Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч Д.Дашзэвэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Боржигон овогт Дуйнхаржавын Дашзэвэгт  холбогдох эрүүгийн 2203004420412 тоот хэргийг 2022 оны 09 дүгээр сарын  30-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, 3 ял шийтгэлтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19-р хороо цайз 17-р гудамж 191 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Дуйнхаржавын Дашзэвэг (РД: ЙР74120916)

Холбогдсон  хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Дашзэвэг нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 00 цаг 50 минутын орчимд 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа тус вагоны үйлчлэгч ажилтай О.Хувьзаяагийн  “Хулан-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 355,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Д.Дашзэвэг нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 00 цаг 50 минутын орчимд 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа тус вагоны үйлчлэгч ажилтай О.Хувьзаяагийн “Хулан-21” загварын гар утсыг  хулгайлан авч 355,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт  нь:

1.Хохирогч О.Хувьзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн суудлын 273 дугаар галт тэргээр аялал хийгээд явсан.... Ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байсан бөгөөд шөнийн 00 цаг 50 минут орчим цагдаад дуудлага өгсөн... Тухайн үед би ажлын өрөөндөө өөрийн эзэмшлийн Хулан-21 загварын гар утсаа цэнэглээд ширээн дээрээ ил тавьсан байсан. Би Хөтөл өнгөрөөд дохио өгчхөөд ороод ирсэн чинь миний ажлын өрөөнд цэнэглэсэн гар утасны цэнэглэгчийг ширээн дээр үлдээгээд гар утас хулгайлаад аваад явсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн....миний гар утас хэвийн ажиллаж байна. Олж өгсөн цагдаагийн 2 алба хаагчид баярлаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13-р хуудас)

2.Гэрч Г.Баярмягмарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00 цаг 58 минутад Дархан өртөөн дээр ирсэн тэгээд  Дархан өртөөний пироны ойр орчимд 20-30 минут эргүүл шалгалт хийж байтал нэг хүүхэд ирээд Дархан өртөөн дотор нэг согтуу хүн гар утас зарна гээд дотор явж байна гэж хэлсэн. Гүйж ороод хартал 19 дүгээр вагонд зорчин явсан миний шалгасан иргэн Дархан өртөөн дотор хохирогчийн виза карт болон хулгайд алдагдсан гар утас зэргийг барьчихсан зогсож байсныг тогтоон илрүүлсэн болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-20-р хуудас)

3.Гэрч Д.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэргэнд хэв журмын ажил хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Г.Баярмягмарын хамт үүрэг гүйцэтгэхээр Улаанбаатар хотоос галт тэргээр хөдөлсөн..... Бэлэндалай өртөө өнгөрөөд 00 цаг 50 минутын орчимд 18 дугаар вагонд тухайн галт тэргэнд ажиллаж байсан галт тэрэгний үйлчлэгч Хувьзаяа нь Хулан-21 загварын гар утсаа ажлын өрөөнөөсөө хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл өгсөн... Дархан өртөөний пироны ойр орчимд 20-30 минут цагдаагийн дэслэгч Г.Баярмягмарын хамт эргүүл шалгалт хийж байтал нэг хүүхэд ирээд Дархан өртөөн дотор нэг согтуу хүн гар утас зарна гээд дотор явж байна гэж хэлсэн. Түүний дагуу Г.Баярмягмарын хамт гүйж ороод хартал 19 дүгээр вагонд зорчин явсан миний шалгасан иргэн Дархан өртөөн дотор хохирогчийн виза карт болон хулгайд алдагдсан гар утас зэргийг барьчихсан зогсож байсныг тогтоон илрүүлсэн болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас)

4. “...2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр.гар утас 1 ширхэг, Хаан банкны Виза карт 1 ширхэг хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 24-25-р хуудас),

5. Хөрөнгийн үнэлгээний “Файн Эстимэйт” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Эхлэл брэндийн Хулан-21 маркийн гар утас зах зээл үнэлгээ 355,000 төгрөг байна...” гэх үнэлгээний  тайлан  (хх-ийн 34-37-р хуудас),

6. Шүүгдэгч Д.Дашзэвэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энд ногоо хурааж дуусаад Дархан-Уул аймаг руу явсан. Жоохон архи уусан байсан нь миний буруу. Би тухайн үед тэр утсыг хэдийд нь яаж авснаа мэдэхгүй байна. Ногоо мах шөл авч яваад тэрэндээ хийсэн байсныг хүн хараад цагдаад өгсөн байсан. Билетээ бичүүлэх гэж вокзал дээр өөрөө би карттай байсан, өөрийнхөө утсыг барьсан байж байгаад цагдаад баригдаад, хотод цагдаад байцаагдаад цагдаа шөнө утас хурааж аваад тийм л юм болсон. Би өөрөө бас даралт зүрх муутай. Уухаараа бие мууддаг. Аваарт ороод тархиндаа гэмтэлтэй архи уухаар сонин болчихдог. Даралт ихэсдэг. Одоо тэр үед хүний юм аваад хохирол учруулсан юм чинь гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Та бүхний ажлыг хүндрүүлээд өөрөө бас ингээд явж байдаг. Би өдий 50 нас хүрэх гэж байна. Архи гэдэг муухай юмнаас боллоо. Та бүгд намайг уучлаарай  гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтууд  нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүгдэгч Д.Дашзэвэг нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 00 цаг 50 минутын орчимд 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа тус вагоны үйлчлэгч ажилтай О.Хувьзаяагийн  “Хулан-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Прокуророос шүүгдэгч Д.Дашзэвэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд Д.Дашзэвэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй  байгаа болно

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

   Гэмт хэргийн улмаас хохирогч О.Хувьзаяад 355,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь эд зүйлээ бүрэн хүлээж авсан гомдол, саналгүй гэсэн талаар баримтаа ирүүлсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (х.х-ийн 15-р хуудас)

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Д.Дашзэвэг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл  хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэжээ.

Шүүгдэгч Д.Дашзэвэгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасныг баримтлан Д.Дашзэвэгийг согтууруулах ундаа хэрэглэхийг 02 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Дашзэвэг нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Дашзэвэг нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн Шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 131 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 (нэг зуун ) цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ба нэмж нэгтгэх ялгүй болно. (хх-ийн 58-60-р хуудас)

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй   болно.

Хохирогч О.Хувьзаяа шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул  хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дашзэвэгт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Боржигон овогт Дуйнхаржавын Дашзэвэгийг хулгайлах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Д.Дашзэвэгийг согтууруулах ундаа хэрэглэхийг 02 жилийн хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Дашзэвэг нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Тэнсэгдсэн ялтан Д.Дашзэвэгт хяналт тавихыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дашзэвэгт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА