Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0572

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: У газар

Гуравдагч этгээд: Ө ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: У газраас Ө ХХК-д олгосон 2011 оны 515/11 тоот техникийн нөхцөлд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, 2011 оны 515/11 тоот техникийн нөхцөлийн дагуу Ө ХХК-ийн бохирын шугамыг холбохыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б дүүргийн 16 дугаар хороо, Да хүрээ гудамж, 63/3,4 тоот хаягт байрлах манай компанийн үйлдвэрийн хашаанд байрлах бохирын худагт бөглөрөл үүсэж байж болзошгүй хэмээн Ө ХХК К ХХК-ийн ажилчид 2016 оны 01 дүгээр сард 2*15 метрийн нүх ухсан ба түүнийгээ битүүлээгүй.

Үүнээс шалтгаалан бид засвар үйлчилгээ болон тохижилтын ажлаа хийж чадахгүй удааширсаар байгаа ба тухайн хоёр компани болон У газарт удаа дараа албан бичгээр шаардлага тавиж байсан боловч шаардлагыг биелүүлэхгүй байсаар өнөөг хүрлээ.

Учрыг лавлан үзвэл Ө ХХК нь 2011 оны 515/11 тоот техникийн нөхцөлийн дагуу манай компанийн хашааны гадуур явсан ф400 мм-ийн бохир ус цуглуулах шугамд холболт хийхээр байсан байна. Гэтэл тэд 2012 оны 10 дугаар сард холболтын цэгийг өөрчлөн, манай үйлдвэрийн хашаанд байх ф200 мм-ийн шугаманд холбосноос шугам ачааллаа дийлэхгүй бохирын худаг бөглөрсөн байна.

Дээрх зөрчлийг арилгуулахаар 2018.06.14-нд У-ын дарга Ц.Т-д бичиг явуулсан ч зөрчил арилахгүй байх тул шүүхэд хандах эрх үүссэн хэмээн үзсэн ба Ө ХХК нь тус газрын эзэмшигчтэй зөвшилцөлгүйгээр ажлын зургийг өөрчлөн, У газраар батлуулсан нь хууль бус үйлдэл бөгөөд У газар нь анх олгосон техникийн нөхцлөө зөрчсөн шийдвэр гаргаснаар газар эзэмших эрхийг маань зөрчиж байх тул уг эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд бохирын шугамыг анхны техникийн нөхцөлийн дагуу буюу ф400 мм-ийн бохир ус цуглуулах шугамд холбохыг даалгуулж, уг шийдвэрийг хэрэгжүүлснээр газар эзэмших эрх маань сэргэнэ хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодорхойлж байна гэжээ.

Хариуцагч У газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, ХСУХАТАҮЗЗ-ийн 2016 оны 84 тоот тогтоолоор батлагдсан Ус хагамж ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журмыг үндэслэн 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс хуралдан хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгодог.

Техникийн нөхцөл олгогдсоны дараа тусгай зөвшөөрөлтэй зургийн компанийн хийж гүйцэтгэсэн тухайн хэрэглэгчийн цэвэр бохир усны шугамын холболт хийх зургийг хянаж баталгаажуулдаг бөгөөд үүнд техникийн нөхцөл хариуцсан инженер ажлын зургийг хянаж бичилт хийсний дараа комиссын дарга буюу байгууллагын ерөнхий инженер гарын үсэг зурж тэмдэг дараад ажлын зургийг баталгаажуулдаг.

Техникийн нөхцөл олгох комиссын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдах Ө ХХК-ийн орон сууц цэцэрлэгийн зориулалттай 2-10 давхар 8 барилгад төвийн цэвэр, бохир усны шугаманд холболт хийх 515/11 тоот техникийн нөхцлийг олгосон.

Манайхаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар хүргүүлэх тухай 3/2528 тоот албан бичигт тодорхой дурьдсанчлан хэрэглэгчээс гаргасан хүсэлт, бодит шалтгааныг харгалзаад 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бохир усны шугамын холболтыг өөрийнх нь хуучин Ф200мм-ийн шугаманд холбогдохоор ажлын зургийг зөвшөөрөлцсөн болно.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд шинээр баригдах Ө ХХК-ийн орон сууц болон цэцэрлэгийн зориулалттай 2-10 давхар 8 барилгад төвийн цэвэр, бохир усны шугаманд холбогдох 515/11 тоот техникийн нөхцлийг манай байгууллагаас 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлээд олгосон. Техникийн нөхцөлд бохир усны шугамын холболтыг төвийн /оросын гэх нэршилтэй/ Ф400мм-ийн гол цуглуулах шугамыг сэргээж холбохоор заасан.

Тухайн үед төвийн бохир усны оросын Ф400мм-ийн вааран шугам нь Улаанхуарангийн гурван өндөр буюу гурван 9 давхар угсармал барилгын зүүн талаар, авто замын баруун явсан трассын дагууд ялангуяа эргэлтийн хэсэгтээ шугамын ёроол хэсгээрээ хагарч гэмтсэн, эвдэрсэн, бараг ашиглалтгүй байсан болно.

Ингээд ажлын зургийн шатанд зургийн гүйцэтгэгч З ХХК-ийн хийсэн судалгаагаар Ө ХХК-ийн барилгын талбайд 1990-ээд оноос өмнө ашиглагдаж байсан хуучин Ф200мм-ийн шугам байгаа нь тодорхой болсон бөгөөд энэ шугамын материал чанарын хувьд сайнаараа байна гэсэн мэдээлэл өгсөн.

Тухайн үед Ө ХХК-иас бохир усны шугамын холболтыг баригдах барилгаас зүүн тийш БХИС-ийн баруун талын авто замын баруун талаар байрлалтай төвийн /оросын/ Ф400мм-ийн гол цуглуулах шугамыг сэргээгээд холбоход хүндрэлтэй байна гэсэн тодорхой бодит шалтгааныг тоочсон тайлбарыг өгч байсан. Үүнд Төвийн /оросын/ Ф400мм-ийн гол цуглуулах шугам нь баригдах барилгаас зай хэмжээний хувьд дэндүү хол, Төлөвлөж байгаа барилгаас тухайн шугам хүртэл бохир усны салбар шугамыг татахад трассын хувьд хүндрэлтэй, олон эзэмшигчийн түүнчлэн орон сууцны конторын харьяа эзэмшил газраар дайрах тул тэр болгонтой зөвшилцөж, тохиролцох боломжгүй, Эдийн засгийн талаасаа хэтэрхий их хөрөнгө шаардсан, Өөрийн эзэмшил газар дээрээ хуучны ч гэсэн бэлэн, чанартай Ф200мм-ийн шугам байгаа гэсэн.

Ингээд Ө ХХК-ийн талаас гаргасан дээрх бодит шалтгааныг харгалзан уг хэрэглэгчийн баригдах барилгуудын ажлын зурагт тооцоолж гаргаснаар хоногийн цэвэр усны нийт 1012,5мЗ хэрэглээнээс орон сууцны суугчдын хэрэглээнд ямар нэг шингээлт байхгүй мөн адил 1012,5мЗ бохир ус гарах бөгөөд тухайн хэрэглэгчийн өөрийн эзэмшил газраар явсан бохир усны Ф200мм-ийн шугаманд холбох боломжтой тул хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн 2012 онд дээрхи байдлаар ажлын зураг зөвшөөрөлцсөн байна.

Бохир усны горим тооцоонд Ф200мм-ийн шугамын хамгийн их зөвшөөрөгдөх зардал 1261 мЗ/хоног юм.

Тухайн үед Ө ХХК-ийн баригдах барилгуудаас дөнгөж эхний барилга баригдаж эхэлж байсан, хэрэглэгчийн эзэмшил газраар явсан Ф200мм-ийн шугаманд өөр холболттой хэрэглэгч байгаагүй, 16 дугаар хорооллын замын хойд талаар олон давхар орон сууцны барилгуудын барилгажилт эхлээгүй байсан учраас Ө ХХК-ийн бохир усны Ф200мм-ийн шугамын цаашлаад холбогдож байгаа төвийн бохир усны Сүүний үйлдвэрийн Ф250-400мм-ийн шугамын ачаалал харьцангуй бага байсан.

Ө ХХК-ийн эхний 50 айлын 10 давхар орон сууцны барилгыг ашиглалтанд өгөхдөө Манайх цаашдаа хотхон болох тул бохир усны шугам өргөтгөх, усан сан, насос суурилуулах ажлаа ирэх жилийн хавраас эхэлнэ гэсэн баталгааг албан бичгээр гаргаж өгсөн. Ингээд 2016 оноос нэхэмжлэгч А ХХК болон Ө ХХК-иудын хооронд бохир усны шугамын ашиглалтын талаар маргаан гарч эхэлсэн ба тухай бүрд нь манай байгууллагаас холбогдох ажилтнууд газар дээр нь очиж, нөхцөл байдлыг тодруулан судалж, шаардлагатай арга хэмжээг авч, хариу өгч ажиллаж байгаа.

Дээрх байршилд барилгажилт нэмэгдэхийн хирээр Ө ХХК-ны Ф200мм-ийн бохир усны шугаманд бөглөө үүсэх (энд Ө ХХК-ийн орон сууцны барилгуудын ашиглалтыг хариуцан ажиллаж байгаа К ХХК-иас бохир усны шугам сүлжээний угаалга цэвэрлэгээг тогтмол чанартай хийдэггүй, шугам сүлжээний ашиглалт, шугамын худгийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй зэрэг байдал бас нөлөөлдөг) асуудал гарсан ба Монном барилгын хашаагаар дайран гарсан бохир усны салбар шугамын хэсэгт Ө хотхоны зүгээс 2016 онд хийсэн шугамын засвар, үйлчилгээний ажлын үеэрээ ухсан нүх, талбайг одоо болтол дарж тэгшлээгүй, хэвийн байдалд оруулаагүй орхисон байгаа нь шугам сүлжээ удаа дараалан бөглөрөх, бохир халих, өвлийн улиралд хөлдөх зэргээр ашиглалтын шаардлагыг хангахгүй байх нөхцлийг үүсгэж байгаа. Тухай бүрт нь манай байгууллагаас Ө хотхон-ны ашиглалтыг хариуцан ажилладаг К ХХК-д албан бичгээр шаардлага хүргүүлдэг боловч өнөөдрийг хүртэл тодорхой ажил хийгдээгүй байна.

Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд төвийн бохир усны шугам сүлжээний ачаалал ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд тухайлбал 16 дугаар хороолол орчимд барилгажилт эрчимтэй явагдсан, өнгөрсөн зун хур бороо ихтэй байснаас хэрэглэгчид зам талбайн борооны ус болон барилгын техникийн давхрын хөрсний усыг бохир усны шугаманд зөвшөөрөлгүй нийлүүлдэг зэрэг нь шугам сүлжээний хэвийн ажиллагаа, бөглөө тунаа үүсэхэд нөлөөлдөг. Иймд манай байгууллагаас эхний ээлжинд Ө ХХК-ийн хүсэлтээр өөрийнх нь хуучин Ф200 мм-ийн шугамд холболт хийлгэсэн ч ашиглалтын явцад үүссэн нөхцөл байдлыг үндэслээд хамтарсан хурлаас гаргасан шийдвэрийн дагуу гэмтэл гарсан шугамаа сольж шинэчлэх шаардлагыг удаа дараалан хүргүүлээд байна гэжээ.

Гуравдагч этгээд Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /2002 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д хангагч гэж хэрэглэгчийг цэвэр усаар хангах, тэдгээрийн хэрэглээнээс гарах бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлэхээр заасан.

Тус хуулийн 6 дугаар зүйлд хангагчаас олгох техникийн нөхцөлийн шаардлагыг заасан бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.2-д Хангагч ... энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно гэж, 9.3-д Хангагч нь хэрэглэгчийн шугамаас дамжуулан шинээр хэрэглэгч холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгож болно гэж заасны дагуу У газар ОНӨААТҮГ нь Ө ХХК-д техникийн нөхцөл олгосон.

Өөрөөр хэлбэл, техникийн нөхцөл олгоход татгалзах шалтгаан байгаагүй, тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэлцээтэй байсан тул техникийн нөхцөл олгосон байна.

Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасан байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд орон сууцны барилга барьсан Ө ХХК нь бусдын эзэмшилд байгаа газраар инженерийн шугам татсан болно.

Дээрхээс үзэхэд Ө ХХК нь Газрын тухай хуульд зааснаар инженерийн шугам татах эрхтэй, У газар ОНӨААТҮГ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /2002 оны/-д зааснаар шаардлага хангасан хүсэлт ирүүлсэн, тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрч байгаа тохиолдолд татгалзах эрхгүйгээр техникийн нөхцөл олгох үүрэгтэй байсан байна.

Иймд У газар ОНӨААТҮГ нь хууль бусаар техникийн нөхцөл олгоогүй байх тул А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-иас У газарт холбогдуулан гаргасан У газраас Ө ХХК-д олгосон 2011 оны 515/11 тоот техникийн нөхцөлд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, 2011 оны 515/11 тоот техникийн нөхцөлийн дагуу Ө ХХК-ийн бохирын шугамыг холбохыг хариуцагчид даалгах  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

У газрын техникийн зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар шийдвэрлэсний дагуу Ө ХХК-ийн орон сууц, цэцэрлэгийн 2-10 давхар 8 барилгад 515/11 дүгээр техникийн нөхцөл олгожээ. Техникийн нөхцөлд бохир усны холболт хийх цэгийн байршилт, өндөржилт, шугамын диаметрийг төвийн Ф400мм-ийн /оросын/ бохир усны цуглуулах шугамыг сэргээж холболт хийхээр шийдвэрлэсэн байна.

Улмаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай (2002 оны) хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Хэрэглэгчийн техникийн нөхцөл өөрчлөгдвөл хангагч техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах буюу шинээр олгоно. гэж зааснаар 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бохир усны шугамын холболтыг хуучин Ф200 мм-ийн шугамд холбохоор зөвшөөрөлцсөн тул техникийн нөхцөлд заасныг өөрчлөн Ө ХХК-ийн орон сууц, цэцэрлэгийн барилгын бохир усны холболтыг нэхэмжлэгч А ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт байрлаж байсан Ф200 шугамд холбожээ.

У газрын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 515/11 дүгээр техникийн нөхцөлд бичгээр өөрчлөлт оруулаагүй боловч А ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт байрлаж байсан Ф200 шугам нь тус компанийг газар эзэмшиж эхлэхээс өмнө байсан шугам, сүлжээ бөгөөд эрх бүхий байгууллага нь татан зайлуулах боломжтой шугам холболт хийхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Мөн Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журамд зааснаар техникийн нөхцөл нь 2 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд олгосон техникийн нөхцөлийн дагуу шугам сүлжээг холбосноор тус техникийн нөхцөл хэрэгжиж дууссан гэж үзэх үндэслэлтэй, Ө ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Монгол хотхоны ахуйн хэрэгцээнээс гарах бохир усыг ф200 шугам татан зайлуулах боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин холболт хийснээс хойш үүссэн шугам бөглөрсөн гэх асуудал техникийн нөхцөл олгосноос шууд үүдэлтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна., 19.2-т Энэ хуулийн 19.1-д заасан барилга байгууламж, шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болно. гэж зааснаар тус шугам сүлжээг хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдтэй хамтран бөглөрөл үүссэн шалтгаан нөхцөлийг зөв тогтоож, шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх зэрэг асуудлыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай (2002 оны) хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А ХХК-иас У газарт холбогдуулан гаргасан У газраас Ө ХХК-д олгосон 2011 оны 515/11 тоот техникийн нөхцөлд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, 2011 оны 515/11 тоот техникийн нөхцөлийн дагуу Ө ХХК-ийн бохирын шугамыг холбохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН