Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Ж.Очирбат

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Ц.Гантулга нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гантулгад холбогдох эрүүгийн  201612000105 тоот хэргийг  2016 оны 10 сарын 26-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч:  Монгол  Улсын  иргэн, 1971 оны 7 сарын 15-ны өдөр  төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 6-р баг, Эрчимийн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай Зуут овгийн Цэгмидийн Гантулга /РД:ЗЮ71071570/,

            Шүүгдэгч Ц.Гантулга нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, ашиг олох зорилгоор, 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах 17 дугаар байрны фодволын цонхоор хууль бусаар нэвтэрч иргэн А.Уранчимэгийн 20 мм-ийн хаалт 10 ширхэг, 25 мм-ийн хаалт 20 ширхэг, шалны халаалтын коллектор 7 ширхэгийг хулгайлж, 1.062.000 /нэг сая жаран хоёр мянган/ төгрөгийг хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутагт байрлах 17 дугаар байрны фодволын цонхоор хууль бусаар нэвтэрч иргэн А.Уранчимэгийн 10 литрийн тосол 2 сав, шалны халаалтын шүүр 1 ширхэг, пускателийн хайрцаг 2 ширхэгийг хулгайлж 74.000 / далан дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулж, нийт 1.136.000 / нэг сая нэг  зуун  гучин зургаан мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 5 сарын 3-ны өдөр Боржигоноос төв рүү явж байгаад 17-р байрны цонх онгорхой байхаар нь хартал барилгын материал байсан. Ороод шалны халаалтын коллектор 7 ширхэг, 20 мм-ийн хаалт 10 ширхэг, 25-ийн хаалт 20 ширхэгийг авсан. 5 сарын 26-нд цонх нь онгорхой байхаар нь дахиж ороод 10 литрийн тосол 2 ширхэг, халаалтын шүүр 1 ширхэг, пускателийн хайрцаг 2 ширхэгийг авсан. Фускателийн 2 ширхэг хайрцаг, шалны халаатын  шүүр зэргийг Цэндбаатар байцаагчид хураалгасан. Авсан эд зүйлээ Гүррагчаагаар заруулсан. Гүррагчаад хулгайн эд  зүйл  гэдгийг  хэлээгүй, түүнд мөнгө өгөөгүй, манай ахын барилга дээрээс үлдсэн зүйл гэж  хэлсэн. Хийсэн  хэрэгтээ  гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв. 

2. Хохирогч А.Уранчимэгийн  “...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хулгай орж барилгын материал дутсан байна гэдгийг мэдээд тооцоо гаргахад ахуйн тосол 20 литр, сангийн 20 мм-ийн  хаалт 10 ширхэг, сангийн 25 мм-ийн хаалт 20 ширхэг пускателийн хайрцаг 2 ширхэг, шалны халаалтын коллектер 7 ширхэг, шалны халаалтын шүүр 1 ширхэгийг тус тус алдсан тооцоо гарсан...Гражийн түрхүүр ганц надад байдаг өөр хүнд байхгүй. Түлхүүр мөн давхар удирдлагатай. Өөр хүнд түлхүүрээ өгсөн тохиолдол байхгүй. Өмнө  нь 2016 оны 5 сарын 3-ны өдрийн 12 цагийн үед манай Сайнцагаан сумын 7 дугаар баг 17 дугаар байрны доод талд байх фодволын 3 цонхны голын цонх онгорхой байхаар нь ороод барилгын материалаа тоолж үзтэл 20 мм-ийн хаалт 10 ширхэг, 25 мм-ийн хаалт 20 ширхэг, 4 кранттай хаалт 7 ширхэг дутсан байсан. Хохирлоо нэхэмжилж байна” гэх  мэдүүлэг /хх-ийн 22-24/

            3. Л.Банзрагчийн гэрч болон иргэний  нэхэмжлэгчээр өгсөн  “...2016 оны 5 сард Гүрээ гэх хүн манай дэлгүүрт орж ирээд 20 мм-ийн хаалт авах уу гэсэн...би худалдаж явсан 25000 төгрөг Гүрээ гэх хүнд өгсөн...Ганцаараа орж ирсэн, манай найз барилга дээр ажиллаж байгаад үлдсэн хаалт байгаа юм гэж хэлсэн...Гомдол санал, нэхэмжлэх зүйл  байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 31-32-рт/

4. Г.Уянгын гэрч  болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн  “...2016 оны 5 сарын эхээр байх Мандал хүрээ дэлгүүрт нэг танихгүй хүн орж ирээд 15 ба 20 мм-ийн хаалт байна авах уу гэж надаас асуусан. Би 20 мм-ийн хаалт тус бүрийг нь 2000 төгрөгөөр худалдаж авсан...4000 төгрөг өгөөд гаргасан...Нэхэмжлэх зүйл  байхгүй ” гэх мэдүүлэг  /хх-ийн 25, 34-35-рт/

5. Б.Наранцацралын иргэний  нэхэмжлэгч болон  гэрчээр өгсөн  “...2016 оны 5 сард байх нэг таяг тулсан хазгар хүн орж ирээд сангийн зүйл авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би 20 мм-ийн хаалт 20 ширхэгийг худалдаж аваад тэр хүнд 60.000 төгрөг өгөөд явуулсан...Тэр хүн ганцаараа орж ирсэн.. Тэр  хүнд өгсөн  60.000 төгрөгөө  нэхэмжилж байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 26, 35-36-рт/

6. Гэрч Д.Доржцэвээний  “2016.5.26-ны  өдөр 16-22 цагийн  хооронд 5,6-р чиглэл  буюу  Боржигоны  ойролцоо  эргүүлтэй  явж  байтал  16 цаг  өнгөрч  байхад Гантулга  МТ клонкийн  урд  талд 10 литрийн  ногоон  өнгөтэй  2 сав  тосол бариад  явж  байхаар  нь  чи  наадхаа  хаанаас  авсан  юм  бэ  гэж  асуухад манай  таньдаг  хүн  клонкод  хүргээд өгчих  гэсэн юм  гээд  бариад  явж  байсан.  Тэгээд орой  18 цаг  өнгөрч  байхад Гантулга  Говийн  тэнгэрийн  хойно  байдаг  ногоон  байрны  урд  талд фускателийн  хайрцаг, сангийн  крант зэрэг  барилгын  материалын  эд  зүйл   бариад  явж  байхаар  нь  хаанаас авсан  юм  бэ  гэж  асуухад  миниих  юм  чинь  чамд ямар  хамаатай юм  бэ  гэсэн. Тэгээд  би  Гантулгыг  шалгана  гэж  хэлээд, дагуулаад Говийн  тэнгэрийн  барилга  хариуцсан  ажилтан  Уранчимэг гэх  хүнтэй  уулзаад танайд ийм  барилгын материалын эд зүйл байгаа  юу  гэж  асуухад  байдаг  гэж  хэлээд 17-р байрны  доод  талын  фодвалаа  онгойлгоод үзтэл, дотор байсан  эд  зүйл  байхгүй  байна  гэж хэлсэн” гэх  мэдүүлэг /хх-ийн 29-рт/

7. Гэрч  Б.Гүррагчаагийн  “2016 оны 5 сарын  эхээр Гантулга  над дээр 1 хайрцаг 10 ширхэгтэй 20 мм-ийн  хаалт аваад ирсэн. Тэгээд намайг  зараад  өгөөч, манай  ахын  барилга  дээр ажиллаж  байгаад  үлдсэн  зүйл  байгаа  юм  гэж  хэлсэн. Тэгээд  би 10 ширхэг  20 мм-ийн  хаалтыг  Замбага  дэлгүүрийн  худалдагчид 25.000 төгрөгөөр  зараад Гантулгад бүх  мөнгөө  өгсөн.  Тэгээд  дараа нь  ахиад  5 сарын 10-ны  үеэр байх аа Гантулга  ирээд  энэ  юм бас  үлдчихсэн  байна гээд 7 ширхэг, 4 кранттай  саарал өнгийн  шалны  халаатын  коллектор авч ирсэн. Тэр  зүйлээ залуучууд гуанзанд Туул  гэх  худалдагчид 1 ширхэгийг  нь 5000 төгрөгөөр бодож зараад, 35.000 төгрөг аваад Гантулгад өгсөн. Дараа  нь 2016 оны 5 сарын 20-ны  өдөр 10 цагийн  үед Гантулга  ахиж ирээд  ахын барилгын хогыг нь цэвэрлэж  байгаад  ирлээ, үлдсэн  зүйл  нь энэ  байна  гээд 20 ширхэг  хаалт бариад ирсэн. Тэр хаалтуудыг нь цоглог  дэлгүүрийн  урд талын барилгын  материалын  дэлгүүрт 1 ширхэгийг  нь 3000 төгрөгөөр бодож 60.000 төгрөгөөр  зараад Гантулгад бүх мөнгөө өгсөн. Хулгайн зүйл  гэдгийг  нь мэдээгүй. Ахын  барилга  дээрээс үлдсэн  зүйл  гэж  Гантулга хэлж байсан. Би огт мөнгө  авч байгаагүй. Би дэлгүүрүүдэд зарахдаа дандаа иргэний  үнэмлэхээ үзүүлж хэн гэдгээ  хэлээд зарж өгсөн” гэх  мэдүүлэг /хх-ийн 33-рт

8. Хэрэг  учралын  газар  үзлэг  хийсэн  тэмдэглэл, гэрэл  зураг  /хх-ийн 4-7/

9. Мэдүүлгийг  газар  дээр  нь  шалгасан  тэмдэглэл, гэрэл  зургууд  /хх-ийн 12-17/

10. Үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-20/

11. Хэрэгт цугларсан  бусад бичгийн  баримтууд  зэргийг  судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ц.Гантулга нь 2016 оны 5 сарын  3,  26-ны  өдрүүдэд давтан үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р  багт байрлах 17-р байрны фодвалаас эд зүйл хулгайлж иргэн А.Уранчимэгт 1.136.000 төгрөгийн  хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч  Ц.Гантулгыг  давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд  хөрөнгийг  хулгайлах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн  хувийн  байдлыг  харгалзан  түүнд  эд  хөрөнгө  хураах нэмэгдэл ял  хэрэглэх  шаардлагагүй  гэж  шүүх  үзлээ.

Шүүгдэгч  Ц.Гантулга  нь Дундговь  аймаг  дахь Сум дундын  шүүхийн  2008 оны 8 сарын  12-ны  өдрийн  54 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын  баривчлах  ялаар, мөн  тус  шүүхийн 2010 оны 11 сарын  18-ны  өдрийн 63 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө  хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар  шийтгүүлж, уг ялаа  эдэлж 2011 оны 1 сарын  21-ний  өдөр ялын  хугацаа  дуусч суллагдсан  болох  нь  хэрэгт  авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, Дундговь аймаг дахь Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  албаны 2011.02.21-ний  өдрийн 03 тоот албан  бичиг  зэргээр  тогтоогдож  байна.

Эрүүгийн  хуулийн  78 дугаар  зүйлийн  78.2.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч  Ц.Гантулга  нь  хүндэвтэр гэмт  хэрэгт ял  шийтгүүлж, үндсэн  болон нэмэгдэл ялаа  эдэлж дууссанаас  хойш 5 жилийн  дотор   шинээр гэмт хэрэг  үйлдээгүй  байх  тул  түүний   ялтай  байдал  арилсан  гэж  үзнэ.

Шүүгдэгч Ц.Гантулгын үйлдсэн  гэмт хэрэгт ял  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.

            Энэ хэргийн  улмаас  шүүгдэгч  Ц.Гантулга  нь нийт 82 хоног цагдан хоригдсон байх  тул уг хугацааг Эрүүгийн  хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний  ял эдэлсэн  хугацаанд нь оруулан  тооцохоор шийдвэрлэлээ.

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Г.Уянгаас 20 мм-ийн хаалт 2ш, иргэний нэхэмжлэгч Б.Наранцацралаас 20 мм-ийн  хаалт 1 ш, 25 мм-ийн  хаалт 20 ширхэгийг, шүүгдэгч Ц.Гантулгаас фускателийн хайрцаг 2, шалны халаалтын шүүр 1 ширхэгийг тус тус хураан  авч хохирогч А.Уранчимэгт хүлээлгэн өгсөн байх тул 215.400 төгрөгийн хохирол төлөгдсөн  байна гэж  үзлээ.

            Иймд шүүгдэгч Ц.Гантулгаас хулгайлагдсан  бусад  эд  зүйлийн үнэ 916.600 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Наранцацрал хулгайлагдсан эд зүйлийг худалдан авсан үнэ болох 60.000 төгрөг буюу нийт 976.600 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй  байна.

            Гэмт хэргийг шалгах  явцад Цагдаагийн  байгууллагын  ажилтнууд Ц.Гантулгаас эд  зүйл  хураан  авахдаа  тэмдэглэл  үйлдэлгүйгээр хураан  авсан байна.  Иймд энэ   зөрчлийг дахин  гаргахгүй  байхыг  анхааруулах нь  зүйтэй  гэж  үзэв.

            Энэ хэрэгт  эд  мөрийн баримтаар  хураагдсан  болон  битүүмжлэгдсэн  эд  зүйлгүй болохыг  дурдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 297, 298, 299, 301, 303-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зуут овгийн Цэгмидийн Гантулгыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт  хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантулгад эд хөрөнгө хураагүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантулгад оногдуулсан баривчлах ялыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах ял эдлүүлэх байранд эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантулгын цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантулгаас 976.600  /есөн зуун далан зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Уранчимэгт 916.600 /есөн зуун арван зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Наранцацралд 60.000 / жаран мянган/ төгрөгийг тус тус олгосугай.  

7. Шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гантулгад урьд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах шатны шүүхэд  гомдол  гаргах, улсын яллагч, дээд  шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ