Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Т ХХК-ий Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 141-р байр 6-6 тоотод оршин суух Ц овгийн Д ийн Ц,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 6-р байр 6 тоотод оршин суух Б овгийн Ц.Э нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13369435 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 225375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8  сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.М

Хариуцагч Д.Ц, Ц.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, Д.Д

Нарийн бичгийн дарга А.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т ХХК-ий Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ц, Ц.Э нар нь Т ХХК-ий Дундговь салбараас 2016 оны 12 сарын 14-ний өдөр “Хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлийн 220000436149 тоот гэрээ” байгуулан 15000000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй авсан болно. Д.Ц, Ц.Э нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчин удаа дараа банкны зүгээс очиж шаардлага тавьсан боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 45 хоногийн хугацаа хэтрүүлсэн болно. Иймд хариуцагч Д.Ц, Ц.Э нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 12729000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 639642 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 739 төгрөг, нийт зээлийн төлбөр 13369435 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, тэмдэгтийн хураамж 225375 төгрөг, нийт 13602810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Ц, Ц.Э нар нь Т ХХК-ий Дундговь салбараас 2016 оны 12 сарын 14-ний өдөр 15000000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлсэн. 2018 оны 7 сарын 30-ны байдлаар 45 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд хариуцагч Д.Ц, Ц.Э нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж, нийт 13602810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Ц.Э хамтаар Т ХХК-ий Дундговь салбараас 15000000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар үсчиний салоны тоног төхөөрөмж авч ахуй амьдралдаа зориулан зээлийг сар бүр хүүгийн хамт төлсөөр 2018 оны 6 сараас хойш төлж чадахгүйд хүрсэн. Учир нь нөхөр бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Мөн суудал түрээслэгчид цаг хугацаандаа түрээсээ төлөхгүй, байдал хүндэрч аймагтаа ажиллах хэцүү болж хот явж ажиллаж амьдрах болсон. Тогтвортой ажил хийж чадахгүй, цалин мөнгө авч чадахгүйн улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Би өрх толгойлсон 3 хүүхэдтэй болж үлдсэн. Т ХХК-аас нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж, нийт 13602810 төгрөгийг авсан нь үнэн учир төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ дээрх зээл нь манай гэрийн амьдрал ахуй байрны түрээс, салонд зарцуулагдсан. Иймд нөхөр Ц.Э -той хувь тэнцүүлэн хуваан төлөх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц нь 2018 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хот руу ажил хийхээр явж, намайг 2 хүүхдийн хамт орхиж явсан. 2 хүүхэдээ Дэлгэрхангай сум руу шилжүүлэн сургуульд суулгасан. Одоо би хамаатныдаа түр амьдарч байна. Миний бие цалингийн зээл төлдөг. Иймд миний зүгээс өгөх хөрөнгө мөнгө байхгүй. Тиймээс Д.Ц -аас зээлийн төлбөрийг гаргуулна уу гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т ХХК-ий Дундговь салбар нь Д.Ц, Ц.Э нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 13369435 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 225375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 сарын 14-ний өдөр, 60 сарын хугацаатай хариуцагч Д.Ц, Ц.Э нартай байгуулсан зээлийн гэрээний /хх-ийн 7-1-рт/ үүргийн биелэлтийг бүхэлд нь шаарджээ. Энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлтийг гэрээний хугацаа дуусахаас өмнө шаардах болсон үндэслэл тодорхойгүй байх ба хэрэгт ирүүлсэн бичгийн баримтаар “Зээлийн гэрээ”-ний 6 дугаар зүйлд заасан “Гэрээг дуусгавар болгох, гэрээг цуцлах” үндэслэл бий болсон нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч Д.Ц нь энэхүү зээлийн гэрээг байгуулж нэхэмжилж буй мөнгийг авсан үнэн тул хариуцагч Ц.Э -той хуваан төлнө гэх тайлбарыг гаргаж буй боловч хариуцагч Ц.Э нь уг зээлийг төлөхгүй гэж маргаж байна. Хариуцагч Д.Ц нь нэхэмжилсэн мөнгийг төлөх эсэх талаар маргахгүй байгаа  хэдий ч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар банкнаас тавьсан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй” тул зээлийн гэрээг цуцлуулж үүргийн биелэлтийг хангуулна гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар хариуцагч талд мэдэгдэж гэрээг цуцлаагүй, хариуцагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар банкнаас тавьсан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй талаар хангалттай нотлогдохгүй, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар шийдвэр гаргах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Т ХХК-ий Дундговь салбарын, Д.Ц, Ц.Э нараас 13369435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225375 /хоёр зуун хорин таван мянга гурван зуун далан тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                            Д.У