| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/1251/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1262 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1262
2022 10 11 2022/ШЦТ/1262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Р.Очирсүрэн,
шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Бөд холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.10.06-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн төвд 1975 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, дүү, дүүгийн хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Баруун Ард Аюуш 0-000а тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Овоотын 0-000в тоотод түр оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигин овогт Пгийн Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 45 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байрны 0-р орцны үүдэн дэх сандал дээр бүжгийн бэлтгэл хийж байсан хүүхдүүдийн тавьсан байсан хувцас үүргэвч дундаас А.Эгийн эзэмшлийн IPhone-XS маркийн гар утсыг хулгайлан авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл /х.х-9/,
- Хохирогч А.Эгийн “Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр дунд сургуулийн 12 ангийн сурагч бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хичээлийн цагаар буюу 10 цагийн орчимд ангийнхаа хүүхдүүдтэй бүжгийн бэлтгэл хийх газар олдохгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэн дээр ангийн 8 хүүхдийн хамтаар бүжгийн бэлтгэл хийхээр очсон. Тухайн үед 1 дүгээр орцны үүдэн дээр үл таних 45-50 орчим насны эрэгтэй хүн орцны шатан дээр сууж байсан ба бид нарыг бүжгийн бэлтгэл хийхийн хараад сууж байсан. Тухайн үед бид нар үүргэвч болон бусад эд зүйлсээ 1 дүгээр орцны үүдний сандал дээр тавьсан байсан. Мөн би тухайн үед өөрийн эзэмшлийн IPhone-XS маркийн гар утсаа сандал дээр тавьсан байсан бөгөөд бэлтгэлээ хийж байгаад хэсэг хугацааны дараа гар утсаа авах гээд сандал дээр очиход миний гар утас байхгүй мөн орцны үүдэн дээр сууж байсан 45-50 орчим насны ах байхгүй байсан. Тэгээд би тухайн ах миний гар утсыг авсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан.Тухайн хүн нь 45-50 орчим насны 168 см орчим өндөртэй, цэнхэр өнгийн цамцтай.ногоон эрээн өнгийн өмдтэй эрэгтэй хүн байсан. Миний гар утас алдсан утас IPhone-XS маркийн gold өнгөтэй ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй 64 gb багтаамжтай гар утас байсан” гэх мэдүүлэг /х.х-16-19/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 10 цаг 48 минутад Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байрны 0-р орцны үүд хэсгийн шатан дээр 40-50 орчим насны хар хөх малгайтай цамцтай, десант эрээн өмдтэй бор өнгийн гуталтай этгээд сууж байх ба түүний урд 8-9 тооны хүүхдүүд бүжгийн бэлтгэл хийж байгаа дүрс бичлэг байх ба тухайн этгээд газар суниаж байгаад бос ирэн тухайн хүүхдүүдийн эд зүйлсээ тавьсан байсан орцны үүдний сандал руу ойртон тухайн сандлаас ямар нэг зүйл авч халааслан цааш байран дундуур явсан дүрс бичлэг байв” гэх тэмдэглэл, тухайн бичлэгийг буулгасан компакт диск /х.х-44-45/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022.07.01-ний өдрийн Ц-1093 дугаартай “IPhone-XS маркийн, хуучин хэрэглэж байсан гар утас-600000 төгрөг” гэх тайлан /х.х-32-34/,
- Яллагдагч П.Бийн “Би 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 байрны 1 орцны үүдэнд архи уучихсан сууж байсан болохоор тухайн үедээ хүний хаячихсан утас байна гэж бодоод л авчихсан, тэгээд болчимгүй үйлдэл хийсэн байна. Тухайн гар утсыг Хар хорин зах дээр нэг хүнд 30000 мянган төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /х.х-40- 41/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч П.Бийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Б нь хохирогч А.Эгийн сандал дээр тавьсан байсан гар утсыг сэм хулгайлан авч явсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 600000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч А.Эгийн мэдүүлэг /х.х-16-19/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-44-45/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /х.х-32-34/, П.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Бийг шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Бийн хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн А.Эд мөнгөн дүнгээр 600000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч П.Б нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч А.Э нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг П.Бөөс шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч П.Б нь А.Эгийн гар утасны мөнгө болох 600000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн болох нь хохирогчийн хүсэлт /х.х-71/, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол төлбөрт бэлнээр 600000 төгрөг хүлээж авсан. гомдол саналгүй” гэх тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул П.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор бүрэн арилсан, П.Б нь бусдад төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч П.Б нь урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 2019/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсэн ба 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр БГД-ийн ШГА-ны 2021.07.06-ны 136-р тогтоолоор өршөөгдсөн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-51/, шийтгэх тогтоолын хуулбараар /х.х-54/ тус тус тогтоогдож байна. Иймд түүний урьд шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч П.Б нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж хохирогчийг гомдолгүй болгосон, бусдад төлөх төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч А.Э нь “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Пгийн Бийг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Пгийн Бөд 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид бэлнээр 600000 төгрөг хүлээлгэн өгсөн ба бусдад төлөх төлбөргүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Эгийн иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг П.Бөд мэдэгдсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг П.Бөд холбогдох эрүүгийн 22000000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ