| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0701/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/690 |
| Огноо | 2022-10-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Нандин-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Г.Бигэрмаа, нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Бигэрмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210015911057 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Бигэрмаа нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа тауны 204-43 тоотод хамаатан Л.Цэцэгмаагийн гэрт түр оршин суух хугацаандаа тухайн байрны унтлагын өрөөнд нь байх авдар дотроос 8,900 (найман мянга есөн зуу) америк долларыг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дагуу 27,848,100 (хорин долоон сая найман зуун дөчин найман мянга нэг зуу) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Бигэрмаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, “Ремакс” үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт борлуулалтын менежер ажил хийдэг, 1,200,000 төгрөгийн цалинтай, өмнө нь ажиллаж байсан, ороод 3 хонож байгаа. Хохирлыг төлж барагдуулсан...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Л.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2012 онд Америк улс руу явж ажиллаж амьдарч байгаад буцаад 2022 оны 07дугаар сарын 19-ны өдөр Монголд ирсэн. ...Манай охин Г.Сарнай хамаатны дүү Г.Бигэрмаатай хамт 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа таун 204-33 тоотод хамт хоноод маргааш нь Олон улсын Нисэх буудалд хамт очиж Америк улс руу Г.Сарнайг явахад нь гаргаж өгсөн. Гэхдээ манай охин гэрийнхээ түлхүүрийг Г.Бигэрмаад өгөөгүй, миний бодлоор манай хамаатны охин Г.Бигэрмаа нь хэн нэгэнд хэлэлгүй тус тоот хаалганы түлхүүрийг авч үлдсэн гэж бодож байгаа. ... Манай гэрт байдаг авдар нь ямар нэгэн цоожгүй байсан тул ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. ... Манай гэрийн авдарт нийт 12,000 доллар байсан бөгөөд намайг очиж үзэхэд 3,100 доллар үлдсэн, 8,900 доллар нь байгаагүй тул юу болсон талаар Г.Бигэрмаагаас асуухад надаас уучлалт гуйгаад би тус авдарт байсан доллароос 8,900 доллар авсан, үлдэгдэл доллар нь энэ байна гэж хэлээд надад бэлэн 2,000 доллар өгсөн. Үлдсэн 6,900 долларыг нь би сургуулийн төлбөртөө өгөхөөр Солонгос улс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Мөн Г.Бигэрмаагийн найз залуу болох Л.Өсөхбаяр танд өгүүлж байна гээд Г.Бигэрмаагийн төрсөн ээж /миний төрсөн эгчийн охин/ Ц.Гэрэлмаа нь надад бэлнээр 1,700,000 төгрөг авчирч өгсөн. ...Миний хувьд өөрийн хамаатны дүү болох Г.Бигэрмаагаас 3,500 доллар буюу мөнгөөр 11,000,000 төгрөг авсан тул үлдэгдэл 3.500 доллар буюу 11,000,000 төгрөг Г.Бигэрмаагийн найз залуу гэх Л.Өсөхбаяраас авах үлдэгдэлтэй байна. Л.Өсөхбаяраас авах 11,000,000 төгрөгөөс би 1,700,000 төгрөгийг нь авсан тул би 10,300,000 төгрөг авах дутуу байна...” /хавтас хэргийн 10-12 дахь тал/ гэсэн,
Гэрч Л.Өсөхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз охин Бигэрмаа анх надад хэлэхдээ манай эгч Америк улс руу явсан намайг гэр харж байгаарай гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн гэж хэлснээр бид хоёр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа тауны 204-43 тоотод 2022 оны 03 дугаар сарын сүүлээр амьдрах болсон. Энэ хугацаанд манай найз охин Бигэрмаа нь надад хэлэхдээ би сургуулийн тэтгэлэг 6,000 доллар авсан гэж хэлж байсан бөгөөд бид хоёр долларыг бага багаар Монгол мөнгөөр солиулж ойр зуурын хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Гэтэл манай найз охин Бигэрмаа надад хэлэхдээ манай эгч удахгүй Америк улсаас ирэх гэж байгаа, би гэрт нь байсан 8,900 доллар авч хэрэглээд дуусгасан. Мөн дээрх мөнгийг хоёулаа хамт үрсэн болохоор хамт хувааж төлье гэсэн. ...Манай найз охин Бигэрмаад хаалганы түлхүүр байсан бөгөөд надад хэлэхдээ манай эгч Америк улс руу явахдаа гэр харж бай гэж хэлээд надад гэрийнхээ түлхүүрийг өгсөн гэж хэлээд түлхүүрийг гаргаж ирээд хаалгыг нь онгойлгож орсон, бид хоёр 2022 оны 03 сарын сүүлээс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл амьдарсан. ...Найз охин Г.Бигэрмаа хэн нэгний мөнгийг хэлэлгүй авч байгаа талаар надад огт хэлээгүй, сургуулийн тэтгэлгийн мөнгө авсан гэж хэлдэг байсан, харин хүний мөнгө авъя гэж надад огт хэлж байгаагүй...” /хавтас хэргийн 16 дахь тал/ гэсэн,
Гэрч Л.Лхамнордов мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Л.Өсөхбаяр миний дунд хүү, дээрээсээ хоёр дахь хүүхэд болон 2003 оны 04 сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. ...Миний төрсөн хүү Л.Өсөхбаяр нь саяхнаас гэртээ Бигэрмаа гэдэг охин дагуулж ирээд надтай танилцуулсан бөгөөд найз эмэгтэй Бигэрмаа нь айлын гэр харж байгаа, найз охин Бигэрмаатай хамт байна гэж хэлээд 2022 оны 03 дугаар сарын сүүлээр гэртээ ирэхгүй, найз охин Бигэрмаатай хамт байсан. Гэтэл саяхан Бигэрмаагийн эгч гэх хүн надтай гар утсаар холбогдоод танай хүү Л.Өсөхбаяр нь манай дүү Бигэрмаатай хамт манай гэрээс 9,000 доллар авсан байна гэж хэлсэн, ...надаас нэхэмжилсэн 11,000,000 төгрөгийг нь бүрэн төлж барагдуулж дуусгасан...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.Бигэрмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нагац эгч Л.Цэцэгмаа 2 хүүхэдтэйгээ Америк улсад ажиллаж, амьдардаг, төрсөн охин Г.Сарнай 2022 оны 03 дугаар сарын эхээр Америк улсаас Монгол улсад ирж зуны амралтаараа амарч байгаад буцаад 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явсан. Би урд өдөр нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үеэл эгч Г.Сарнай эгчийн гэрт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Викториа тауны 204-43 тоотод хамт хоносон. Маргааш нь буюу 03 сарын 20-ны өглөө онгоцонд суулгаж өгөхөөр гэрээс нь гарахын өмнө зурагтын тавиур дээр нь гэрийнх нь илүү түлхүүр байхаар нь хэн нэгэнд хэлэлгүй нууцаар аваад халаасандаа хийгээд гэрээс нь гарахад Г.Сарнай эгч мэдээгүй. Бид хоёр хамт Хөшигтийн хөндийд байрлах шинэ Нисэх буудал руу явж үеэл эгч Г.Сарнай эгчийг Америк улс руу явах онгоцонд нь суулгаж өгчхөөд би найз залуу Л.Өсөхбаярын 95778044 дугаарын утас руу нь залгаад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа таун дээр уулзахаар тохиролцсон, уулзаад нагац эгч Л.Цэцэгмаагийн гэрт 204-43 тоотын гэрийн хаалгыг би хэн нэгний зөвшөөрөлгүй авсан түлхүүрээр нь түлхүүрдэн ороод тус тоотод 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл амьдарсан. Тус тоотод амьдарч байхдаа жижиг өрөөнд нь байдаг авдарт бэлэн их хэмжээний доллар байсныг нь би олоод хэн нэгэнд хэлэлгүй бага багаар авсаар байгаад нийт 8,900 доллар авсан, ...хамаатны эгч Л.Цэцэгмаа Америк улсаар Монгол улсад амьдрахаар 2022 оны 06 дугаар сард ирэх гэж байгааг би мэдээд хэн нэгний зөвшөөрөлгүй бэлэн доллар авсныг Өсөхбаярт хэлээд хамт төлөхийг гуйсан, ...8,900 доллароос 6,900 долларыг нь ...өөрийн хэрэглээнд зарцуулж дуусгасан, харин үлдсэн 2,000 долларыг би нагац эгч Л.Цэцэгмаад бэлнээр өгсөн. ...Миний найз залуу Л.Өсөхбаяр намайг сургуулийн тэтгэлэг авсан гэж ойлгодог байсан, ...би нагац эгч Л.Цэцэгмаад учирсан 6,900 долларын хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд 6,900 доллар нь Монгол төгрөгөөр тооцож үзэхэд 22,000,000 төгрөг болсныг би найз залуу Л.Өсөхбаяртай хувааж төлөхөөр тохиролцон нэг хүний 11,000,000 төгрөг болсныг аав ээж нараасаа авч Л.Цэцэгмаа эгчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ мэдүүлгүүд,
- Өргөдөл /хавтас хэргийн 7 дахь тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 65-67 дахь тал/,
- Мөрдөгчийн магадлагаа /хавтас хэргийн 62-64 дэх тал/,
- Хохирогч хохирлоо бүрэн барагдуулж авсан, хохиролгүй тухай хүсэлт /хавтас хэргийн 32, 84 дэх тал/,
- Шүүгдэгч Г.Бигэрмаагийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 34 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтас хэргийн 35 дахь тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт /хавтас хэргийн 36 дахь тал/, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК харилцагчийн дансны мэдээлэл /хавтас хэргийн 42 дахь тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хавтас хэргийн 44 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.Бигэрмаа нь 2022 оны 0 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа тауны 204-43 тоот хамаатан Л.Цэцэгмаагийн гэрт түр оршин суух хугацаандаа тухайн байрны унтлагын өрөөнд нь байх авдар дотроос 8,900 (найман мянга есөн зуу) долларыг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 27,848,100 (хорин долоон сая найман зуун дөчин найман мянга нэг зуу) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Цэцэгмаагийн “...Би 2012 онд Америк улс руу явж ажиллаж амьдарч байгаад буцаад 2022 оны 07дугаар сарын 19-ны өдөр Монголд ирсэн, ...манай хамаатны охин Г.Бигэрмаа хэн нэгэнд хэлэлгүй тус тоот хаалганы түлхүүрийг авч үлдсэн гэж бодож байгаа, ... Манай гэрт байдаг авдар нь ямар нэгэн цоожгүй тул ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. ... Манай гэрийн авдарт нийт 12,000 доллар байсан, намайг очиж үзэхэд 3,100 доллар үлдсэн, 8,900 доллар байгаагүй тул юу болсон талаар Г.Бигэрмаагаас асуухад надаас уучлалт гуйгаад би тус авдарт байсан доллароос 8,900 доллар авсан, үлдэгдэл доллар нь энэ байна гэж хэлээд бэлэн 2,000 доллар өгсөн...” /хавтас хэргийн 10-12 дахь тал/ гэсэн, гэрч Л.Өсөхбаярын “...Манай найз охин Бигэрмаа анх надад хэлэхдээ манай эгч Америк улс руу явсан, намайг гэр харж байгаарай гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн гэж хэлснээр бид хоёр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа тауны 204-43 тоотод 2022 оны 03 дугаар сарын сүүлээр амьдрах болсон. Энэ хугацаанд найз охин Бигэрмаа надад хэлэхдээ би сургуулийн тэтгэлэг 6,000 доллар авсан гэж хэлж байсан, бид хоёр доллар бага багаар Монгол мөнгөөр солиулж ойр зуурын хэрэгцээндээ зарцуулдаг байсан...” /хавтас хэргийн 16 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Г.Бигэрмаагийн “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үеэл эгч Г.Сарнайн гэрт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Викториа тауны 204-43 тоотод хамт хоносон. Маргааш нь буюу 03 сарын 20-ны өглөө онгоцонд суулгаж өгөхөөр гэрээс нь гарахын өмнө зурагтын тавиур дээр гэрийнх нь илүү түлхүүр байхаар нь хэн нэгэнд хэлэлгүй нууцаар аваад халаасандаа хийгээд гэрээс нь гарахад Г.Сарнай эгч мэдээгүй. Бид хоёр хамт Хөшигтийн хөндийд байрлах шинэ Нисэх буудал руу явж үеэл эгч Г.Сарнай эгчийг Америк улс руу явах онгоцонд нь суулгаж өгчхөөд би найз залуу Л.Өсөхбаярын 95778044 дугаарын утас руу нь залгаад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Викториа таун дээр уулзахаар тохиролцсон, уулзаад нагац эгч Л.Цэцэгмаагийн гэрт 204-43 тоотын гэрийн хаалгыг би хэн нэгний зөвшөөрөлгүй авсан түлхүүрээр нь түлхүүрдэн ороод тус тоотод 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл амьдарсан. Тус тоотод амьдарч байхдаа жижиг өрөөнд нь байдаг авдарт бэлэн их хэмжээний доллар байсныг нь би олоод хэн нэгэнд хэлэлгүй бага багаар авсаар байгаад нийт 8,900 доллар авсан...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 65-67 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.
Шүүгдэгч Г.Бигэрмаа нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа тауны 204-43 тоот хамаатан Л.Цэцэгмаагийн гэрт түр оршин суух хугацаандаа тухайн байрны унтлагын өрөөнд нь байх авдар дотроос 8,900 (найман мянга есөн зуу) долларыг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дагуу 27,848,100 (хорин долоон сая найман зуун дөчин найман мянга нэг зуу) төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Бигэрмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Г.Бигэрмаа нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Г.Бигэрмаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Цэцэгмаагийн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж, 8,900 (найман мянга есөн зуу) доллар буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дагуу 27,848,100 (хорин долоон сая найман зуун дөчин найман мянга нэг зуу) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хулгайлсан долларыг заримыг буцаан өгсөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210015911057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Бигэрмаа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Цэцэгмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Бигэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганбаатарын Бигэрмаад 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бигэрмааг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бигэрмаа зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210015911057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Бигэрмаа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Цэцэгмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бигэрмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бигэрмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР