Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/228

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Баатарсайхан нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Баатарсайханд холбогдох эрүүгийн 2215002720246 дугаартай 163/2022/0219/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Урианхай овогт Бархүүгийн Баатарсайхан, Завхан аймгийн Улиастай суманд 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэнэт Оргил” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 34 настай, эрэгтэй, урьд

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,......

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баатарсайхан нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат суманд үйл ажиллагаа явуулдаг “Есөн төгөл” нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Шагдартай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002720246 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Баатарсайхан нь “Эрдэнэт Оргил” ХХК-нд жолооч ажилтай бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат суманд үйл ажиллагаа явуулдаг “Есөн төгөл” нэртэй амралтын газарт хамт олноороо Барилгачдын баяр тэмдэглэх зорилгоор очсон байна. Оройн 21 цагийн үед тус компаний ажилтан Дамдин найз Т.Шагдарын хамт ирсэн бөгөөд, шүүгдэгч Б.Баатарсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Шагдартай караоке-д дуулах, асуудлаас болж маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь нэг шүд унасан, дээд уруул дээр нэг тооны зулгаралт, дээд уруул, доод эрүүний зүүн талд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Т.Шагдарын “...Манай найз Дамдин нь Эрдэнэт оргил гэх нэртэй барилгын компанид ажилладаг юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат суманд байдаг Есөн төгөл гэх нэртэй амралтын газарт манай найзын ажлын хамт олон барилгачдын баяр тэмдэглэж байгаа гэхээр нь найзынхаа хамтаар Булган аймгийн Бугат суманд байдаг Есөн төгөл нэртэй амралтын газарт очоод найзынхаа хамтаар уг амралтын газрын караоке өрөөнд сууж байсан чинь гаднаас Баатарсайхан гэх залуу нэлээн согтуу орж ирээд манай найз Дамдин руу энэ пиздагууд юу юм гээд манай найз руу дайрахаар нь би тэр хоёрыг салгах гээд босох гэтэл миний нүүр рүү тэр Баатарсайхан гэх залуу нэг удаа өшиглөсөн чинь тэнд баярлаж байсан Баатарсайханы хамт олон нь Баатарсайханыг татаж аваад караокены өрөөнөөс аваад гарсан .Тэгсэн миний аман дотор шүд уначихсан шүдний буйл уруул хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

2. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №669 дугаартай “...Т.Шагдарын биед нэг шүд унасан, дээд уруул дээр нэг тооны зулгаралт, дээд уруул, доод эрүүний зүүн талд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг шүд унасан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 5% байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

3. Яллагдагч Б.Баатарсайханы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Дамдин тэр танихгүй залуу хоёр орж ирээд караокед дуулаад байсан. Тэгсэн манай ажлын хүүхнүүд дуулна гэхэд дуулуулахгүй тэр хоёр дуулаад байхаар нь тэр танихгүй залууг манай баяр болж байна наад микрофоноо өгөөч гэж хэлсэн чинь тэр танихгүй залуу юу гээд байгаа пизда вэ гээд босоод ирэхээр нь би бас сууж байсан сандлаасаа боссон чинь Дамдин босож ирээд чи ийм том болчихсон юм уу гээд тэр хоёр над руу дайраад байхаар нь би тэр танихгүй залуугийн нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөчхөөд караокены хаалганы хажууд очоод гараад ир нэг нэгээрээ зодолдчих уу гэж хэлсэн чинь Дамдин чи манай найзын шүдийг цохичихсон байна ш дээ гэсэн. Тэгтэл тэр залуугийн уруулын хажууд цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Шагдарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 669 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Баатарсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн болон шүүгдэгчийн байр суурь зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Б.Баатарсайхан нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат суманд үйл ажиллагаа явуулдаг “Есөн төгөл” нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Шагдартай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь нэг шүд унасан, дээд уруул дээр нэг тооны зулгаралт, дээд уруул, доод эрүүний зүүн талд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Баатарсайханы гэм буруутай үйлдэл, хохирогч Т.Шагдарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Б.Баатарсайханы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Баатарсайхан нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгчийн зан төлөвшил зэрэг нөхцөл байдлууд нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.

Шүүгдэгч Б.Баатарсайханы нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Баатарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.Баатарсайханы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Т.Шагдар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч Б.Баатарсайхан нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг төлсөн /хавтаст хэргийн 48 дахь тал/ ба хохирогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй” гэсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хавтаст хэргийн 49 дэх талд авагдсан хохирогчийн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Баатарсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Баатарсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Баатарсайханы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Баатарсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 43-45, 51, 53-54 дэх талд авагдсан эд хөрөнгийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шалгах хуудас, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, ......тоотод гэр бүлийн хэрэгцээний газартай зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Баатарсайхан нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, ....... тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Баатарсайхан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4/123 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Баатарсайханы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Баатарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баатарсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Б.Баатарсайхан нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Шагдар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Бархүүгийн Баатарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатарсайханыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баатарсайхан нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баатарсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Баатарсайхан нь хохирогч Т.Шагдарт 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ