Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1264

 

2022         10           11                                    2022/ШЦТ/1264

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: У.Анхжаргал,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022.10.04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Ховд суманд 1980 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа худалдаа хийдэг гэх, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Шинэ хотхон 0-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Зазгар овогт Тын Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд байрлах гэртээ хамтран амьдрагч Д.Аийг хардалтын улмаас цохиж зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Хохирогч Д.Аийн 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өгсөн “Би тухайн үед нөхөртэйгөө маргалдсан уурандаа арай хэтрүүлээд мэдүүлэг өгчихсөн юм. Манай нөхрийн том охин 2022 оны 2 дугаар сард өнгөрсөн юм.. тэрнээс хойш манай нөхрийн сэтгэл санааны байдал нь тогтворгүй, хямардаг болчихсон. Тухайн хэрэг гарсан өдөр би “охиныхоо толгойг залгисан биз дээ” гээд хэлчихсэн чинь манай нөхөр уурлаад намайг зодсон...******* нь тухайн хэрэг болсон өдөр намайг алахыг завдсан, заналхийлсэн үйлдэл хийгээгүй, намайг үсдэж хэдэн удаа л цохисон, намайг машинд суулгах гээд өргөөд байхаар нь би суухгүй гээд орилж байхдаа газар унасан. Тухайн өдрөөс өмнө ******* намайг зодож байгаагүй, том охиноо алдаад удаагүй байгаа болохоор бид 2-ын сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байгаа, хааяа маргалдах асуудал гарч, бие биедээ урлаж тунирхдаг болсон. Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй болохоор цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг зодож, надад гар хүрсэн болохоор би уурандаа *******т гомдоод чадах гээд тэгээд хэтрүүлэгтэй хэлчихсэн юм. Эр нөхрийгөө арай л аймаар хэлчихсэн байна билээ. Тэгж хэлсэндээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. Тухайн өдөр над руу Батсуурь гэх хүнээс шүлэг шиг урт чат ирсэн, дээр нь би зүрх дарчихсан байсныг манай нөхөр санамсаргүй харсан байсан, тэгээд надаас “энэ хэн юм, юун хайрын шүлэг явуулчихсан юм” гэхээр нь би “танихгүй мэдэхгүй” гэхэд ******* танихгүй юм бол яахаараа зүрх дардаг юм гээд утас аваад гарсан, энэ асуудлаас болж л маргаан эхэлсэн” гэх мэдүүлэг /х.х-18-19/,

- Гэрч Э.Нын “2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үсийг нь зулгаасан байдалтай үс нь арзайчихсан, нүд нь, эрүү нь хөхөрчихсөн, амьсгалахаар хавирга нь өвдөөд байна гэсэн” гэх мэдүүлэг /х.х-26-27/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №8274 дугаартай “Д.Аийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвууны долоовор хуруунд шарх, эрүү, баруун хацар, зүүн бугалга, зүүн шуу, баруун сарвуу, баруун шуу, хэвлий, ууц, зүүн гуянд цус хуралт, ууц, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-45-46/,

- Яллагдагч *******ын “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр манай эхнэрийн гар утсанд Батсуурь гэх фейсбүүкийн чаатнаас хайрын шүлэг шиг урт чат ирсэн байсан юм. Тэгэхээр нь энэ юу юм бэ яагаад чи хүн доромжлоод байгаа юм бэ гээд утсыг нь авсан юм. Тэрнээс болж тухайн үед Д.А бид хоёрын хооронд маргаан үүссэн” гэх мэдүүлэг /хх-167-170/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь 3 хүүхэдтэй, хохирогч Д.А нь 1 хүүхэдтэй 2018 оноос хойш хамтран амьдарч байгаа ба 2019 онд дундаасаа ихэр охид төрүүлж өсгөсөн болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-11-12/ гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-144-149/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар *******, Д.А нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд байрлах гэртээ хамтран амьдрагч Д.Аийг хардалтын улмаас зодож цохисны улмаас түүний бие махбодид “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвууны долоовор хуруунд шарх, эрүү, баруун хацар, зүүн бугалга, зүүн шуу, баруун сарвуу, баруун шуу, хэвлий, ууц, зүүн гуянд цус хуралт, ууц, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх ба энэхүү үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.А нь “*******тай эвлэрсэн, хамт амьдарч байгаа. нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1121 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар буюу хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг гэр бүлийн харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэж, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлж байсан, хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 3 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, мөн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, шийтгэх тогтоолуудын хуулбар, давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, хяналтын шатны шүүхийн тогтоолын хуулбар, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-67-105/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь шүүхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул ялын тооцоогүй болсон байна.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  Харин эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Д.А нь хавтаст хэргийн материалтай танилцаад “нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан /хх-173/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх *******ын гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, урьд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэргийн улмаас хорих ял шийтгүүлж, тухайн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй, засарч хүмүүжээгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүхэд олгосон эрх мэдлийн хүрээнд өнөөдрийн шүүх хуралдаанаар оногдуулсан торгох ял дээр нэмж энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч *******ын гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг судалж үзээд шүүгдэгч *******, хохирогч Д.А нарын хэн алиныг хуульд заасан үйлчилгээнд хамруулахыг харьяа дүүргийн Засаг даргад мэдэгдэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зазгар овогт Тын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Зазгар овогт Тын Эт 1350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар *******т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял дээр нэмж энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч *******т оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солих ба шүүхээс оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна гэдгийг *******т мэдэгдсүгэй.

9. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 1.6-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 00 дугаар хорооны Шинэ хотхон 0-00 тоотод оршин суух *******, Д.А нарыг хуульд заасан арга хэмжээнд хамруулж мэдээ мэдээллээр хангах ажлыг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн 00 дугаар хорооны Засаг дарга Д.Ст мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ