Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/1057/З |
Дугаар | 221/МА2024/0449 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0449
2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2024/0449 | Улаанбаатар хот |
О ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0280 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч О ХХК
Хариуцагч НЗД
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, Х.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/1057/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0280 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дүгээр захирамж \Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай\-ийн хавсралтын 85-д эрэмбэлэгдсэн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах тоосгон гарааш буулгах, газар чөлөөлөх тухай заалт хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн газар дээр ашиглагдаж байсан О ХХК-ийн өмчлөлийн автомашины тоосгон 20 ширхэг авто гараашны үнэ 300,000,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг нисэхэд 300 метр квадрат газрыг ашиглах эрхийг баталгаажуулан, гэрээ байгуулж, гэрчилгээ авсны үндсэн дээр сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлийн мөнгөөр тухайн газар дээр тоосгоор 20 ширхэг гараашийг барихдаа хучилтын хавтангаар дээвэрлэн багагүй зардлаар барьж байгуулан бусдад түрээслүүлэх журмаар ашиглаж байсан байдаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дугаар захирамжаар дээрх 20 ширхэг гараашийг буулгахаар шийдвэрлэсэн нь О ХХК-ийн ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байтал Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-д заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 26.1, 26.2-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж сонсох ажиллагаа явуулаагүйгээс О ХХК-ийн захирал Д.О тухайн гараашуудыг буулгаад газрыг тэгшилсэн хойно нь мэдсэн байдаг. 20 ширхэг гарааш нь 20 өөр хүн төрөл бүрийн контейнер, ёмкост гэх мэтчилэн эгнүүлээд тавьсантай адилгүй билээ. Газрын тухай хуулийн 3.1.5 дахь зохицуулалтаас үзэхэд тухайн газрыг чөлөөлөх асуудлыг хууль бусаар эзэмшиж байгаа этгээдэд нь мэдэгдснээр чөлөөлөх асуудал хэрэгжих бөгөөд хэрэв О ХХК-д мэдэгдсэн бол 20 ширхэг гараашаа буулган цаашид ашиглаж болох зохих хэмжээний үнэ бүхий материалаа авч ашиглах боломжтой байсан.
Мөн анхан шатны шүүх шийдвэртээ Газрын тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус тэмдэглэсэн хэр нь хуульд заасан дээрх ажиллагаанууд явагдалгүйгээр О ХХК-ийн өмчлөлийн 20 ширхэг автомашины тоосгон гараашийг буулгаж газрыг чөлөөлөхтухай шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дугаар захирамж хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
2.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны шүүх гүйцэтгэдэг бөгөөд маргаан бүхий акт хуулийн шаардлагыг хангаж гарсан эсэх, хэрэгжихдээ холбогдох хуулийн заалтуудын дагуу хэрэгжсэн эсэх, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаарх асуудлыг бүрэн тодруулж дүгнэлт өгсөнгүй. Хэдийгээр газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон байсан ч тэр газар дээр салгаж үл болохоор бэхлэгдсэн бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д заасанчлан тухайн газрын үндсэн бүрдэл хэсэг болсон О ХХК-ийн өмч болох 300,000,000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг гарааш устгагдаж үгүй болсон байхад түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд захиргааны байгууллагын буруутай үйлдэл байсан эсэх асуудлыг шалган тогтоож дүгнэлт өгөөгүй нь нэг талыг барьсан шийдвэр боллоо. Дээрх нөхцөл байдлуудыг анхааран шалгаж нотлох ажиллагааг гүйцэтгэсэн нөхцөлд анхан шатны шүүхийн шийдюэрт нөлөөлөхүйц дүгнэлтэд хүрэх байсан болов уу гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0280 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.1.4 дэх заалтуудыг үндэслэн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч О ХХК нь НЗДд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн /хавсралтад 85-д/, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах тоосгон гарааш буулгах, газар чөлөөлөх тухай заалт хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн газар дээр ашиглагдаж байсан О ХХК-ийн өмчлөлийн автомашины тоосгон 20 ширхэг авто гараашны үнэ 300,000,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Анхан шатны шүүх ... Уг газар ашиглах эрхийн хугацаа дууссан, сунгагдаагүй үйл баримтад талууд маргаагүй болно. Газрын тухай хуулийн 27.1, 27.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтуудаас үзэхэд газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн тохиолдолд Засаг дарга нь газрыг чөлөөлөх арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна. ... Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд тухайн гараашны доорх газрыг эзэмших ашиглах эрх хамгаалагдахгүй. ... А/*** дүгээр захирамж хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ... гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч нь Нисэхэд 300 метр квадрат газрыг ашиглах эрхийг баталгаажуулан, гэрээ байгуулж, гэрчилгээ авсны үндсэн дээр сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлийн мөнгөөр тухайн газар дээр тоосгоор 20 ширхэг гараашийг барихдаа хучилтын хавтангаар дээвэрлэн багагүй зардлаар барьж байгуулан бусдад түрээслүүлэх журмаар ашиглаж байсан байдаг. Үүнийг дурдаж байгаагийн учир нь тоосгоор барьж хучилтын хавтангаар дээвэрлэсэн 20 ширхэг автомашины гарааш нь түр барилга байгууламж биш бөгөөд цаашид улам боловсронгуй болгон өөрчилж, нийслэл хотын өнгө үзэмжид нийцүүлэхээр зорьж хөрөнгө оруулагчтайгаа гэрээ хэлцэл хийж байсан. Монгол улсын Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д заасанчлан тухайн газрын үндсэн бүрдэл хэсэг болсон О ХХК-ийн өмч болох 300,000,000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг гарааш устгагдаж үгүй болсон байхад түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд захиргааны байгууллагын буруутай үйлдэл байсан эсэх асуудлыг шалган тогтоож дүгнэлт өгөөгүй нь нэг талыг барьсан шийдвэр боллоо. гэжээ.
4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгч О ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 300 метр квадрат газрыг 4 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж 8027-0030 дугаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ байгуулжээ. Уг гэрээг байгуулснаас хойш газар ашиглах эрхийн хугацаа дууссан боловч сунгуулах хүсэлт гаргаагүй, энэ талаар талууд маргаагүй байна.
4.2. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу сунгуулаагүй байх тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон этгээдийн хувьд газар эзэмшиж, тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгийг ашиглах эрхгүй.
4.3. Учир нь Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно. гэж зааснаар тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгийг ашиглах эрхгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дүгээр захирамжаар газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
4.4. Иймд уг захирамж нь хууль зөрчөөгүй байх тул хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол 20 ширхэг тоосгон гараашны үнэ 300,0 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.
5. Мөн нэхэмжлэгч болон өмгөөлөгч давж заалдах гомдлоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийг зөрчсөн, өөрсдөө буулгаж авсан бол дахин ашиглах боломжтой хавтангууд, 20 ширхэг гараашны төмөр хаалга гэх мэтийг бид авах байсан, энэ талаарх хохирлыг ч мөн нэхэмжилж байгаа гэжээ.
5.1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. гэж заажээ.
5.2. Энэ зохицуулалт нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/*** дүгээр захирамжийг хэрэгжүүлж газрыг чөлөөлөх захиргааны үйл ажиллагаа /үйлдэл/-тай холбоотой байх тул захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны алдаа нь тухайн захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
5.3. Харин тухайн чөлөөлөх үйл ажиллагаанаас учирсан хохиролтой холбоотой гомдол нь энэхүү НЗДд холбогдуулан гаргасан А/*** дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгож, уг хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол гаргуулахаар маргаж буй нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хариуцагч НЗД нь өөрөө энэхүү үйл ажиллагааг явуулаагүй байх тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн захирамжийг хэрэгжүүлж газрыг чөлөөлсөн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэлийг зохих журмаар гаргах эрхтэй.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч дээр дурдсан Газрын тухай хуулийн зарим зохицуулалтыг баримтлаагүй нь буруу байх тул шийдвэрт нэмж, өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0280 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 27.4 гэсний дараа 39 дүгээр зүйлийн 39.1.1, 47 дугаар зүйлийн 47.1 ... гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О ХХК-ийн өмгөөлөгч Х.Огийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ