Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1186

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч О.Эрхэмбаяр, шүүгдэгч С.Б***, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар *** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1149 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х*** овгийн С***ийн  Б*** , 1965 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа ***  хийдэг ажилтай, ам бүл хоёр, охины хамт Улаанбаатар хот, ***  дүүргийн ***  дугаар хороо, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягтай боловч одоогоор *** дүүргийн *** дугаар хороо, З*** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Б*** нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ***  дүүргийн 10 дугаар хороо Өгөөж худалдааны төвийн үүдэнд хуучин хамтран амьдарч байсан ***-тай “хүүхдээ орой ганцааранг нь явууллаа” гэж маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, мөр бугуйнаас нь базаж, гуян тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зулай, дагзны үсний халцрал, хуйханд цус хуралт, зүүн мөр, бугалга, гуя, баруун гуя, тавхайн ар хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х***овгийн С***ийн  Б***  нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ***  дүүргийн 10 дугаар хороо Өгөөж худалдааны төвийн үүдэнд хуучин хамтран амьдарч байсан ***-тай “хүүхдээ орой ганцааранг нь явууллаа” гэж маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, мөр бугуйнаас нь базаж, гуян тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зулай, дагзны үсний халцрал, хуйханд цус хуралт, зүүн мөр, бугалга, гуя, баруун гуя, тавхайн ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, ***  дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, хохирогч ***-ийн“...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч Золжаргалын хамт Баянхошууны эцэс дээр ирээд Өгөөж захын үүдэн дээр зогсож байтал өмнө нь надтай хамт амьдарч байсан С.Б*** гэх залуу над дээр хүрч ирээд хүүхдээ орой ганцааранг нь явууллаа гэж хэлээд над руу уурлаад байхаар нь өөдөөс нь ганц хоёр үг хэлээд бага зэрэг хэрүүл маргаан болоод байж байснаа бас Золоотой хардаад намайг нүүрэн тус газар олон удаа цохиод, үсдээд машин руу чирч оруулаад бас нүүрэн тус газар олон удаа цохиод хөл рүү өшиглөсөн. Тэгээд арай гэж салаад зугтаасан. Тухайн үед хамтран амьдрагч Золоо согтуу юу болсон талаар нэг их анзаараагүй. Намайг Өгөөж дэлгүүрийн гадаа зодохыг бол мэдэх байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7667 дугаартай “...Х.Г***-ийн биед зулай, дагзны үсний халцрал, хуйханд цус хуралт, зүүн мөр, бугалга, гуя, баруун гуя, тавхайн ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23,24 дэх тал/, яллагдагч С.Б***ын “...Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ***  дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өгөөж худалдааны төвийн орчим хуучин хамтран амьдардаг ***-тай тааралдсан ба тухайн үедээ 8 настай хүүхдийг шөнө 22-23 цагийн орчимд ганцааранг нь явуулсанд уур хүрээд би Х.Г***-г цохиж биед нь хөнгөн гэмтэл шарх учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч С.Б*** нь яллагдагчаар: “...Би хийсэн үйлдэлдээ маш гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэж (хавтаст хэргийн 53 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй, хохиролд 152,000 төгрөг төлсөн байгаа...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

​​​​​​​3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б*** нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7667 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б***ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч ***-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч С.Б***ын хохирогчийн нүүр, гуяны хэсэгт гар, хөлөөрөө цохиж зодсон үйлдэл болон хохирогч ***-ийн эрүүл мэндэд учирсан “зулай, дагзны үсний халцрал, хуйханд цус хуралт, зүүн мөр, бугалга, гуя, баруун гуя, тавхайн ар хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​5.Хохирол, хор уршиг

Хохирогч Х.Г*** нь эмчилгээтэй холбоотой баримт өгөөгүй байх тул шүүгдэгч С.Б***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, хохирогч Х.Г*** эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​1.Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч С.Б***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн хувьд маргаангүй. Хохирогч нь гомдол саналтгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгчийн хувьд сард 1.500.000 төгрөгийн цалин хөлстэй, хүүхэдтэйгээ хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангийн хамгийн доод хэмжээгээр болох 450 нэгжээр торгож өгнө үү...” гэв.

​​​​​​​2.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Б*** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал),  тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал),  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 34 дэх тал),  С.Б***ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 35, 36 дахь тал), хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал),   эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (хавтаст хэргийн 49, 50 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 42-47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б***т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч С.Б***т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

​​​​​​​3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х***овгийн С***ийн  Б*** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б***т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б***т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б***т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА