б нас барсан гэж дуулдсан. Нилээн хугацааны дараа авгай М-с 350.000 төгрөгийг өгөөч гэхэд урдаас үхэр чинь үхсэн өгөхгүй гэх юм ярьж байв. Иймд хуулийн дагуу авгай Мгаас 350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 
Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа:   Миний нөхөр Ж овогтой Б нь 2018 оны 05 сарын 23-нд нас барсан. Иргэн Ц гуайтай 2017 оны 06 сард саалийн үнээний наймаа хийсэн. Гэвч Ц гуай нэг үнээгээ одоо тугаллана гээд сувай үнээ өгсөн учир тэр жил манайх тугал ч үгүй, сааль ч үгүй хохирсон. Ингээд 650.000 төгрөг өгөх байснаас 300.000 төгрөг өгөөд 350.000 төгрөгийг өгөөгүй. Өөрт нь бид 2 хоёулаа хэлсэн. Одоо би энэ хүний хохирлыг барагдуулж өгч чадахгүй. Учир нь би 2 банкны зээлтэй, бас оюутан хүүхэдтэй ганц хүний орлого хаа ч үгүй байна. Миний нөхөр 2018 оны 01 сарын 03-нд ХААН банкнаас зээл аваад Ц гуайн 300.000 төгрөгийг 1 сард өгөхдөө та үнэхээр сайн мал өгсөн бол би таны мөнгийг өгөлгүй яахав, хөгшин хүн байж хүн хуурч сувай үнээ өгсөн гэдгээ хэлсэн гэжээ.
Нэхэмжлэгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б тэй 2017 оны 05 дугаар сард 10 үнээ, 1 бух өгөхөөр наймаа хийсэн. Нэг үнээг 900.000 төгрөгөөр, бухаа 1.000.000 төгрөгөөр нийт 10.000.000 төгрөг авахаар тохирсон.  650.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. 650.000 төгрөгөө өгнө гэж байсан. М 1 үнээ чинь тугаллаагүй гэсэн. Би гэрээнд үнээ, бухаар наймаа хийсэн учир 650.000 төгрөгөө нэхсэн. Сувд сувиллын урд 300.000 төгрөгийг өгөөд, үлдсэн 350.000 төгрөгийг дараа нь өгнө гэсэн. Б нас барсан. Одоо 350.000 төгрөгөө нэхэмжилж байна. Бид гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Хэрэв үнээ тугаллаагүй гээд авчирч өгсөн бол би буцааж авах л байсан. Гэрээнд үнээ, бухны талаар муу, сайн зүйл ярихгүй гэж бичсэн байгаа. Үхрийг Бтэй ярьж худалдсан. Б нь М-ийн гэр бүлийн хүн нь учир М-гаас 350.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв. 
Хариуцагч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц гуай манай нөхөр хоёр наймаа хийж хоорондоо тохиролцсон. Манайх саалийн үнээгээ сааж сүүгээ борлуулдаг. Тэрийгээ зарж хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрт нэмэрлэдэг байсан. Манайх саалийн чиглэлийн үнээ авна гэж ярихад Ц гуай үнээ өгсөн. Манай нөхөр Ц гуайд “та яаж байгаа юм бэ? сувай үнээ өгсөн байна, би үлдэгдэл 350.000 төгрөгийг чинь өгч чадахгүй” гэж хэлж байсан. Манай нөхөр нас барсан. Би одоо хоёр банкны зээл төлдөг. Төлбөрийн чадвар байхгүй, энэ мөнгийг төлж чадахгүй. Би Ц гуайтай үхрийн наймаа хийгээгүй, манай нөхөр хийсэн. Ноднин 1 сард банкнаас зээл авчихаад Ц гуайн мөнгийг өгч дуусгая гээд нөхөртэйгөө би хамт явж байхад Сувд сувиллын хажууд Ц гуайд нөхөр маань 300.000 төгрөг өгөөд, би таньд 350.000 төгрөг өгч чадахгүй, та надад сувай үнээ өгсөн гэж хэлж байсан гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ НЬ:
 
Нэхэмжлэгч М.Ц хариуцагч Ж.М-гаас үхрийн үнэ 350.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 
          Хавтаст хэрэгт М.Ц, Ж.Б нарын байгуулсан үнээ, бух худалдаж, худалдан авсан тухай бичгээр байгуулагдсан гэрээг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгчээ. 
Нэхэмжлэгч М.Ц хариуцагч Б-д худалдсан үхрийн үнийн үлдэгдэл 350.000 төгрөгийг Ж.М-гаас нэхэмжилж байх ба Б нь нас барсан, тэрээр Ж.Мгийн нөхөр гэдэгтэй талууд маргаагүй. 
 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ц “үхрийг Б-тэй ярьж худалдсан. Б М-ийн гэр бүлийн хүн нь учир М-аас 350.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж, хариуцагч Ж.М “Би Ц гуайтай үхрийн наймаа хийгээгүй, манай нөхөр хийсэн. Ноднин 1 сард банкнаас зээл авчихаад нөхөртэйгөө би хамт явж байхад Сувд сувиллын хажууд Ц гуайд нөхөр маань 300.000 төгрөг өгөөд, би таньд 350.000 төгрөг өгч чадахгүй, та надад сувай үнээ өгсөн гэж хэлж байсан” гэж тайлбарлаж байна. 
Хэдийгээр Ж.М нь Б-ийн эхнэр гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “өв хүлээн авсан өвлөгч ... өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу нас барагч Б-өөс өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр Ж.М нь Б-ийн үүргийг хүлээнэ.  
Өвлүүлэгчийн /нас барагчийн/ эд хөрөнгө, эрх хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөгдөхөөр, өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ авч өвлөгдөх хөрөнгийг хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцохоор хуульд заасан. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.
Нотолгооны дарааллын хувьд нэхэмжлэгч М.Ц нь Б-тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг 350.000 төгрөгийг Ж.Мд ямар үндэслэлээр хариуцуулж буйгаа нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч М.Ц нь Ж.М-г Б-өөс эд хөрөнгө өвлөн авсан эсэх, Ж.М нь үхрийн үнэ 350.000 төгрөгийг нас барагчийн эд хөрөнгөөр хариуцах байсан гэдгийг нотлох баримтаар нотолж чадахгүй байна. 
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар хариуцагч Ж.М-гаас 350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч М.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ц-т нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх үүрэг болон журмыг тайлбарлан өгч, нотлох баримт гаргаж өгөх эсэх, шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх эсэхийг тодруулсан боловч тэрээр нотлох баримт гаргаж өгөх болон бүрдүүлүүлэх хүсэлтгүй гэдгээ илэрхийлсэн болно. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон


ТОГТООХ нь: 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар хариуцагч Ж.М-гаас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч М.Цийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.150 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
 
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулж, Архангай аймгийн Эрүү, Иргэний шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 


                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА