Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/277

 

 

 

 

        

   2022        10            07                                      2022/ШЦТ/277

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                    201

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр, 

Шүүгдэгч Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Э-т холбогдох эрүүгийн 2238000000563 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, Н.Э-,

Шүүгдэгч Н.Э- нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод 2 дугаар багийн нутагт 2022 оны 01 дүгээр сарын 20-дын үеэр зохих зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд мод бэлтгэж экологи эдийн засагт 951.406 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э- нь малын хашаа барих зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 20-дийн үеэр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод 2 дугаар багийн нутаг “Хандгайтын тариатын мод толгой” гэх газраас 11 ширхэг буюу 1.65 м3 шинэс төрлийн босоо нойтон модыг Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр унагааж, өөрийн өмчлөлийн хээр зүсмийн мориор цагаалж бэлтгэн, ойн санд 2.854.220 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар тал/,
  • Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр тал/,
  • Шүүгдэгч Н.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нэг тооны хээр зүсмийн морь, 1.65 м3 хэрэглээний нойтон шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-17 дугаар тал/,
  • Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг никель банкны тагтай, дунд хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг сумын орон нутгийн орлогын дансанд тушаалгаж өгнө үү. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,
  •  Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сумын Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн иргэдийг нутаг чөлөөлөх ажлаар явах замдаа хяналт шалгалт хийхэд Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг “Хандгайтын тарилгын мод толгой” гэх газар хяналт шалгалт хийхэд Н.Э-ын өвөлжөөний хашаан дээр хууль бусаар бэлтгэсэн нойтон мод байсан ба баталгаажуулж зургийг нь авч явсан. Намайг очиж шалгахад 8 метр 40 см урттай 4 ширхэг, 3 метр 80 см урттай 3 ширхэг, 4 метр 30 см урттай 4 ширхэг нийт 11 ширхэг модоор малын хана хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
  • Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн инженер Ц.Т-ны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай: "1. Цэцэрлэг сумын 2 дугаар багийн “Хандгайтын тариатын мод толгой” гэх газарт бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтаар шинэс мод бэлтгэсэн 3.8 метрийн урттай 3 ширхэг дүнз, 8.4 метрийн урттай 4 ширхэг дүнз, 4.3 метрийн урттай 4 ширхэг дүнз мод болох нь тогтоогдов. 2. Уг мод нь хэрэглээний мод мөн. Уг мод бэлтгэсэн гэх газар нь 1 дүгээр мужид хамаарагдаж байна. 3. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.4.2-ийг тус тус зөрчсөн байна. Экологи эдийн засгийн үнэлгээ тооцож гаргав. ...ойн нөөцийн төлбөр 1-р муж, 1м3 шинэс модны үнэ төгрөгөөр 320339, итгэлцүүр гуалин мод 1,8 модны хэмжээ 1.65 м3 экологи эдийн засгийн үнэлгээ 951406,83 төгрөг. ...4. Цэцэрлэг сум “Хандгайт тарилгын мод толгой” гэх газарт бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2020 оны А/176 тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. 5. “Хандгайт тарилгын мод толгой” гэх газар нь тусгай хамгаалалтанд хамрагдаагүй” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 39-41 дүгээр тал/,
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.О-н 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн: “...Яллагдагч Н.Э-ын ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход нийт 2.854.220,49 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/,
  • “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-922/4597 дугаартай: “...үнэлэгдэж буй нэг тооны нас нийлсэн морины нийт зах зээлийн үнэ цэнийг одоогийн байдлаар 1.200.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 51-53 дугаар тал/,
  • “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн ТХҮ-922/4596 дугаартай: “1 ширхэг цахилгаан хөрөөг 100.000 төгрөг”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-60 дугаар тал/,
  • Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн ТХҮ-922/4598 дугаартай: “1.65 м3 хэрэглээний шинэс модыг 132.000 төгрөг”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-67 дугаар тал/,
  • Шүүгдэгч Н.Э-аас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын татварын торгуулийн 100171800952 тоот дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 94 дүгээр тал/,

Шүүгдэгч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: ”...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Манайх өвөлжөөн дээрээ өвөлжиж байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг “Хандгайтын тариатын мод толгой” гэх газар луу хонины хашааны мод хийхээр ганцаараа явсан. Модонд очоод хужаа хөрөөгөөр 11 ширхэг босоо мод огтолж унагааж 11 ширхэг мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо өөрийнхөө хээр зүсмийн мориор цагаалж өвөлжөөнийхөө хашаан дээр авчирсан. Миний мод бэлтгэсэн газар болохоор манай өвөлжөөний хашаанаас 200 орчим метрийн зайтай газраас л модоо бэлтгэсэн юм. ... Тэр үед тэнгэр хангай муудаад зав муутай сумын төв рүү явж чадахгүй байж байгаад гоожин авч чадаагүй юм. ... Ганцаараа бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар тал/,
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр тал/,
  • 2021 оны жилийн эцсийн мал тооллогын баримт /хх-ийн 85 дугаар тал/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 86 дугаар тал/,
  • Н.Э-, С.М- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 87 дугаар тал/,
  • Э.Э-, Э.Э- нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 88-89 дүгээр тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг, нөгөө талаас нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд байгаль орчныг хамгаалах талаарх хууль, тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Н.Э- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Н.Э- нь малын хашаа барих зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 20-дийн үеэр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод 2 дугаар багийн нутаг “Хандгайтын тариатын мод толгой” гэх газраас 11 ширхэг буюу 1.65 м3 шинэс төрлийн босоо нойтон модыг Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр унагааж, өөрийн өмчлөлийн хээр зүсмийн мориор цагаалж бэлтгэн, ойн санд 2.854.220 төгрөгийн хохирол учруулан     “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Н.Э-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 2.854.220 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э-аас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын татварын торгуулийн 100171800952 тоот дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 94 дүгээр тал/ хэрэгт авагдсан байх тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар төрийн сангийн 100171800952 тоот данснаас 500.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, экологи-эдийн засагт учруулсан 2.854.220 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, үлдэх 2.354.220 төгрөгийн хохирлыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгч Б.Г-тай эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 91-92 тал/, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 98 тал/, улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Н.Э- нь экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.854.220.49 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлж барагдуулсан ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны морийг худалдан борлуулж экологи-эдийн засагт учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулах, үлдэгдэл 2.354.220 төгрөгийг шүүгдэгч Н.Э-аас гаргуулах” санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг харгалзан шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч Н.Э-т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Э- нь ойн санд учруулсан 951.406 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.854.220.49 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэйгээс 500.000 төгрөгийн хохирлыг төрийн сангийн 100171800952 тоот дансанд оруулсан байх тул уг 500.000 төгрөгийг төрийн сангийн 100171800952 тоот данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах, үлдэх 2.354.220 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 951.406.83 төгрөгийн үнэлгээтэй 1.65 м3 шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулахыг,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Н.Э-ын өмчлөлийн 1.200.000 төгрөгийн үнэлгээтэй 1 тооны нас нийлсэн хүрэн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг уналгыг хураан авч худалдан борлуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар экологи-эдийн засагт учруулсан 2.354.220 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг никель банкны тагтай, дунд хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1  ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. 

Шүүгдэгч Н.Э- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Н.Э-аас байгаль экологид учруулсан хохирол нийт 2.354.220 (хоёр сая гурван зуун тавин дөрвөн мянга хоёр зуун хорь) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
  5. Шүүгдэгч Н.Э-ын төрийн сангийн 100171800952 тоот дансанд тушаасан 500.000 (таван зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй. 
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Н.Э-ын өмчлөлийн 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээтэй 1 тооны нас нийлсэн хүрэн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг уналгыг хураан авч худалдан борлуулж, экологи-эдийн засагт учруулсан хохирлоос үлдэх 2.354.220 (хоёр сая гурван зуун тавин дөрвөн мянга хоёр зуун хорь) төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 1.65 м3 хэмжээтэй шинэс төрлийн 951.406 (есөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун зургаа) төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний шинэс модыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг никель банкны тагтай, дунд хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1  ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  9. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР